Apr 18, 2007

Эрэгтэй эмэгтэй хүн ба хэл




Та нар эрэгтэй ямаа яаж майлдгийг мэдэх үү ??? Чааваас хичнээн эрэгтэйлэг майлсан ч тэд зөвхөн орилохоос цаашгүй.Харин хүн гэдэг амьтны хувьд дуу хоолойныхоо нарийн бүдүүнээр ялгагдаад зогсохгүй,хэлж буй үгийн утга түүнийг дуудаж буй дуудлагаараа,түүнийг хүлээж авах ухамсраараа ялгагддаг ажээ.Мэдээж та нар эмэгтэй хүн ямар нэгэн юмнаас айх,цочихоороо “Ээж ээ” гэж дуу алддагийг мэднэ.Харин эрэгтэй хүний хувьд энэ үгийг төдийлөн хэрэглээд байдаггүй.Мөн нутаг нутгийн зан заншил өөр байдгаас шалтгаалан эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ярианы хэлбэр ч хоорондоо ялгаатай байдаг байна.Ялангуяа Япон Солонгос улсуудад энэ ялгаа маш их байдаг.Үүнийг эдгээр улсуудын хүйсийн эрх тэгш байдалтай холбож тайлбарлаж болох юм.Учир нь эдгээр улсуудад эрт дээр үеэс эцгийн эрхт ёс маш хүчтэйгээр ноёлж байсан ба эмэгтэй хүмүүсийн хувьд ярихдаа заавал эрэгтэй хүнийг хүндэтгэсэн үг хэллэгийг хэрэглэх шаардлагатай байсан байна.Наад захын жишээ гэхэд л солонгос эмэгтэйчүүд ахыгаа дуудахдаа “Убба” гэж дууддаг байхад харин эрэгтэйчүүд нь “Хёон” гэж дууддаг байна.Энэтхэг улсад эмэгтэй хүн нөхрөө нэрээр нь дууддаггүй ба нөхрөө дуудахдаа “Сүнчо - Сонсож байна уу” гэж дууддаг ажээ. Бусад улс орнуудад ч гэсэн үүнтэй адил олон тохиолдол байдгийн нэг жишээ нь АНУ-ийн индиан овгийнхны нэг болох Монтана-д эмэгтэйчүүд нь талхыг “Кяча”, гэж дууддаг бол харин эрэгтэйчүүд нь “Чача” гэж дууддаг байна.Мөн индиан овгийн хэлний нэг болох “Яана” хэлэнд эрэгтэй нь хэлсэн үг бүрийнхээ ард “На,И” гэх мэтийн залгаврыг залгадаг байна.Энэ хэлээр

Хүн - Эрэгтэй “Яа - На” Эмэгтэй “Яа”
Тэр яваад өгж ч магадгүй -Эрэгтэй “Нисааклу” Эмэгтэй “Нисааклу - И”

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хэл яриа,түүний утга,хэрэглэх хэлбэр нь тухайн амьдарч буй нийгэмтэйгээ салшгүй холбоотой.Хэл яриа нь тухайн хүний нйигэмд эзлэх байр суурийг илэрхийлж байдаг ба үүнийг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү мэддэг байна.

Мөн эмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүсийг бодвол арай боловсон үг хэллэг хэрэглэдэг нь нэгэнт батлагдсан зүйл юм.Үүний бас нэг шалтгаан нь
эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү зөв зүйтэй амьдралыг хүсдэгтэй холбоотой байж болно.Мөн багаасаа эхлээд эрэгтэй хүүхдүүд эмэгтэй хүүхдүүдээс илүү бусдад хүлээн зөвшөөрөгддөг тал бий, ямар нэгэн алдаа дутагдал гаргах юм уу тэдэнд шаардлага тавихдаа эмэгтэй хүүхдэд илүү чанга хатуу ханддаг.Жишээ нь эмэгтэй хүүхэд тамхи татах,гадуур хонох,согтууруулах ундаа хэрэглэх,бусадтай явалдах гэх мэтийн үйлдэл хийхэд тэднийг бусдаас илүүгээр буруутгадаг.Хараалын,ёс бус үг хэллэг хэрэглэх ч мөн үүнд хамаарна.Эдгээрийг арай өөр өнцгөөс нь харж тайлбарлавал хүүхдүүд том хүмүүстэй харьцахдаа хүндэтгэлийн үг хэллэг хэрэглэдэг шиг эмэгтэйчүүд ч гэсэн эрэгтэйчүүдтэй харьцахдаа аль болохоор зөв боловсон үг хэллэг хэрэглэхийг хүсдэг нь нууц биш юм.Харах өнцгийг арай хурц болговол эмэгтэй хүн өөрийнхөө нэр төрөнд амь шигээ хайртай байдаг.Тийм ч учраас аливаа бохир заваан үг хэллэг нь өөрийнх нь нэр төрийг гутаана хэмээн үзэж аль болох зайлхийхийг хичээдэг юм.Өнцөг үлдээхгүйгээр дэлгэж харвал эмэгтэй хүн аливаа зүйлд маш болгоомжтой ханддаг, тэд бусдын сэтгэлд юм хийчихвий,тэднийг гомдоочихвий хэмээн байнга болгоомжилж байдаг,ийм ч учраас харилцагч хүний яриа нь түүнд таалагдахгүй байсан ч аль болох түүнтэй маргалдахгүй боловсон харьцахыг хичээдэг байна.

Энэ хүртэл бид эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хэлний ялгаа болох эмэгтэй хүн яагаад боловсон үг хэллэг их хэрэглэдэг вэ ??? гэдэг талаар ярилцаж үзлээ.Тэгвэл харин одоо эрэгтэй хүн яагаад эмэгтэй хүнийг бодвол боловсон үг хэллэг бага хэрэглэдэг вэ ??? талаар ярилцаж үзэцгээе.

Эрэгтэйчүүдийн боловсон үг хэллэг бага хэрэглэдэг шалтгаан нь бусдад аль болох эрэгтэйлэг харагдахыг хүсдэгтэй холбоотой юм.Тэгвэл эндээс бид нэгэн сонирхолтой зүйлийг харж болно.Боловсон үг хэллэг нь эмэгтэй хүний эмэгтэйлэг төрхийг илэрхийлдэг гэж үздэг бол харин боловсон бус хайнгадуу үг хэллэг нь эрэгтэй хүний эрэгтэйлэг төрхийг илэрхийлдэг юм байна.Эрэгтэй хүний жишээн дээр бид маш олон зүйлийн дурдаж болох боловч хамгийн энгийн жишээ гэвэл өсвөр насны эрэгтэй хүүхдүүд кино,дуун дээрээс ёс бус үг хэллэгийг нь сурч түүнийгээ даган дууриадаг явдал билээ.
Мөн эрэгтэй хүмүүст үхсэн ч энийгээ л аваад үхнэ гэсэн төрөлхийн нэг араншин байдгийг мартаж болохгүй.Энэ бол бүхнийг өөрөө хийж чадна гэсэн итгэл.Тийм ч учраас эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол бусдаас тусламж гуйхдаа төдийлэн дуртай биш байдаг.Ямар нэгэн зүйл чадахгүй мэдэхгүй байгаагаа ч бусдад мэдэгдэх дургүй.БНХУ хийсэн нэгэн судалгаагааны хариу маш сонирхолтой гарчээ. Гудамжинд явж байгаа эрэгтэй,эмэгтэй хүмүүсээс газрын байршил асуухад эрэгтэйчүүдийн 60 хувь нь сайн мэдэхгүй ч гэсэн ямар нэгэн хариулт өгсөн бол харин эмэгтэйчүүдийн 80 хувь мэдэхгүй гэдгээ шууд хэлсэн байна.Эндээс бид эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хэл ярианы бас нэг гайхалтай ялгааг харж болох юм.Эрэгтэй хүмүүс ярихдаа эмэгтэйчүүдийг бодвол харьцангуй өөртөө итгэлтэй түүгээр ч барахгүй бусдад зааварлах маш дуртай байдаг бол харин эмэгтэйчүүдийн хувьд хэн нэгнээс тусламж гуйсан,өөрийнхөө сул талыг илэрхийлсэн үг хэлэхдээ харьцангуй дасал болсон байдаг юм.
Энгийн жишээ татъя л даа.Болд Алимаа хоёр нэгдүгээр хороолол орохоор болж л дээ.Тэгсэн чинь гэнэт Болдын тархинд нь саатал гарч зайсан ордог зам руу явчихжээ.Дулмаа ч яахав угаасаа багаасаа автобусны жолоочтой найзалж Улаанбаатар хотоо өөд уруугуу хэрж өссөн юм болохоороо саяхан гадаадад сургууль төгсч ирсэн Болдыгоо бодвол энэ хотдоо ёстой л нөгөө Асашюрү юм байгаа биз дээ.Тэгээд хэлж л дээ “Хөөе миний хайр буруу яваад байгаа юм биш үү,энэ чинь зайсан гардаг зам ш дээ” , Болд буруугаа мэдсэн ч жишимгүй царайлж (эндээс бүх юм эхэлнэ,тэрээр өөрийнхөө бурууг мэдэж байгаа ч түүнийгээ зөвшөөрөхийг бас мэдэгдэхийг хүсэхгүй) “Тэгээд яагаав ойрд зайсан гарсангүй харин зайсан нэг гармаар санагдаад л ”.Тэгээд тэд зайсан гарахаар нэвтрэх постон дээр очиж төлбөр болох 500 төгрөгөө өгөх гэтэл өнөө Болд чинь түрийвчээ мартчихжээ.Аргагуйн эрхэнд Алимаагаар 500 гаа төлүүлээд дээшээ гарч л дээ ямар нүүрээ чавга болгоод буцалтайн биш дээ тийм үү. Тэгснээ Болд (эндээс 2 дахь хэсэг эхэлнэ,өөртөө ямар нэгэн буруу хэзээ ч тохохгүй харин ч хэн нэгэн уруу чихэхийг оролдоно,өөрийгөө ийм өрөвдөлтэй байдалд орсон гэж бодохоор уур нь хүрнэ,харин тэр хэзээ ч энийг нь Алимаа нээх сүртэй хүлээж аваагүй гэдгийг мэдэхгүй) “Ёооё энэ монгол нээрээ аймар сөнөцөн газар юм энэ муу уул уруу гарахад мөнгө аваад байхдаа яахав дээ” гэж тэнэгтлийг хазгай авна.Харин үүнийг сонссон ухаантай эмэгтэй таагүй уур амьсгал бий болгох гээгүй л бол хэзээ ч “Энэ 500 төгрөгийг авсны ачаар л энд хэн болгон нь ирээд архидаад байхгүй,харуул манаа гарч хулгай дээрэм нь багасч байгаа юм” гэж бодсон ч хэлэхгүй байх гэж найдаж байна.Бас Болд зайсангаас буугаад урд замаар явахаа мэдэхгүй даваа гарагийн орой 6 болж байхад төв замаар ороод 2 цаг бөглөрч “тэнэгтсэн” ч түүнийх нь талаар хэлэхгүй харин ч “Миний хайр ч ойрд бариагүй гэхэд монголд машин сайн барьж байна шүү” гэж хэлнэ гэж найдаж байна..Харин эмэгтэй хүний хувьд энэ тохиолдолд арай өөр байх байсан болов уу “Өө нээрээ тийн ш дээ,би ямар тэнэг юм бэ,ёстой таг саначихаж г.м ........” Гэхдээ дээр дурдсан тохиолдод бол тийм ч дотно биш харьцаа шүү.

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хэлний ялгааны хамгийн нандин зүйлийг мэдээгүй цагт та бүхэн энэ талаар өөрийгөө дутуухан мэдлэгтэй гэж бодоорой.Эмэгтэйчүүд ийн хувьд байнга сэтгэлээ хуваалцахыг хүсдэг бол,харин эрэгтэйчүүд хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг.Эмэгтэйчүүд хэн нэгэнд сэтгэлээ ярина гэдэг нь тэр хүн ч гэсэн өөрийнх нь сэтгэлийг ойлгож хуваалцаасай гэсний үүднээс яридаг болохоос хэн нэгнээс тусламж хүсэхийн тулд ингэдэг хэрэг огт биш юм.Харин үүнийг нь эрчүүд ихэвчлэн буруугаар ойлгож түүнд бөөн заавар зөвлөгөө өгч эхэлдэг.Үүнээс болж эмэгтэйчүүдийн урам хугарах нь бий.Харин эрчүүдийн хувьд сэтгэлээ ярих тохиолдод нь тэр хүнээс оновчтой зөв зөвлөгөө авахын тулд ярьдаг боловч үүнийг мэддэггүй шувуухайнууд өөртэйгөө адилхан сэтгэж, түүнд зөвлөгөө өгөх нь битгий хэл түүнтэй хамт зовж шаналж нус нулимсаа гоожуулж эхэлдэг.

Эрэгтэйчүүд зарим зүйл дээр хэт итгэмтгий байдаг нь тэдэнд өөрсдөд зовлон болдгийг мэддэггүй.Ялангуяа эмэгтэйчүүдийн үгэн дээр энэ нь тод илэрдэг.Эмэгтэй хүн ихэвчлэн өөрийн бодол санаагаа илэрхийлэхдээ түүнийгээ бага зэрэг хэтрүүлж хэлэх юм уу, эсвэл зөвхөн тэр үеийнхээ нөхцөл байдлаар хандах нь бий.Тийм учраас залуусдаа хандаж хэлэхэд үүнд нээх эмзэглээд ганцаараа уянгын дуу сонсож суугаад байх бас үсэрч дэвхцээд байх шаардлага байхгүй юм.Жишээ нь эмэгтэйчүүд “Би чамайг яг санаж үхлээ” гэвэл зүгээр л “Аан намайг санаж байгаа юм байна” гэж бодоход хангалттай.Нэг бол “Чи нээрээ арай хэтэрч байна аа чи хэзээ ч намайг ойлгодоггүй байнга намайг ингэж гомдоож байх юм” гэвэл “Аа манай хүн надад жаахан гомдцон байгаам байна даа” гэж бодоход хангаллттай.Энд эмэгтэй хэлсэн “хэзээ ч” гэдэг үгийг үгийн үндсэн утга тэр хэлбэрээр нь хүлээж аваасай гэж тэд “хэзээ ч” боддоггүй.Тухайн хэлж байгаа хүн нь өөрөө тэгж бодож хэлээгүй байхад ёстой нөгөө “зүгээр байхад зүгээр байгаарай” гэдэг шиг эрэгтэйчүүд заавал тэрийг асуудал болгох шаардлагагүй байхгүй.Энд би мэдээж эмэгтэйчүүдийг дандаа худлаа яридаг гэж огт хэлэхгээгүй бөгөөд зүгээр л сэтгэл хөдлөлөө хүчтэй үгээр л илэрхийлдгийн талаар ярьж байгааг ойлгож байгаа байх гэж найдаж байна.Яагаад эмэгтэйчүүд гүндүүгүй тайван мөртлөө мэдрэмжтэй эрчүүдэд дуртай байдгын хариуг та нар бараг бодоод олчихсон гэж найдаж байна.

Тэгээд ч ер нь эмэгтэйчүүд бол RAPPORT TALK (харилцааг чухалчлах яриа)
Харин эрэгтэйчүүдийн хувьд бол REPORT TALK (утга санааг чухалчилсан яриа)
гэдгийг сайн ойлгох шаардлагатай юм л даа.

Та бүхэнд нэгэн залуугийн яриаг сонсгоё.
Нас 27 нэр Чон Ён Жэ
Саяхнаас эхлээд би анх уулзсан хүмүүсээсээ эмэгтэй хүн шиг гэсэн үгийг байнга сонсох болсон юм.Тэгээд юу нь тийм эмэгтэй хүн шиг байна гэж асуухаар бүгд “Мэдэхгүй ээ бие,царай бүх юм чинь зүгээр л мөртлөө яагаад ч юм эмэгтэй хүн шиг санагдаад байх юм” гэж хариулна.Тэгээд маш удаан хугацаанд би өөрийнхөө эрэгтэй найзуудтай байх,мөн эмэгтэй найзуудтайгаа байх үеэ харьцуулж үзсэний үр дүнд учрыг нь олсон юм.Бүх юмны учир миний ярианы онцлогт байсан нь тодорхой боллоо.Учир нь би эх хэл судлалын 3 курсын оюутан ба энэ мэргэжлээр эрэгтэйчүүд маш ховор сурдаг,би бараг ганцаараа ангидаа эрэгтэй нь байсан юм.Тийм учраас энэ 3 жилийн хугацаанд эрэгтэй хүнтэй найзлахаасаа илүү эмэгтэйчүүдтэй нөхөрлөсөн нь голдуу байлаа.Дээрээс нь миний мэргэжлээс шалтгаалж миний хэл яриа ч өмнөхөөсөө харьцангуй боловсон болсон байлаа.Эндээс би мөн ямар нэг хүнтэй удаан байвал өөрийн эрхгүй түүний ярианы хэлбэрийг дууриадгийг мэдэж авсан юм.

Та нар ч гэсэн дээрээ дөрөв,таван эгчтэй айлын ганц бандийн хэл яриа нь ямар байдгийг анзаарч байсан байлгүй.

За за ингээд эрэгтэй эмэгтэй хүний зөвхөн хэлний ялгааны талаар бид товчхои ярилцаж үзлээ.Тархины бүтэц,биеийн хэлэмж,гаргах хүч гэх мэт нарийн ширийн зүйлийг нь хасаж арай амьдралд ойрхон та бүхэнд хэрэг болох байх гэсэн зүйлээс нь жаахан тасалж аваад ярихад л ийм хэмжээний юм болчихож,тэгэхээр эрэгэй эмэгтэй хүн гэж ямар тэмээ ямаа шиг ялгаатай амьтан бэ гэдэг төсөөлөл бараг орж байгаа болов уу гэж найдаж байна.



Май май ........ Ээ чи жаахан эрэгтэйлэг л дээ

Үгүй ээ би чадаж байна хүмүүс л ойлгож
сонсохгүй байгаа болохоос ........май май