Dec 15, 2014



Үзэл бодол хоёр хуваагдана

Тийм ээ үзэл бодол хоёр туйл руу тэмүүлнэ ... Хаха ер нь яах ёстой юм бол ? Болохгүй бүтэхгүй бүх зүйл рүү “Ярий” гэж хэлчихээд “Болно, бүтнэ” гээд өөдрөг алхах ёстой юм болов уу ? Эсвэл сайтын мэдээ, саар болгоныг амьдралдаа тусган “Монголд амьдрах арга алга” гэж хий дэмий шогшрон суух нь зөв юм болов уу ? Энэ хоёр туйлд голч шугам байна уу ...

Өргөө кинотеатрын үүдэнд нэг хүүхэд олон хоног дараалан суухыг харлаа. Кино тарах цагийг андахгүй хүлээж байгаад ээжийн тухай дуу дуулах юм. Гэр нь хол гуйлга гуйж эмээ дүү нараа тэжээдэг гэнэ. Тэсэхийн аргагүй өвлийн хүйтэнд хэдэн ч цаг энэ нимгэн хувцастайгаа сууж байгаа юм бүү мэд ... Байгаагаа сарвайх өрөвч сэтгэлтэй оюутан охин байхад дайрчих шахам зөрөөд өнгөрөх пальтотай залуус хэдэн арваараа ... Гэхдээ яана гэсэн үг вэ ? Түүнд 100 төгрөг өгсөн нь сайн хүн болоод үлдсэн зарим нь муу хүн болно гэсэн үг үү ? ... Өргөө кинотеатрын замын эсрэг талд Монголын хүүхдийн төлөө үндэсний газар байдаг ...

Орон гэргүй тэр эмээг ...  гуйлга гуйх энэ хүүхдийг нийгмийн хэцүү асуудал гэж үзье. Нийгэм дээр ийм хэцүү асуудал хэдэн мянга бараг тоолж баршгүй. Бүгдээрээ нийлээд нэг хүүхдэд туслалаа гэж бодоход цаана нь хэдэн мянган хүүхдүүд өрөвдөлтэй хоцорч л байгаа. Гэлээ гээд нэг ч болтугай лаа асаасны буруу гэж үгүй. Гэхдээ л бодох төсөөлөх үед хэцүү санагдана ... Аль нэг хандивын аяныг ердөө судлаж ч амжаагүй байхад тийм төрлийн хүсэлт, постер, аяны зар өдөртөө хэдэн 10 ширхэг ирдэг. Явж явж гараа сунгаж байгаа хүмүүсийн дийлэнхи нь хүүхдийн ээжээс ялимгүй сайн амьдралтай ялгаагүй ядарсан хүмүүс байдаг ... Тэд нийлсээр хамжсаар жаахан юм цуглуулсан нь хүүхдэд очих ёстой байсан мөнгийг идэж уусан хүмүүсийн гадаадад зугаацаад ирэх зардлын дайтай мөнгө болдог ...

Тэгтэл бүх амьдрал бас тийм орвонгоороо эргэчихээгүй ээ. Болсон болоогүй улс төр, ялгаа нь байхгүй хэрүүл маргааныг огт тоохгүй, нийгэм дээр байгаа сайн сайхан бүхнийг өөртөө нялзаан өөдрөг сэтгэлээр амьдрах гэж зүтгэвэл болохгүй юм ердөө байхгүй. Явж явж үхэл биднийг өргөөд явчихаагүй цагт хүн ямар ч зовлонг туулаад л гардаг, тэр тусмаа хатуужиж хурцлагдаж байдаг гэдгийг бодолцож үзвэл хорвоо дэлхий хоёр талтай, өдөр шөнө хоёр өнгөтэй ... Өвөл болж цас будран шинэ жил хаяанд ирсэн энэ үед дулаахан орой гудамжны хямдхан кофе хүртэл романтик санагдана ...

Хэцүү хялбар, хар цагааны голч шугам хаана байна вэ ? Хамгийн зөв арга бол гэрэл түгээж сүүдрийг дарах юм. Муу муухай бүхэнд бухимдаж хувийн амьдралаа хорлосны хэрэггүй /гол нь нөлөөлж чадахгүй зүйлдээ шүү дээ ! / Тэглээ гээд шударга бус зүйлийн хажуугаар сохор хүн мэт гарах ёсгүй. Хөөрхий нэг эмэгтэй хүчтэнд дээрэлхүүлж хөгийн залуус гудамжинд тойрч зогсоод сонирхож байвал хүч чинь хүрэхгүй ч ХӨГИЙН АМЬТАД гээд орилчих зоригтой байх хэрэгтэй. Өөрийнхөө нөлөөлж чадах хэмжээг зөв тооцоолон тэр хэрээрээ гэрлийг түгээж, сүүдрийг дарах ёстой. 1000 хүн нэгэн зэрэг утгагүй туйлширсан зүйлийг шээр хийж олонд түгээн 10 хүн л таны зөв эрүүл гаргалгааг анхаарахтай үгүйтэй байлаа ч та бичиж түгээж гэрлийг цацах хэрэгтэй.


Ч.Ганжавхлан 


Би өөрийгөө бүр үнэхээр ойлгохоо болилоо
Би өөртэйгөө үргэлж бас ярих боллоо
Харанхуйд би дуртай болжээ
Хөнгөн биш бүр гүн  ...

Би боох хүлээсийг танихаа больж, би суусан шоронгоо анзаарахаа больж, би хэн гэдгээ мартах шахжээ. Үүнийг өөр хэн ч биш ганцаардал надад сануулах юм, харанхуй намайг гэрэлтүүлэх юм. Би уул нь царайгаа харвал танина даа ... Гэтэл хэн надад энгэсэг түрхчихэв ? Амжилт гэж юу юм бэ ? Алдаа гэж бас юу юм бэ ? ... Амжилтанд хүргэнэ ! гэж амласан зарлал бүрийг хараал идээсэй гэж хүснэ. Тэд ямар утгагүй өрөвдөлтэй жишгийг нийгэм дээр тогтоох нь тэр вэ ? Амьгүй хүүр мэт хэдэн зуугаараа шамбааралдан “Амжилт” гэдэг хаалгаар чихцэлдэн улайрах хүмүүс, тэндээс хасагдаж газар суусан охины нулимс үнэ цэнэгүй. Хөөрхөн гэж юу юм бэ ? Хөөрхөн болохоор хурц мэсэнд зоогдох нүүрнүүд ямар аймшигтай вэ ! Хэн хөөрхөнийг үнэнээр нь мэддэг эцэг эхийнхээ царайг яаж харах вэ ? Энэ бүхнийг хэн ингээд тогтоочихов оо ? Хэнийг дууриан элэглэнэ вэ бид ! Үнэнийг эрсээр олсон хүн үзэлгүй муухай царайнаас нь цочсон гэдэг шүү дээ. Үнэнг бид олохгүй ч үргэлж түүн рүү тэмүүлж байдаг гэдэгт нь итгэх зам ...
Чи намайг унагаана даа би мэдэж байна, маш олон удаа бүдэрч унах болно ... Гэхдээ хүний амьдралын сайхан нь бүдэрч унахдаа биш унах бүрдээ эргэж босдогт байдаг шүү дээ ! Унахаас бүү ай, босох чадалтай мөртлөө өвдөглөн суугаа өөрөөсөө ай, шал хүйтэн шүү, бос гэж чамайг унагасан харгис болоод энэрэнгүй ...

Ч.Ганжавхлан 



Dec 12, 2014

Гэмшил

Өглөөнөөс хойш миний сэтгэл санаа цаанаа л нэг ойлгомжгүй, ямар нэгэн зүйлд гэмшиж зовоод байлаа. Харин энэ бичвэрийг бичих үедээ би өөрийгөө яг яагаад байгааг учрыг олчихоосой гэж хүснэ.

Гэм зэм гэдэг номыг хэн нэгэнд алдчихаж … Дахиад уншихаар хайтал номын дэлгүүрт тэр ном байсангүй. Тасраад их удаж байгаа юм угаасаа

Би муу хүн, би муу хүн, би муу хүн … заза би гэмшчихлээ одоо би буруугүй хаха

2014.12.12