Jul 27, 2012

HongKong Airport 2012.07.28

Жүжиг үргэлжилсээр ... Хайр дурлалаа алдсан амьдрал өөрөө жүжиг. 

Хүн бүрт жинхэнэ хайр дурлал ирдэг.Тэр ирэхдээ маш хэцүүгээр ирдэг.Түүнийг авч үлдэхэд маш том золиос хэрэг болдог.Чи тэр золиосыг гаргаж чадсан уу ? Хүн олон дурладаг л байх.Гэхдээ хэзээ ч өнгөрсөн тэр л мөч шигээ ахиж хэн нэгэнд хайртай болдоггүй.Өдөр өнгөрөх тоолонгоор багны чинь өнгө тодорч, хэзээ ямар дүрд хувирахаа мэддэг болж, туршлагатай сайн жүжигчин болно.Чи өөрийгөө яаж ч халхалж болно, чи бүр огт ондоо дүрд хувирж ч болно.Харин завгүй өдрийн орой бүх ажил дууссаны дараа орондоо хэвтээд сэтгэлийнхээ гүн рүү сайн өнгийгөөд үзвэл насан багын чинь тэр л гэнэн түүхүүд, одоо чамайг харахад тэнэг галзуу мэт,ичмээр өрөвдмөөр, гэхдээ хамгийн ариун нандин мэдрэмжүүд, бодлууд, дурсамжууд чинь яг л тэр хэвээрээ тэр мухарт байж л байгаа.Чи үнэндээ хэзээ ч өөрчлөгдөөгүй.Энэ бол чи, харин үүнийг бодон хэвтэх чи бол ....

Хүн хайргүй хүндээ ч дасдаг, “сайн” болдог, дундаасаа хөөрхөн хүүхэдтэй болдог, тэр үнэхээр хөөрхөн, түүнийг гаргаж өгсөн ээж нь ч хайрлахгүй байхын аргагүй.Гэхдээ энэ миний яриад байгаа хайр биш ээ.Энэ бол зүгээр алдаагаа давтаагүй аятайхан амьдрал л төдий.
Чамайг ямар ч баггүй, хамгийн тэнэг, хамгийн гэнэн, цагаан цаас шиг байхдаа чиний сэтгэлээ өгсөн хүн чинь л чиний жинхэнэ хайр байдаг.Болоод байгаа юм шиг, бодоод байгаа ч юм шиг, зүүд шиг тэр өдрүүд л чиний хайр.Чи түүнийхээ л өмнө, түүнтэйгээ хамт байхдаа л бага нас руугаа, хайр дурлал руугаа, өөр рүүгээ эргэж очиж чаддаг.


Ихэнхи хайр бүтдэггүй, бүтсэнийг нь бид хүндлэн алга таших ёстой.Учир нь бид түүнийг байгаа бүх л боломжоороо дахиж эдгэхгүй болтол нь хутгаар сийчэн бүх цусыг нь урсган, ангааж хатааж хаядаг.Хамгийн өрөвдмөөр нь тийм болсон хайр хүртэл, хэдэн ч жил өнгөрсөн хүний сэтгэлийн аль нэг мухарт оршсоор байдаг.Бид ямар тэнэг юм бэ ? Хайр гэдэг хамгийн эмзэг зүйл, хайртай байх хэмжээгээрээ түүнээсээ илүү эмзэглэж гомддог.Чи бод л доо.Зүгээр л нулимж орхисон тэр үгсээ сана л даа.Мундаг хүн болох гэж нэг нэгэн лүүгээ ярихгүй гүрийсэн тэр хэдэн сар, хэзээ ч доор нь орохгүй гэсэндээ сөхөж болох бүх л муу муухайг сөхөн өөрийгөө өмгөөлөх, зөвхөн чинийх гээд бие сэтгэл хамгийн нандин зүйлээ чамд өгсөн байхад хардаж түүнийхээ сэтгэл рүү ус цацаж, хэзээ ч хүндлэхийг үл мэдэн тэнэг адгуусан араншингаараа зөвхөн өөрийн болгон өмчлөхийг оролдсон,цог золбоог нь дарж ямар ч өнгөгүй халтар саарал зураг шиг болгон одоо л нэг надаас холдохгүй боллоо гэж тайвшрах арчаагүй хүмүүс, эрх чөлөөнд нь хандсан, жаахан удаад ирэхээрээ уцаарлахаас өөр зүйл мэдэхээ больж, өөрийнхөө зовж шаналж байгаагаа гайхан ялархах, ямар нэгэн аргаар бусдыг буруутгаж өөрийгөө зөвтгөх гэж оролдох, сүүлдээ учираа олохоо болихоороо энэ хайр биш юм байна гэж төөрөх, энэ бүх “Новшын” зүйлүүд эцсийн эцэст юуны төлөө байдаг юм бэ ? Чиний амьралд ердөө ганц л ирэх хайр дурлалыг хөөж явуулах гэж тэр үү ? Гэхдээ хэнд нь ч битгий буруу өгөөрэй.Гал дээр ус асгахаас ямар ч ялгаагүй, өвлийн хүйтэнд нүцгэн явахаас ямар ч ялгаа байхгүй.Хэн нь ч хайр дурлал байтугай эмэгтэй хүн, эрэгтэй хүн гэж юу байдгийг ч мэдэхгүй хоорондоо учирдаг.Тэр залуу яаж аав шиг чинь байж чадах вэ дээ, тэр охин яаж ч ээж шиг чинь байж чадах вэ дээ.Ихэнхи нь өөрийгөө хэн гэдгийг ч мэдэхгүй хайрлаж дурладаг.Аль нь аль нь бие бие дээрээ байгаа өргөсийг биедээ наагаад хоёр тийшээ холдон оддог.Өөрийнхөө өргөсийг авахуулсан нэг нь өөр нэгэнтэй сайн зохицож чаддаг, харин тэр дахиж өмнөх шигээ догдолдоггүй, хайрладаггүй, гомддоггүй.Харин биен дотор нь үл үзэгдэх хатуу өргөсүүд шигдэн үлдэж олон жил сар хоногоор түүнийг зовоосоор хаяа нэг хатган өвтгөх ужиг өвчин шиг болж хувирдаг.Хотын зах, хүн хөл бужигнасан бохир хороолол, тэнгэрийн хаяагаар улаан туяа татуулсаар жаргах наран, гэр хорооллын автобусны буудал, ирж байгаа автобусаа ч үл анзааран аль нэг газрыг үхсэн мэт гөлийтөл ширтэн зогсох хувцас муутай сэвх нь тодорсон, гэхдээ сайн анзааран харвал үнэхээр царайлаг, тэгш мөр нарийн хөл нь нэвсийж салбайсан хувцасныхаа араас үл анзаарагдана уу гэмээр тийм нэгэн хүүхний дүр сэтгэлд бууна.


Би нэг юм мэднэ.Хүний сүнс үхдэг.Чи өдөр бүр олон охин солисон, олон охин гомдоосон, заримынх нь царайг ч одоо үл санана, магадгүй тэр ч чамайг.Энэ үнэндээ юу ч биш, тийм биз дээ ? Найрах чихдэх юу гэж нэрлэхээ чи өөрөө мэд.Гэхдээ юу гээч, чи ингэх тоолонгоороо жинхэнэ хайраа, хэн нэгнийг жинхэнээсээ хайрлах боломжоо алддаг.Учир нь хайр дурлалыг, түүнийг үнэ цэнэгүй болгож орхисон.Чи өөрийгөө ч, бусдыг ч, хайртай хүнээ хүртэл хүндлээгүй.Чиний хайрлаж байгаа энэ охин л хүн, харин тэд хүн биш гэж үү ? Тэд ч гэсэн аав ээжийнхээ сэтгэлийг догдлоон, зүрхийг баясгасаар улаан нялзрай амьтан хорвоо дээр мэндлээгүй гэж үү ? Чи тэднийг хуучин хувцас шиг сольчихоод, угаах ч үгүй хаясан.Гэтэл өнөөдөр тэдэнтэй яг л адилхан нэгнийг энэ мөн, энэ миний дурлал бусад нь “Зүгээр л” гэж хэлэх гэж үү ? Үгүй дээ, найз минь.Чамд одоо мэдрэмж байхгүй болсон.Сална уу нийлнэ үү чамд тийм чухал биш. Чи гомдож туних байтугай уурлахаа ч болино, та хоёрын дунд хэрүүлийн сэдэв ч байхгүй.Чи мөнгөтэй, та хоёр хөөрхөн хүүхэдтэй, чи өөрийнхөө үүргийг сайн гүйцэтгэдэг, та хоёр огт хэрэлдэж муудалцдаггүй, чи архи ууж тамхи татдаггүй, бүх л зүйл болоод байгаа мэт уул нь тийм ээ ? Тэгтэл тэр амьдрал үнэн хэрэгтээ оргүй хоосон, аз жаргалгүй .....


Би зүгээр л амьдармааргүй байна.Би бусдын бий болгосон амьдралын хэмнэл, жишигийг дагмааргүй байна.Би бусдыг хүндэлмээр байна, би хүн бүхний царай муутай, үзлийн гэж нэрлэх тэр л нэгний зүрх сэтгэлд зөвхөн түүний өөрийнх нь, хамгийн нандин, цэвэр, ариун хүсэл мэдрэмж байдагт итгэж, хамгийн хөөрхөн гэж нэрлэгдэх, царайнаас нь хүртэл мишээл гэрэлтдэг тэр сайхан бүсгүйн сэтгэлд эд хөрөнгөний илжэрсэн шуналнаас өөр зүйл байхгүй, сайхан бие хоосон мэдрэмж л байж болдог гэдгийг, жүжиг гэдэг ямар ч дүрд хувирч болохоор хийгдсэн гэдгийг бүх дэлхийд зарлахыг хүсэж байна.Би гашуун мэдрэмжинд дуртай.Би маш их шаналахдаа хайртай.Учир нь тэр тоолонд зүрх сэтгэл минь надад үхээгүй халуун хэвээрээ байгаагаа сануулдаг.Энэ маш чухал.Чи үхээгүй амьд байна гэдгээ мэдрэх чухал биш гэж үү? Халуу шатсан зүрх сэтгэл, тэнэг бас романтик мэдрэмж, хүүхэд шиг баярлаж хөөрөх, туниж гоморхох, эрхлэх ....
Хамаагүй бусдын өмнө тэнэг, өөрийнхөө хайр дурлалд үнэнч бай л даа. Чамд яаж мөнгө олохыг зааж болно, яаж хөгжим тоглохыг зааж болно, гэтэл яасан ч хайрлаж дурлахыг зааж чадахгүй шдээ.Ихэнхи хүмүүс хайр нь дурлал нь бүтэлгүйтэн, өөрөө түүнийхээ төлөө тэмцээгүй, өөрөө түүнийгээ баллаж хаячихаад хайрын тухай бусдад зааж зөвлөх юм. Чи юу мэддэг юм бэ ? Амьдрал уу ? Чиний яриад байгаа тэр амьдрал гэдэг чинь үнэндээ юу юм бэ ? Өөрийнхөө хамгийн нандин зүйлийг өөрөөсөө нууж, нөгөө л улиг болсон жүжигтээ, дүрдээ хувирч алиалагч болох уу ? Амьдрал дэндүү богинохон.Битгий хайр дурлалдаа шатаж яваа хүний дурлалын галыг унтраах гэж оролд л доо.Түүнийг хар л даа, түүний баярлаж, гомдож байгааг.Түүний бүх мэдрэмж, бүх сэтгэлийн хөдлөлүүд үнэнээсээ, сэтгэлээсээ байна шүү дээ.Түүнд баг алга, чи өөрийгөө хар л даа.Чам дээр хамгийн сайн охин хүрээд ирэхэд чи энэ банди шиг байгаагаар нь, жинхэнээр нь, ямар ч болзол нөхцөлгүйгээр харж хайрлаж чадна гэж үү ? Тэр хэрвээ маш хүнд өвчтэй бол яахав ? 18 –тай түүний сэтгэл үүнийг тоохгүй, харин чи ? Чи чадах уу ? Үгүй дээ, чамд олон болзол байгаа.Түүний боловсрол, яриа, ааш зан, ар гэр, мөнгө төгрөг ... Энэ чамд маш чухал.Гэтэл тэр чинь чамд зориулж үйлдвэрлэдэг электрон бараа биш шдээ. Чи зүгээр л өөртэйгээ таарах эвлүүлдэг тоглоом л хайж байна.Тэгтэл энэ банди өөртэйгөө таарахгүй эвлүүлдэг тоглоомтой өөрийнхөө нэг хэсэгийг тасдаж хаяад ч болтугай нийлэхийг хүсч байна шүү дээ.Битгий түүнд зөвлөж заа л даа.Чиний нүдээр харахад тэр охин нь “ямар ч” шиг харагдсан бай чи амаа хамхи л даа.Учир нь чи бол жүжигчин.Тэхээр чи энд сайн ахын дүр эсгээд хэрэггүй.


Тэхээр майр серёзний юм бичлээ.Гэхдээ ихэнхдээ тэгээд салдаг./Намайг уучлаарай гэхдээ чи тэр “Ихэнхи” байх албагүй шдээ. Зүгээр ер нь тийм байдгиймбайналээ л гэсийн/Салсан бол хэзээ ч сайнаар дурсаж яваарай.Учир нь чи хэзээ ч түүхийг үгүйсгэж чадахгүй.Тэр чинь ямар ч муу хүн байсан, сүүлд түүнийг нь ухаарсан ч битгий үзэн ядаарай.Та хоёр ирээдүйг хамтдаа төсөөлж, гэнэн цайлган бага насныхаа хамгийн гэгээн мөчүүдийг хамтдаа өнгөрөөж, олон ч шөнө түүнийхээ халуухан биеийг өөртөө наан “Хайртай” гэдэг үгийг хэлж байсан, олон ч удаа ядруухан халаасаа хоослон түүндээ бэлэг авч өгч хүүхэд хүүхэд шиг баярлаж, уйлж бас гомдож туниж явсан.Энийг би санаанаасаа зохиогоогүй, ийм юм үнэхээр болдог.Энэ үнэхээр сайхан дурсамж.Үүн лүү л битгий хир халдаа л даа.Тэр цаг мөч, тэр газраа үүрд сайхнаараа үлдэг л дээ.Хайр мөн байх эсэх нь хамаагүй ээ, хэн ер нь хайрыг тодорхойлж чадах юм бэ ? Чиний хамгийн их догдолж байсан тэр мөчүүд чинь, айгаад сандраад ч байгаа юм шиг мөртлөө цаанаа нэг л баяртай тэр мэдрэмжүүд, хүлээж хүлээж уулзчихаад уулзахаараа бишүүрхээд байж болдоггүй тэр хэдэн хором, дэмий хэвтсэн ч цаг бүр алт шиг үнэтэй санагдаж, хэдэн сараар хадгалсан мөнгө чинь түүнийг л баярлуулж байвал зүгээр л цаас шиг санагдах, гуравхан үгнээс роман зохиож хардах, тэрийгээ хэлж ч чадахгүй хэд хоног шаналах .... Энэ бүх мэдрэмжүүд хайрын аль нэг хэсэг мөн л байх.Тэр чинь эхнэртэй, нөхөртэй болцон бол үнэн сэтгэлээсээ, “яг үнэн сэтгэлээсээ” түүнд аз жаргал хүсээрэй.Битгий түүний эхнэртэй, нөхөртэй өөрийгөө харьцуулаарай.Хэзээ ч битгий хүний амьдрал салгах гэж оролдоорой.Сайн явахыг нь хараад түүнээр бахархаарай.Битгий “Энэ надтай байхдаа ийм л байсийн” гэж хүнд яриарай.Энэ бүхний дараа амьдрал зохиох тийм хэцүү биш ээ.Яагаад гэвэл хамгийн ээдрээтэй “Өглөөний драм” дууссан.Тэнэг биш бол алдаагаа битгий давт, “таг” гээд л орчихдог эвлүүлдэг тоглоом олоод наалдчих.Тэгээд жижигхэн эвлүүлдэг тоглоом гарга.Тэр чинь 20 жилийн дараа бас нэг өөрөөсөө шал өөр эвлүүлдэг тоглоом олоод л “Өглөөний драм”-нд тоглож гарна.Хамгийн гол нь “таг” гэж дуугарах ёстой шүү ЛОЛ.


Чадраабалын Ганжавхлан
2012 оны 7 дугаар сар