Jun 11, 2012

Аз жаргал







Сүүлийн үед энэ “Аз жаргал” гэдэг зүйлийн талаар их бодох боллоо. Бодох тусам толгой эргэх ч яах аргагүй эргээд нэг л зүйл дээр буугаад байх шиг. Энэ бол хүний сэтгэл санааны амар амгалан, баяр баясгалантай байдал юм байна. Тийм биш үед ямар ч мөнгө төгрөг, амжилт ололт утга учраа алдаж, сэтгэл санаа л баяр баясгалантай байвал хаана ч амьдраад юу ч хийгээд явж байсан аз жаргалтай байх юм байна гэж ойлголоо.

Би бас нэг зүйл ажиглалаа. Сэтгэлийн гүнд орших гуниг, цөхрөл, гомдол хэмээх мэдрэмжүүд  хэзээ ч тэр хүнийг дагаж явдаг бөгөөд, хэсэгхэн зуур мартаж болох боловч хүн үнэн сэтгэлээсээ тэр асуудлаа шийдээгүй, уучлаагүй, өнгөрөөгөөгүй цагт мөнхийн зовлон болон тэр хүнийг дагасаар зовоосоор байдаг юм байна.

Ихэнхи хүн дотроо маш их зовлонтой ч гаднаа үнэхээр жаргалтай хүний дүрийг эсгэж чаддаг, тэрүүгээр ч барахгүй инээж хөөрч, бусдын атаархлыг төрүүлж хүртэл болдог ч энэ нь уг утгаараа маш өрөвдөлтэй байдаг. Завгүй урт өдөр дууссаны дараа унтахаар орондоо хэвтэхэд  ...
Хүний бас нэг өрөвдөлтэй чанар бол эцсийн найдлага тасарсан ч сэтгэлийнхээ мухарт горьдсоор л байдаг чанар юм. Ажил хэрэг, нийгмийн хүрээнд энэ нь сайн чанар мэт боловч эсрэгээрээ хувь хүний харилцаа, хайр дурлалийн тал дээр маш хэцүү тусдаг. 

Гэхдээ энд жижигхэн гэрэл гэгээ бас ажиглагдана. Хүний сэтгэл санаа хичнээн хэцүү, яг л үхэх гэж байгаа мэт, нэг хором ч тэсэхийн аргагүй гэмээр хэцүү болох үедээ хүн нүдээ аниад бүх зүйлийг ажиглан мэдрэхийг оролдвол “Ингэлээ гээд үхэхгүй”  гэдгээ мэдэж болдог.Үүний дараа аажим аажимаар өөрийгөө ажиглавал бага багаар дээрдээд байгаа нь мэдрэгддэг бөгөөд, цаг хугацаа хүнийг яаж эмчилж байгааг өөрийн бие дээрээ туршиж болдог.
Энэ мэтээр хүн олон хоногоор сэтгэлийн шаналал зовлонг туулах явцдаа өдөр бүрийн зовлон, шаналал, гунихралдаа аажмаар дасаж нэг үгээр хүн сэтгэлийн хаттай болдог. Сайн тал нь дахиад хүнд хэцүү зовлон тохиолдоход төрөх тэр мэдрэмжүүдэй танил “Найз” болж орхидог ба өвдөх өвдөлт нь харьцангуй бага байдаг.Харин хүн зовлонг тоохоо болихын хэрээр, жаргалыг мэдрэхээ больдог тал бий.Догдлол, сэтгэлийн хүчтэй хөдлөл, романтик сэтгэлгээ гэдэг хүний хаяж болшгүй чухал чанарууд юм. 

Тэгвэл хэрхэн зовлон шаналалаас хурдан ангижрах вэ ?
Би энд зөвхөн сэтгэлийн зовлонгийн талаар ярья.Учир нь тэр маш хэцүү.
Хүнд хэзээ ч удаан хугацаагаар бүү гомд, хорс. Энэ хүнийг өөрийг нь маш ихээр зовоодог.Ихэнхи сэтгэлийн хүнд гуниг зовлон гэдэг өөрийнх нь хамгийн хайртай хүнээс ирсэн байдаг.Тийм биш тохиолдолд хүн тэгэж зовж шаналдаггүй.Хайрлахын хэмжээгээр итгэл, хүлээлт өндөр байдаг, харин тэр итгэл эвдэрэн унахад түүнээс болж их хэмжээгээр өвдөж шаналдаг. Тэр өвдөлт нь гомдох, уурлах, хорсох гэх мэтийн сэтгэлийн хөдөлгөөнөөр илэрдэг ба энэ нь эргээд түүнийг маш их зовоодог. Үүнд ганцхан арга байх шиг санагдана.Энэ бол үнэн сэтгэлээсээ “Уучлах” эсвэл “Гэмших”. 

Буруутай бол гэмшиж, буруугүй бол уучлах хэрэгтэй. Ингэснээр асуудал ядаж нэг тал руугаа шийдэгддэг. Жишээ нь хайр сэтгэл дээр ярихад тэр хүн аль хэдийн чамайг хаяад өөрийнхөө амьдралыг хөөгөөд явсан байхад чи ганцаараа шаналаад зовоод байвал бүх процесс үнэндээ тэр хүнээс хамаагүй болж зөвхөн чиний талд л явагдаж эхэлдэг ба нэг үгээр хэлэхэд чи өөрөө өөрийгөө зовоон суунаа л гэсэн үг. /Энэ ярьж байгаа шиг тийм амархан биш гэдгийг би мэднэ, гэхдээ наад зах нь ийм төрлийн бодол толгойд байх хэрэгтэй/

Гэмших ч гэсэн мөн адил, чи алдаа хийсэн түүнээс болоод бүх зүйл буруугаар эргэсэн байлаа гэхэд, өөрөө унасан хүүхэд уйлахгүй л байх хэрэгтэй.Уйллаа гэхэд ядаж өөрөө унацанаа санаад жаахан уйлж байгаад болих хэрэгтэй. Энэ үед чамайг ганц зовоодог зүйл бол чи улаам цайм өөрөө уначихаад тэрийгээ өөрөө уначихлаа гэж боддоггүйд байдаг.Газар хэвтжийсэн төмрөнд ч юм уу, эсвэл чамайг тийшээ юманд явуулсан ахдаа ч юм уу уур чинь хүрээд гомдоод эхэлдэг.Ингээд дахиад л үл ойлгомжгүй гомдол, шаналаллын драм эхэлдэг. Хайртай хүнээ гомдоосон бол үнэн сэтгэлээсээ гэмшиж, буруугаа хүлээгээд, нэгэнт эргэж ирэхгүй болсон бол, өөрийнхөө замыг хөөх хэрэгтэй. 

Гэхдээ хэзээ ч нэг хүнд зуун хувийн буруу байдаггүй.Тийм учраас өөрийн алдаанд үнэн сэтгэлээсээ гэмшиж, дахин давтахгүйг хичээн, хүний алдааг үнэн сэтгэлээсээ, сэтгэлийн мухартаа юм үлдээлгүйгээр уучлан болсон зүйлийг бодитоор хүлээн аван, цаг хугацаа өнгөрөхийг хүлээх нь сэтгэлийн зовлонгоос ангижрах хамгийн зөв арга гэж ойлголоо. 

Эцэст нь хэлэхэд хаа сайгүй тэнэж яваад миний нэг ажигласан зүйл гэвэл ХҮНД АЗ ЖАРГАЛ ГЭДЭГ ХҮН, ТҮҮНЭЭС ГАРАХ СЭТГЭЛЭЭС ИРДЭГ, харин эрх мэдэл, мөнгө төгрөг гэдэг бол зөвхөн аз жаргалыг тэтгэх ЧУХАЛ туслах хүчин зүйл болохоос түүнийг бүтээгч, бий болгогч нь биш юм байна, харин ихэнхи хүн үүнийг ингэж ойлголгүй эд хөрөнгө, эрх мэдэлд бүх амьдралаа зориулж, тэр замдаа өөрийн үнэт зүйлсээ хаясаар яваад уулын оргилд хүрдэг ч, түүнд л гэж өгөгдсөн богинохон амьдралаа өөрийнхөө ч төлөө биш, утга учир, ач холбогдлоо төдийлөн гавихгүй зүйлд зориулан түүнээсээ аз жаргалын биш кайфыг мэдэрсээр, түүнийгээ аз жаргал, амжилт гэж андуурсаар хорвоогоос буцдаг ажээ.
                                                                                             


Аягүй серёзны тэмдэглэл бичлээ.