Feb 20, 2009

Аялахын утга учир


Жинхэнэ жаргалыг хажуухнаас нь мэдэр

Би нэг удаа Бээжингийн онгоцны буудал дээр хүн гаргаж өгчихөөд буцах гэж байлаа.Тэгтэл санамсаргүйгээр нэг солонгос хүнтэй танилцлаа.Цаг 08:00 өнгөрч байсан санагдана тэр хүн өөрийгөө 12:00 цагаас өөр хот уруу нислэгтэй гээд энэ хооронд Тиэн ан мэн-ий талбай үзмээр байна цуг яваад өгөөч гэж гуйлаа.Би ч тэгье гээд аваад явлаа.Бид таксигаар Тиэн ан мэн-ий талбай дээр очин нэг зураг авахуулчихаад бараг тэр таксигаараа буцаад явлаа.Цаг илүү гарч байсан боловч тэр хүний хэлэхээр зургаа авахуулчихсан бол боллоо гэнэ.Надад харин хайран мөнгө санагдаж билээ.

Бид ер нь юуны тулд аялдаг юм бэ ?? Түүх намтар,үнэ цэнийг нь мэдэхгүйгээр зөвхөн ийм газар очиж үзсэн гэж ярихын тулд аялах юм бол Пирамид ч бидний хувьд утга учир байна уу ?? Вуханд хятадын хамгийн алдартай эртний барилга гэх “Хуанг хө асар”-ыг үзлээ.Гоёмсог барьсан 5 давхар модоор барьсан барилга байлаа.Олон үеийн алдартай шүлэгчид энэ асар дотор бүтээлээ туурвиж байсан ажээ.Харин ихэнх хүмүүс түүний урд зургаа авахуулах гэж хэтэрхий улайрсандаа бараг нөгөө барилгаа ч үзэх сөхөөгүй ажээ.”Нөхөд ч гэж дээ хайшаа ч улс юм бэ дээ” гэж өмнө нь их зохиолч Пушкин хэлж байсан юм гэдэг.Тэгвэл минийхээр “Бидний аялна гэж ч дээ хайшаа ч юм бэ дээ” гэж хэлмээр санагдана.Тиймдээ ч энэ удаагийн хятадыг тойрно гэж төлөвлөж байсан миний аялал маань ердөө хоёрхон мужаас хэтэрсэнгүй.Энэ хоёр мужаа ч гүйцээлгүй хэдхэн газраар л нэлээд хэд хоног “амьдарлаа”.Би харин тэнд танихгүй нутгийн тариачныхаар зочлон тэдэнтэй элдвийг ярилцаж ,оройн хоол уруу нь шуналтан,далайн хоол идэж чадахгүй хамаг идэх юмыг нь үлдээж нутгийн өвгөнд загнуулж байлаа.Яг л манайд ёс сайн мөлжиж чадахгүй хүүхдийг хөдөөний хөгшчүүл загнадаг шиг.Би тэдэнтэй архи ууж , хамт загасанд яван , оршуулгын ёслолд нь оролцож үзэн эгээ л тэндхийн хүний энгийн амьдралаар амьдарч байлаа.Миний очсон тэр жижиг тосгон уруу гадаадууд байтугай хятадууд өөрсдөө ч тоож зүглэдэггүй хөгжил муутай газар л даа.Ингэж байж би урд нутгийн хүний амьдралыг бага сага гадарлах болсон юм.Зүгээр дулаан буудалд буудаллан,такси хөлөглөн аялсан хэн нэгэн бол урд нутагт байшин дотор нь гадаанаасаа хүйтэн байдаг гэдгийг мэдэхгүй л болов уу..Би хэн нэгнийг над шиг ингэж аялаач гэх гэсэнгүй харин жинхэнэ жаргалыг хамгийн энгийн зүйлээс хай гэж хэлэх гэсэн юм.Ингэхийн тулд надад таньд өгөх үнэтэй зөвлөгөө байна болгооно уу.

Юуны өмнө өөрийгөө аялагч гэдгээ март !!! Элдэв зүйлд битгий баригд,ялангуяа цаганд.Зарим нэг зүйлийг , маш чухал газрыг ч үзэхгүй ч байсан болно.Ерөнхий төлөвлөгөөтэй байх хэрэгтэй гэхдээ заавал ингэнэ , ийм зүйлийг ингэж хийнэ гэж ерөөсөө битгий төлөвлө.Ингэх юм бол чиний аялал чинь “даалгавар” гүйцэтгэж байгаагаас ялгаагүй болно.Юу ч хийхгүй шал дэмий цаг өнгөрч байсан ч битгий харамс.Мөнгө чинь хүрэхээргүй болвол зүгээр аялах газраа л багасгачих , нэг дор бүгдийг нь дуусгах алба ч байхгүй.Өөрийгөө битгий хүчил, аль болох тайван , тааваар нь байлгах хэрэгтэй.Хамгийн гол нь сэтгэл санаа өөдрөг сайхан байж гэмээнэ сая сайхан зүйийн сайхныг сайхнаар нь мэдэрч чадна.Бүх аялал зөвхөн чиний л төлөө байх ёстой гэдгийг байнга сана.Чиний сэтгэл санаа ямар байгаагаас шалтгаалан “Эрх чөлөөний хөшөө” чамд тэгэж л харагдана.Би Шанхайд очоод дэлхийн хамгийн өндөр барилга 100 давхар дээр гарч үзлээ.Маргааш нь явах болчихоод байсан учир өдөржин гадуур яваад ядарч үхэх гэж байгаа дээрээ нэлээд нойрмог нөхөр багагүй мөнгө төлөн дээр нь гарлаа.Манайх Бээжинд 21 давхарт байдаг юм л даа.Шөнө гадагшаа харвал их гоё харагдана,тэрнээс арай ч дээр ч юм уу гэмээр мэдрэмж төрөв.Гараад л шууд нойр хүрлээ.Мөнгөө төлчихсөн болохоор жаахан сууж ч үзлээ.Яаж ч нүдээ том болгоод сайхан нь мэдрэгдэж өгдөггүй тэгэсхийгээд хурдхан буухын түүс болсонсон.Харин сүүлд Вуханд сакура цэцгийн хүрээлэнд явж байхдаа тансаг цэцгийн сайхныг ширтэн зүлгэн дээр хэвтэж байгаад бараг хоёр цаг гаруй санамсаргүй унтчихсан байж билээ.Би Вуханд ердөө хоёрхон хонохдоо өөр маш олон дурсгалт газруудыг үзэж болох байсан цагаа зөвхөн энэ цэцгийн хүрээлэнд хөгжим сонсож өнгөрөөсөн сөн.Юу чиний хувьд үнэ цэнэтэй санагдана түүнд л цаг мөнгөө зарцуулах хэрэгтэй.Түүх судрыг нь ч мэдэхгүй тэр хэдэн модон байшинд очсон ч яалаа очоогүй ч яалаа, хармаар байвал нетээр ороод харчихна, тэгтэл эдгээр маш энгийн мөртлөө хүний сэтгэл татах увидастай гайхалтай цэцэгнүүдийн надад өгч байгаа мэдрэмж,баяр баясгаланг тэр байшингууд надад өгч чадна гэж үү.

Хөмсгөө зүүнээс баруун тийш нь сайн илцгээе



Бээжингээс Улаанбаатар орох галт тэрэгний билетний үнэ 800 гаас 1200 юань хүртэл даруй 400 юаниар нэмэгджээ.Хямрал нөлөөлөх хүрээгээ улам тэлсээр л байна.Баячууд нь хэт баян харин ядуучууд нь хэт ядуу учраас энэ хоёр давхаргынханд хямрал сүрхий нөлөөлөхгүй л байгаа болов уу.Угаас л идэх хоол орох оронгүй хэт ядуус нэгэнт ядуугын туйлд хүрчихсэн тулд “Чи намайг үүнээс илүү ядууруулах гээд үз л дээ , харий” гэх шиг хямралыг басна.Энэ үед хүний зайлшгүй хэрэглээ болох эм тариа , хоол хүнсний бизнес л арай дамчуурчихгүй дөнгөн данган урагш алхана.Харин Хятадад үйлдвэрлээд Монгол уруу оруулдаг архины шошго , бөглөөний тоо багасах байтугай улам өссөн байх юм.Хямарсандаа архи их ууж байгаа бололтой юм.

Би энэхүү нийтлэлийг Монголын дунд давхаргынхны хүүхдүүдэд зориулан бичиж байна.Тодруулбал 1986-2000 онд төрсөн залууст гэх үү дээ.

Залуусаа , хаа сайгүй л муу мэдээ.Дампуурсан , муудсан , зовсон , зүдэрсэн.Үнэхээр нөхцөл байдал хэцүү байгаа нь үнэн л дээ.Гэхдээ бид ийм байх тусам сэтгэл санаагаар өөдрөг байх хэрэгтэй.Үнэнийг хэлэхэд бид өдийг хүртэл зовлон гэдэг зүйлээс холхон эцэг эхийн өвөр дээр тарвалзаж өслөө.Энэ хооронд дайн ч болсонгүй , бараа картанд орж сүү маханд ч оочерлосонгүй.Ашгүй нэг бэрхшээл зовлон бидэнд ирлээ.1990 оны өөрчлөлтийн дараа Монгол улсад нүүрлэсэн эдийн засгийн их хямралыг бидний эцэг эхүүд минь эрээн оросын хооронд өдөр шөнөгүй наймаанд явж шинэ нийгмийн туршилт болцгоосон ч амжилттай туулж гарцгаасан.Тэд маань харин удахгүй 50 нас хүрэх нь.Тэр үед бид харин туслах нь байтугай уйлж усан нүдлэж дараа болохоос өөр юм мэдэхгүй мангар бацаанууд байжээ.Харин одоо тийм биш.Түүнээс хойш хорин жил өнгөрч бид өсөж том болж , уйлахаа больцоосон.Өнөөдөр Монгол улсыг төдийгүй дэлхийг хамарсан хямрал ирчихээд байна.Энэ удаа эцэн эхүүд минь ганцаараа биш бидэнтэй хамт энэ хямралын ард гарах болно.Бидэнд зовлон үзэх боломж ирлээ.Тиймээс хямралын өөдөөс инээж,бүр элгээ тэврэн хөхөрч угтацгаая.Залуу насны зовлонг алтаар ч болтугай худалдаж ав гэж хэн хэллээ дээ.Өнөөдөр бидний эцэг эх 18 жилийн өмнөх шигээ өдөржин шөнөжин шиг наймаанд явж , Нарантуул Хар хорин зах дээр хөлөө хөлдөөх шахан зогсох тийм бие тэнхээ хүч чадалгүй болсон шүү дээ.Тийм байсан үе дээр нь харин бид ирчихээд байна.Бид бол шинэ үеийн эрч хүчтэй цоглог залуучууд.Ойрд хүн болгон л Монгол сүрхий хямарч , бараг л амьдрах арга алга хэмээн толгой гудайлгах болж.Хямрал болвол хамгийн түрүүнд хөмсгөө зангидаж сүржин царайл гэж хууль гараагүй л байлтай.Бид тэднээс өөр байх хэрэгтэй.Болохгүй бүтэхгүй зүйлийг улам муулан дордуулж , түүндээ гутарч суудаг нь бид гэж үү , энэ нь нөгөө залуу нас гэж үү ??? Ийм байх тусам нь зовхио өөд нь байлгаж сайн сайхан зүйлийг ярьж , сэтгэлээр унаж итгэлээ алдсан “хөгшчүүдийнхээ” урмыг нь сэргээж , урам зориг өгөх ёстой үеийнхэн бол бид нар юм.Сэтгэлээрээ ядуу байснаас , эд хөрөнгөөр ядуу байсан нь дээр.Яадаг юм бид жаахан амьдралаа өөрчлөөд үзье л дээ.Энэ муу хямралын хэдэн жил үргэлжлэхийг нь харья л даа.Хүн бүхний бүр чиний эцэг эхийн чинь амьдрал хүртэл дордож доройтож байхад чиний л амьдрал ганцаараа хэвээрээ байвал шал тэнэг биз дээ ер нь.