Nov 12, 2008

Эмнэлэг



Хөгшөөн өлсөөд яг үнэг гүйцэх нь ийшээ орж нэг юм идчихээд гаръя

Өө тэгье юу идэх вэ хоёулаа ?? Уудагаар нь цуйван гусах уу ???

Өө тэр чинь ёстой янзтай .... Хоёр аяга цайтай

Миний хүү малгай өмсөөд гараарай ...

Ээж ээ,хайран гелдсэн үс муухай болчих гээд байна аа ...

Өнөөдөр би эмнэлэгт дөрөв дахь өдрөө аавыгаа сахиж байна.Эмнэлэг гэдэг буянтай газар юм , гэсэн мөртлөө харгис байшин юм даа.Аав маань Бээжингээр дайрч Энэтхэг явах замдаа хальтарч унаад тархиндаа хөнгөн гэмтэл авчээ.Аз болоход би Бээжинд сурдаг болохоороо өөрөө аавыгаа сахиж сууна.Эмнэлэгт 4 хоноход 6000 юань,сая гаруй төгрөг гарчээ.Сингапур,Япон мэтийн орнуудтай харьцуулахад энэ бол хэд дахин хямдхан үнэ л дээ, гэтэл бидний хувьд бол бас чамгүй л мөнгө.Энэтхэг,Африкийн орнуудад харин энэ бол тэнгэрт хадсан үнэ.Аль ч улс байсан, ямар ч үнэтэй байсан харсаар байтал нүдэн чинь төрүүлж өсгөсөн эцэг эхийн чинь нэг нь зовж шаналаад хэвтэж байвал хэн ч сүүлийн ганцаа шавхах л болно.Гарцаа байхгүй тэгэх хүн олон байгаасай.Чиний халааснаас сарын чинь цалин сараар биш өдөр өдрөөр урсана.Чиний ядуу зүдүү амьдрал,аргагүй байдал тэр эмнэлгийн хэнбугайд ч хамаа байхгүй.Тэр нь ч зөв.Учир нь ийм хүмүүс хэтэрхий олон.Хүн бүрт туславал эмнэлэг хүнээ эмчилж чадахаа болиход хүрнэ.Хүн гэдэг амьтан мөнгөний төлөө насан туршдаа бүх юмаа золиосонд гарган зүтгэнэ,юм бүхний түрүүнд эрүүл мэндээ золиосонд гаргана.Харин эцэст нь бүх олсон мөнгөө эмчилгээнд зориулна.Химийн хортой үйлдвэрт ажиллахад энгийн үйлдвэрт ажиллахаас бараг нэг дахин илүү цалин авна.Ихэнхдээ залуучууд үүнийг нь хийнэ.”Аа яадаг юм залуу хүн яав л гэж”....

Миний аав 4 жилийн дараа 50 нас хүрлээ.Наснаасаа хэт залуу харагддаг аавыгаа 50 хүрнэ гэхээр итгэхэд хэцүү санагдаж билээ.Би өмнө нь 50 настай хөгшнийг өвөө гэж боддог байлаа.Манайд бол өвөө л гэдэг л дээ.Угаасаа монголчууд дундажаар 60 гаруй л насладаг улс юм чинь.Гэтэл Япон,Англид үүнийг бол эд юм хийдэг насандаа дээрээ яваа гэх юм. ”Үхсэн ч махаа зулгааж,сүүтэй цайгаа ууж байгаад л үхнэ дээ” гэж зарим хүн үнэнээсээ ч яриад байгаа юм уу,нэг бол гайхуулаад ч байгаамуу их л бахархаж ярих юм.Амьд явах 10 жилийн насаа мах,сүүхэнд л өгчих юм даа.

Энэ хэдэн мөрийг бичсэн минь ердөө ганц л зорилготой билээ.Хайртай эцэг эх,ах дүү,найз нөхөд,ирээдүйн үр хүүхэд эхнэр нөхөр за яахав бас өөрийнхөө төлөө өнөөдөр бага залуугаасаа эрүүл мэнддээ анхаарцгаая.

20 настай сайн сэтгэлт нэгэн залуугааас ......

“Жүжиг”



Өвлийн хүйтэн шөнө хүүрийн газар очиж үзээрэй.Тэнд чөтгөр шулам,сүнс хий үзэгдэл аль нь ч байхгүй.Тэнд нэг л юм байгаа.Энэ бол мөнх бус ертөнц.Тийм ээ та тэр газраас хорвоо ертөнц мөнх бус гэдгийг олж мэдэх болно.Найз минь чи өнөөдөр яг юунд санаа зовж,сэтгэлээ шаналгана вэ ??? Мөнгө,сургууль,ажил төрөл үү ??? Эсвэл чиний шунал чинь чамайг өнөөдөр зовоож байна уу ??? Хүссэн хүсээгүй чи маш хурдан бүх юмаа орхин,хүйтэн салхи салхилсан энэ зэхүүн өвлийн шөнө юу ч болоогүй мэт чимээгүйхэн дүнсийх эдгээр чулуудын аль нэгэнтэй нь хаяа холбох болно.Чи тэр үед энэ чулуунуудтай нэг зүйлээрээ маш адилхан байх болно.Юу гээч ?? Энэ чулуунууд шөнө бүр нэг зүйлд харамсан чулуун нулимс унагацгаадаг.Тийм ээ тэд нэг зүйлийг ор тас мартсандаа харамсаж ингэж уйлдаг юм.Тэр бол хорвоо дээр хамгийн хайртай хүмүүсээ хайрлахаа мартсан явдал юм. Яана аа ??? Хүүхэддээ сайхан амьдрал эд хөрөнгө үлдээх гэж насаараа зүтгэжээ,бүр сөхөрч унатлаа зүтгэж, гэтэл хүүхдээ хайрлахаа мартчихаж.Эцэг эхийнхээ ачийг хариулахаар зориг шулуудан алсын замд гарчээ,энэ л жинхэнэ жаргал мөн гээд халтар мөнгө тэврээд иртэл харин буурлууд минь чулуу болж хувирсан байлаа.Тэгээд энэ газар ирснийхээ дараа сая санаад цурхиран уйлж байгаа нь энэ.Далай дотор ургасан сарнай цэцэг хатаж үхэх үед далай нулимсандаа согтон уйлах мэт.

Байз.Та нар ингэхэд ямар нэг юм мартаад байгаа юм биш биз ???Харин би бол байнга мартаж явж ээ.Бүр алхам тутамдаа,гишгэх тоолондоо.Найз найз гэчихээд найзуудаа мартаж явж.Хайртай хайртай гэчихээд найз охиноо тэврэхээ мартчихаж.Ганц хүү нь ганц хүү нь гэчихээд ээж рүүгээ ганц утсаар яриагүй л явна.Би сайн найзуудтай.Бид уудаг,уулздаг,утсаар ярьдаг тийм ээ бид байнга холбоотой л байдаг.Гэхдээ үнэн сэтгэлийн үгсээ хуваалцахаа мартчихаж.Зүгээр л өглөө хичээлдээ явахдаа түлхүүрээ ширээн дээрээ мартаад явчихдаг шиг үүнийг мартаж орхиж.Гэтэл энэнгүйгээр хэн ч сайн найзууд биш.Тийм ээ би найзуудаа мартчихсан байсан байна.

Өнөөдөр сайн найзууд минь энд цуглажээ.Үнэнээсээ ярья найз нь.Сайхан буу халъя.Хорвоо гэдэг жүжгийнхээ тайзнаас түр бууж ирлээ.Нүүрнээсээ багаа авч өөдгүй ч гэсэн үнэн төрхөндөө орох хэрэгтэй болж.

Өнөөдөр юу ч битгий бод уух нь уусан шиг ууцгаа,ярих нь ярьсан шиг ярьцгаая.Бүгд жүжгийнхээ тайзнаас түр зуур буугаад ир.Тайзны ар талын жижигхэн ширээ тойрч суугаад түр зуур завсарлацгааж байна гэж бодоцгооё.Багаа аваад ширээн дээрээ тавьчих,будгаа арилгаад нүүрээ угаачих.Дараагийн жүжиг эхэлтэл түр зуур амарцгаая.Жүжгийнхээ талаар ч юм уу,юуны ч талаар юм үнэнээсээ ярилцацгаая.Яадгийн хамаагүй тэнэгтье,бүүр бүжиглье л дээ.Ер нь үзэгчид бол новшнууд гээд хэлцэн ч яадаг юм.Тэртээ тэргүй биднийг одоо хэн ч харахгүй,хэн ч сонсохгүй.Энд сайн хүн хэрэггүй ээ, хоншоортой найз, жинхэнэ эр хүн,бусдыг хайрлаж өрөвддөг ер нь аль нь ч хэрэггүй.Энд зөвхөн байгаагаараа байгаа хүн л хэрэгтэй. Хэрвээ чадахгүй бол явж жүжгийнхээ аль нэг дүрд тоглосон нь дээр.Муу нь ч байсан хэрэгтэй.Адгийн новш байсан ч хэрэгтэй.Хэрвээ “Чи” л мөн бол бүгд хэрэгтэй.Зөвхөн бусдад л сайхан харагдахын төлөө өмсдөг гоё ганган хувцсаа бүгдийг нь одоо үүдэнд тайлаад тавьчих.Бусдад таалагдах гэж гаргадаг үнэнч,шудрага,энгийн,хатуу,энхрий ялдам зангаа бүгдийг нь ялгаагүй тэнд хая.Маш богинохон хугацаанд ч гэсэн хүн байх боломж өөрсдөдөө олгоцгооё.Учир нь хорвоо гэдэг өөрөө жүжиг юм.Харин хүн бид бүгд жүжигчид билээ.Энэ жүжигт хэн чадварлаг тоглосон нь азтай,жаргалтайд тооцогдоно.Ялгаагүй тэд ч өөрсдийгөө тэгэж бодно.Харин хэн ч жүжиг удахгүй төгсөнө гэдгийг мэдсээр байж түүний талаар бодохыг үл хүснэ.Хүүхэд анх төрөхдөө хүнээрээ төрдөг ажээ.Тийм учраас тэд өчүүхэн ч жүжиглэж чаддаггүй.Харин томрох тусам түүнийг бага багаар жүжигт сургана.Өдий том болчихоод”Хүн” ээсээ салж чаддаггүй,муухан жүжиглэдэг нэгнийг гадарладаг зарим нь “хүн” , бусад нь харин “адгийн новш” гэнэ

Хэн нэг нь буруу ойлгох вий.Би энд “Жүжиг” , хуурамч зан бол буруу муу муухай гэж огт хэлээгүй шүү.Би өөрөө ч дэндүү жүжигчин бөгөөд учир нь энэнгүйгээр бидний энэ хорвоо өөрөө утгагүй зүйл юм.

За энэ яахав би ярих гэж байсан юмнаасаа хазайчихлаа.Та бүхэнд би саяхан тоглосон хэдэн жүжгийнхээ сониноос хуваалцъя.

”Найз” гэдэг богинохон жүжигт тоглолоо би.Энэ жүжигт миний үүрэг бол түүний хамгийн сайн найз нь болох юм л даа.Танилцаад би түүнтэй ганц шил юм хувааж уулаа,архины мөнгийг нь өөрөөсөө төлж “Анд минь чамтай танилцсандаа баяртай байна” гэж хэлээд их л бодлогшронгүй царай гаргаж үзлээ, тэр намайг дажгүй эр хүн гэх юм ?? Хэрэгтэй үед нь түүнд мөнгө зээлүүллээ “Хэзээ ч эргүүлж өгч болно,найзуудын хооронд битгий санаа зов” гэж хэлээд хөнгөхөн инээмсэглэл хавчуулж үзлээ , тэр намайг хоншоортой найз гэх юм ?? Найз охиноосоо салаад хэцүү байх үед нь тайтгаруулж хамт байж өглөө,ихэд зовж шаналж байгаа дүр үзүүлэн “Үүнээс сайхан нь чамайг гээд ирнэ,эр хүн ийм юманд толгой гудайхгүй шүү” гэж хэлээд мөрөн дээр нь алгадлаа , одоо түүний хувьд би хамгийн сайн найз нь.Яахав оногдсон дүртээ дажгүй л тоглочих шиг боллоо.Хэхэ жүжиг юм чинь дээ.Тэгвэл жинхэнэ найз гэж юу юм бэ ??? Би нэг сайхан томъёолох гээд үзье.

Надад бол тайзны ард найз байж чаддаг андууд бол жинхэнэ найз билээ.Адгийн новш байж чадсаных нь төлөө түүнийг найзаа гэж итгэдэг бол тэр нь жинхэнэ найзын сэтгэл билээ.Учир нь тэр зөвхөн чиний л өмнө муугаа сайнаар халхлаагүй учраас чи түүний бүх муу муухайг уучлах ёстой.Зөвхөн байгаагаараа л байсных нь төлөө түүнийг ер нь тэврээд үнссэн ч яадаг юм

Дараахан нь “Сургууль” гэдэг жаахан гунигтай жүжигт тоглолоо.Нэлээд ур чадвар шаардсан жүжиг л дээ.Сургууль хэмээх энэ байшинд би “сурч” байгаагаар жүжиглэнэ.Хэсэг зүйл цээжилнэ,уншина ... тэгээд шууд тэрийгээ мартана. Тэгснээ үүнийгээ өөрөө өөртөө “энэ бол боловсрол” гэж итгүүлнэ. Энэ нь жүжгийн хамгийн хэцүү хэсэг нь.Гэхдээ сайн бэлдээд байвал аяндаа сурна,чаддаг болно.Тэнд бас хэсэг нөхдүүд өөрсдийгөө багшийн дүрд бэлдэнэ.Тэдний дүр нэлээд хэцүүд тооцогдоно.Учир нь тэд өөрсдийнхөө зааж байгаа зүйлийг сурагчид “сурч” байгаа гэж өөртөө итгүүлэх хэрэгтэй, тэрүүгээр барахгүй “Энэ бол та нарыг амьдралд маш чухал юм,та нар сайн сурч чадвал сайхан амьдрана” гэдэг хэсгийг ямар ч нүүрний хувиралгүй хэлэх хэрэгтэй.Төсөөл л дөө.энгийн хүн үүнийг чадна гэж үү ?? Үүнд аявъас хэрэгтэй.Зарим жүжигтээ хэтэрхий орчихсон нь “муу” аваад уйлж үзнэ.Хөөрхийс удахгүй жүжиг төгсөнө гэдгийн түр мартсанд тэдний буруу ч гэж юу байх вэ дээ.Гэтэл үүнийг огт мэддэггүй мэдрэл нөхдүүд ч их тааралдана.

Бидний ихэнх нь авяастай үгүйгээс үл хамааран “хайр”-ын жүжигт тоглоно.Энэ жүжигт үе үед өөр өөрөөр тайлбарлагдаж ирсэн,хүн бүрт янз бүрээр мэдрэгдэх нэг зүйлийн мэдрэмжийг “хайр” хэмээн нэрлэж даанч дураараа нулимацгаана.Бүр хахаж цацан тургицгаана.Ингэх тусам энэ үг үнэ цэнээ алдаж,хараалаас ялгаагүй сонсогдоно.Уулзаад гурав хоноогүй хайртай гэх.учраад гучин жилийн дараа хайртай гэх үндсэндээ нэг үгээр илэрхийлэгдэнэ.Унтаж хэвтэхийн хүсэлд эр эм хоёулаа л ялгаагүй автан бие биен рүүгээ тачаадан тэмүүлнэ.Тэгтэл хурьцал бүрийн өмнө худлаа жүжиг тавигдана.Үүнийг монголоор “найрах” ч гэх.Энэ жүжигт аанай л нөгөө “хайр” тууж л явна.

Харин миний бодол бол ийм байна.

Өмнө нь би сүмд явдаг байлаа.Дөнгөж хоёр дахь удаагаа л очиж байсан санагдаж байна,тэр өдөр номлогч үнэхээр уран үнэмшилтэй ярьж гэнэт энд тэндгүй хүн болгон уйлж,орилж,залбирч эхэллээ.Нэг мэдсэн би уйлж байх юм.Бүр мэлмэрүүлээд шүү дээ.Хэрэв энэ үед хэн нэг хүн гаднаас намайг харсан бол их л итгэл үнэмшилтэй итгэгч гэж бодох байсан байх даа.Үүнээс хойш би хүний зарим нэг үнэхээр үнэн юм шиг мэдрэмж хүртэл жүжиг байдаг юм байна даа гэж боддог болсон.Хайр үүнтэй маш төстэй.Маш олон хүн өөрийн түр зуурын хуурамч мэдрэмжиндээ хууртаад үнэн юм шиг худлаа ярих тохиолдол зөндөө байдаг.Согтож үзсэн хүн үүнийг гадарлана.Өглөө сэрээд өчигдрийн ярисан юмаа сайн бодвол зөвхөн сэтгэлийн хөөрөл төдий л байх нь олонтаа.Чиний амнаас хичнээн уран хайрын үг урсана тэр хэмжээгээрээ жинхэнэ хайраас холдоно.Учир нь жинхэнэ дээд зэргийн сэтгэлийн хөдлөл үгээр илэрхийлэгддэггүй.Би аав,ээждээ “Аав аа,ээж ээ” би та хоёртоо хайртай гэж хэлэх гэхээр амнаас гарч өгдөггүй.Хайртай охиндоо ч энэ үгийг бараг гуйлгаж байж хэлдэг.Тэрхэн сэтгэлээ илэрхийлэхэд ”Хайр” энэ үг хэтэрхий багадаад байдаг юм байлгүй дээ.

Яриа маань төгсөх тийшээгээ хандаж байх шиг байна.Учир нь дараагийн жүжиг эхлэх нь.

Бодох тусам л өрөвдөлтэй санагдана.Бас аймшигтай.Юу гээч ??? Жүжиг хүний амьдралд хэтэрхий нэвчин орчихож.Эцэст нь хүмүүс өөрсдийгөө жүжиглэж байна гэдгээ мэдэхээ больчихож.Тэгтлээ уусчихаж.Ингэвэл бид үнэнээсээ инээж бас уйлж чадахаа болино.Хамгийн аюултай нь хүн гэдгээ зүгээр л мартаж орхино.Хүн мөнгийг бүтээгээд тэрнийхээ боол болсон,одоо тэгвэл жүжгийн тайзыг бүтээгээд түүндээ амьдралаа булаалгах цаг нь ирж байх шиг байна.Нас томрох тусам тоглох роль минь нэмэгдэж улам завгүй болж байна.Дараагийн завсарлагаанаар наашаа ирэх хүн ч үгүй болох нь.Удахгүй завсарлага гэж юу байдгийг ч мартах болно.Тиймээс андуудаа , хаяа ч гэсэн ингэж цугларч үнэн царайгаа биендээ харуулцгааж байя.Тэгэхгүй бол нэг өдөр бие биенээ танихгүй болох нь.Цөөхүүлээ ч гэсэн хүнээрээ үлдэцгээе.Хүн төрөлхтөн хэдэн мянган жилийг туулаад ирж,бид энэ дээр ядаж 100-г ч нэмж чадахгүй шүү дээ.Хөгшнийх нь аав 50 хүрэх нь .... Чи ч гэсэн бодоод үзээрэй дээ.Захих нэг л юм байна.Үүнийг заримдаа заавал бодож бай. Бүх юм дуусна !!! Төгсгөл заавал ирнэ !!! Жаргасан ч зовсон ч ялгаагүй аль аль нь үгүй болно !!! Үхээд дахиад амьрал байдаг ч бай,бурхны оронд очоод мөнхөрдөг ч бай энэ л амьдрал чинь цорын ганц.Энэ л найзууд чинь хорвоод ганц.Ямар ч болзол хэрэггүй зүгээр л хайртай хүмүүсээ хайрлацгаая.Намайг хайрлахгүй бол чамайг хайрлахгүй гэдэг бол “болзолт хайр”,”хуурамч сэтгэл”,хайртай хүн чинь чамайг хайрлахгүй байсан ч түүнийг зөвхөн энэ хорвоо дээр байгаагийнх нь төлөө л хайрла,чамд хайрлуулах биш юм аа гэхэд хэнээс ч хамаарахгүй бусдыг хайрлах эрх байгаа.Чулуун хөшөөнүүд элгээ тэврэн цурхиран уйлж байхад хэдүүлээ амгалан нойрсгооё.

Ёсолсон жүжигчин Чадраабал овогтой Ганжавхлан