Mar 9, 2009




Агуу бүхэн надад энгийн санагдана , харин энгийн бүхэн надад агуу санагдана.Агуу бүхэн амьдралаас өөрөөс нь урган гардаг ажээ.Харин энгийн бүхнийг хүн бүтээх гэж оролдоно.Тэгэхээр би ч болоогүй байна даа.

"Цаасан цонхыг 
Цоолох хүнгүй боллоо
Гэтэл гэрт хичнээн хүйтэн" 

Энэ бол японд төдийгүй дэлхийд алдартай хайку 
Энэ Хайкуг нэгэн эгэл жирийн япон бүсгүй бичсэн гэдэг.Дээр үед японы байшингууд цаасан цонхтой байжээ.Энэ бүсгүйн хүүхэд нь цаасан цонхыг байнга хуруугаараа цоолон завсар гаргана.Ингэх тоолонд нь өвлийн жихүүн хүйтэн салхи гэрт орж ирж тэднийг дааруулна.Төд удалгүй түүний хүүхэд нь золгүй өвчнөөр хорвоог орхижээ.Зовж шаналсан бүсгүй бяцхан үрээ санан гансрахдаа энэхүү хайкуг бичсэн гэдэг.Бүсгүй нэрд гарах гэсэндээ энэ хайкуг бичээгүй нь хэнд ч ойлгомжтой.

Агуу юм бүхэн амьдралаас өөрөөс нь урган гардаг , агуу зүйл бүхэн амьдрал өөрөө байдаг.

Өндөгний хальс


Чойномын шүлгийг Сосорбарам биш нэг эмэгтэй хүн уншиж байх юм.Би түүнийг сонсонгоо оройны 10 цаг өнгөрч байх үеэр нэгэн жижиг гуанзанд өндөгтэй хуурсан будаа идэж байлаа.Гэтэл миний хоолонд өндөгний хальс байлаа.Хатуу хальс аманд зажлагдана.За яахав гэтэл дахиад л зажлагдлаа.Тэгэхээр нь өндөггүй хэсэгийг нь түүж идлээ.Тэгэсхийгээд тэндээс гарлаа.Намайг гарахад дахиад ирээрэй гэлээ.Яагаад ч юм миний уур ерөөсөө хүрсэнгүй.Би өндөгний хальснаас болж үйлчлэгчтэй хэрүүл хийгээд ч яах юм билээ.Чухам би түүнийг дийлээд тэр 7 юаныг буцааж авлаа гээд юу ч өөрчлөгдөх юм билээ.Тэр хальс миний гэдсэнд ороод өндөг болж ургана гэж үү ??? Тэр хоолыг хийсэн тогоочид намайг албаар хорлох ямар нэг шалтгаан байх гэж үү ??? 

Чойномын шүлэг надад нөлөөлжээ ... 

Mar 5, 2009

Учрыг нь олохсон энэ амьдралын.



Юу ч хийсэн утга учиргүй мэт санагдах энэ байдлаа яалтай нь билээ би.Өндөр байшин, компьютер,хурц гэрэл,худлаа инээх хүмүүс .... Бусдыг нь биш юмаа гэхэд ядаж хар амиа бодоод ганц өөрийгөө ч болтугай аваад энэ бүхнээс холдох юмсан.Хамгийн энгийн амьдралтай, байгалтай хамгийн ойрхон тэр л газрыг олж амьдрахсан.Хиртэйгээ зууралдан хэдэн ч хоногоор хамаагүй элдэв ном шагайж хэвтэхсэн.Багынх шигээ хол газар алхаж үхрээ хурааж ирэхсэн.Замдаа ам ангаж хүйтэн булгын ус залгилахсан.Намайг магтахаар би их баярлаж , намайг муулахаар миний буруу байсан ч надад их муухай санагдах юм.Заримдаа өөрөө өөрийгөө магтаж ч үзэх юм.Энийг хүмүүс аягүй бол буруу зан , муу зан гэх байхдаа.Би тэгэхээр нь бурууг зөв болгох гэж , муугаа сайн болгох гэж өөрийгөө засах гэж оролдох ёстой гэж үү ??? Үнэхээр муу зүйл мөн бол надад их гай тарина биз , тэгээд ирэхээр би өөрөө аяндаа ухаараад болино биз.Сайн сэтгэлт та бүхэн минь л намайг тайван орхиж үз , би энэ насандаа бусдад туслаж чаддаггүй юм аа гэхэд гай тарихгүй амьдарч чадна.Ингэж бичих тусам улам л хөдөө тосгон уруу явахыг хүснэ.Солонгос хэлний ч юм уу багш болоод нэг суманд хуваарилагдах юмсан.Өдөр нь хичээлээ заачихаад л орой нь голын эрэг дээр нутгын ардтай элдвийг хуучлаад л.Амралтын өдрөөр уул усаар зугаалаад л... Байгал эх намайг элдвээр сонжиж буруу зөвийг минь ялгах гэхгүй.Намайг муу хүн гээд надаас булгын усаа харамлахгүй , намайг сайн хүн гээд тэнгэрээс жимсээр бороо оруулахгүй.Миний өвөө их өөрийгөө магтах дуртай хүн байсансан , бас хүнд гэмгүй худлаа залчихдаг ч хүн байсан юм.Өвөө минь урмаар амьдардаг хүн байжээ.

Өөрөөрөө бахархаж амьдрах сайхан



Найз минь , би чамайг Хаантаан гээд дуудчихья.Учир нь чи бол зөвхөн өөрийнхөө жижиг хаант улсын хаан эзэн нь шүү дээ.Ах аа хүмүүс таныг архичин адгийн новш гэх юм тэд таныг юу ч гэж дуудаж байсан би таныг Хаан л гэж хүндлэх болно.Учир нь та чинь хүн шүү дээ.Хүн болгон эзэн хаан , учир нь тэд бүгд өөр өөрийн ертөнтэй , өөрийн гэсэн хаант улстай.Тэдний хэн нь ч хэзээ ч хэнийхээ ч ертөнц рүү жинхнээсээ орж үзээгүй , хэн нь ч хэнийгээ жинхнээсээ мэдэхгүй тийм болохоор бие биенээ хүндлэх л хэрэгтэй.Францын философич Монтэнь , Хятад улсын аугаа сэтгэгч Күнз эд нар л болохоор айхтар дотоод ертөнцтэй , харин зах дээр бууз зардаг манай монгол эмээ болохоор хоосон толгой болж таарч байна уу ??? Манай эмээ зүгээр л одоохондоо тэд нар шиг ном гаргаагүй л байхгүй юу тээ ???

 

Эгч ээ хүмүүс таныг янхан гэж дуудах юм , би харин таныг Хатантан ч юм уу эсвэл Гүнжхэн гэж л дуудмаар байна.Таны юу хийж байсан чинь надад хамаагүй ээ та чинь хүн шүү дээ.Та ч гэсэн ялгаагүй над шиг хол байдаг ээжийгээ санаж л байгаа,таны дотор ч гэсэн маш том ертөнц байгаа.Би угаас тэр гайхалтай ертөнцийг хэзээ ч олж харахгүй юм чинь таныг хүндлэхээс яахав дээ.Эгч ээ та хамгийн гол нь өөдрөг байгаарай , тэгвэл тэгээд л аяндаа болоод л явчихна.Таны наад хийдэг ажлыг чинь янхан гэж нэрлэдэг юм бол энэ хорвоо дээр янхан шиг олон юм байхгүй ээ.Зүгээр арга барил нь л арай өөр юм билээ.Та бол заримаас нь хамаагүй дээр , зарим нь бүүр үзэл бодол , хүн чанараа,эх орон,газар шороогоо хүртэл худалдана гээч.

 

Ээ ахын дүүгийн өмсөж зүүснийг ээ ??? Уранхай ноорхой,хиртэй бөөстэй.....Хаант улсаа газар доор байгуулаад авсан юм биз дээ эрхэм Ханхүү минь ? За яахав яахав.Нас залуу байна удахгүй дээшээ гараад ирнэ.Ахын дүү сэтгэл санаагаараа л баян бай тэгээд л аяндаа аз жаргал өөрөө чамайг эргүүлээд салахаа болино.Тэр үед нь бүр албаар тоогоогүй юм шиг дүр үзүүл за юу.Цаагуур чинь алтан ордонд алтан орон дээр унтдаг зарим хүмүүс амиа хорлож байна.Ахын дүү чинь агуу их баатар сансрын нисгэгч байхгүй юу.Юу яаая , нэг бол хоёулаа яая , байлдаж тоглий.Доор зэвтэй төмрийн хаягдлууд байгаа биз дээ.Өө зөв дөө , тэр чинь жинхэнэ цэргүүд байхгүй юу.Хужаагийн пивор тоглоомноос хамаагүй дээр.Чи их бууны анги бол , би явган цэргийн флот больё.Тэгээд 2 уулаа хоод идье , өө хоол идье гэж ах  нь ерөөсөө 1000 -хан төгрөгтэй.Уул нь өмнө нь энүүгээр чинь 2 хүн хооллочихдог л байлаа.За за би ер нь гэртээ идчии чи энүүгээр нэг юм олоод идчих.Байгаагаараа баян гэж муу өвөө минь хэлдэгсэн.Чи ч бас гайгүй ээ төмөртөй байна.Ах нь хөдөө байхдаа модоор цэрэг хийдэг байлаа.

Mar 4, 2009

Сонссон бус бодсоноо , хүний бус өөрийн



 

Юуны өмнө энэхүү тэмдэглэлийг бичиж байгаа миний бие өөрөө ч өөрийн бичсэн шигээ байж чаддаггүй боловч байнга тийм байхыг зорьж явдагаа хэлье.Миний бодлоор бидний ихэнх нь өөрөө ч сайн мэдэхгүй үнэн худал мэдээллийг бусдад дамжуулж байдаг цуурайнууд билээ.Магадгүй үүний ачаар бидний амьдрал илүү сонирхолтой , утга учиртай болж байдаг байж болох ч маш олон тохиолдолд энэ нь биднийг маш өрөвдөлтэй байдалд оруулчихаад байхад хүртэл түүнийгээ ойлгохгүй зовж шаналахад хүргэдэг билээ.

 

Хүн бид маш итгэмтгий гэнэн амьтад юм.Хамгийн энгийн жишээ хэлье.Миний нэрийг Суланцэрэн гэдэг л дээ.Гэхдээ үнэндээ миний нэр бол Ганжавхлан.Харин намайг нэрээ Ганжавхлан гэж засаж хэлэхээс өмнө та нар намайг Суланцэрэн гэж итгэсээр л байх болно.Би тэгнэ гэдгийг нь маш сайн мэдэж байна.Яг ийм аргаар 18-тай банди нар 21-тэй охидыг найрдаг.Луйвар булхай ч гэсэн яг ийм л энгийн аргаар хийгддэг.Ингээд бодохоор өмнө нь хэзээ ч харж байгаагүй дөнгөж танилцсан хүнийхээ хүртэл хэлсэн үгэнд итгэж байдаг хүн гэдэг яасан гэнэн амьтан юм бэ ?? Гэвч чухам л хүмүүс бие биедээ ийнхүү итгэж чаддагийн улмаас хүний нийгэм оршин тогтдог.Бид цаасыг мөнгө хэмээн итгэж,түүгээрээ хүссэн бараагаа сольж болно гэж итгэдэг.Энэ ид шидэт итгэлийн хүчээр тэр цаас үнэхээр мөнгө болж хувиран,хүссэн зүйлийг нь түүнд өгдөг.Итгэл л өнөөдрийн энэ агуу ертөнцийг бүтээсэн.Гэвч энэхүү итгэл зөвхөн сайн зүйлийг бидэнд авчирсангүй.Гитлер бол дэлхийн удирдагч , харин бид бол дэлхийн эзэд хэмээн итгэсэн асар олон сая германчуудын нүдэнд “итгэл” л гялалзаж байлаа.Итгэл л хүмүүсийг шашны мөргөлдөөнд амиа золиослоход хүргэж , итгэл л хүүгийнх гараар эцгийг нь хөнөөлгөж чадсан юм.

Итгэлийг гол хүчин зүйл нь мэдээлэл билээ.Тэгэхээр бид өөрт ирж байгаа мэдээллийг зөв ялгаж салгаж ойлгох хэрэгтэй болж таарах нь.Тэгвэл завсар зайгүй чиний тархи уруу цутгаж байдаг эдгээр мэдээллийг үнэн зөв , өөрт ашигтайгаар хэрхэн ялгаж сурах вэ ??? Ер нь тэгэх ч хэрэг байгаа юм уу ??? Тэгсэн тэгээгүй бид өнөөдрийнхөөрөө сайхан амьдраад болоод л байна.Үүнээс болоод учиргүй муудсан гэх тодорхой баримт байгаа юм уу ???

 

Хэрвээ эдгээр асуудлын хариуг , үүний хичнээн чухал болохын утга учрыг хүн бүхэн мэддэг байсан бол өнгөрсөн , одоо тэр байтугай ирээдүйг ч өөрчилж болохсон.Агуу Марксын социалист онол угаас буруу алдаатай юм гэдгийг ялгаж ойлгоод ухаарчих толгой хүн бүгдэд байсан бол тэр үед тэр их хүн үхэж үрэгдэх байсан гэж үү ??? Мэдээлэл харвасан сум шиг маш хурдан тархаж байсан , хүн бүр сонсоод л хувьсдуулсан мэт үүнд итгэцгээсэн.Үр дүн нь үүний алдааг илрүүлж , буруугын эсрэг тэмцсэн үй олон гэмгүй сэхээтнүүдийн үхэл байсан.

Мянган жилийн турш бүх европчууд тэр аяараа мал болцгоосон.Тэд бурхан зөвхөн номлогч пастеруудын хэлийг л ойлгож сонсдог гэж үнэнээсээ итгэцгээн өргөл барьц болон тэднээр дамжуулж бурхандаа залбирч байлаа.Энэ үед сүмийнхэн ид хүчээ авч оргилдоо хүрч байсан ба энэ үеийг түүхэнд “Хар хувалзны үе” гээ тэмдэглэжээ. Өнөөдөр манай улсад олон хүн хоёр сая төгрөг бэлнээр өгнө гэсэн хүний үгэнд итгэн УИХ-ийг сонгож байна.Тэд төсвийн мөнгө ард түмний халааснаас урсдаг гэдгийг зүгээр л мартсан эсвэл огт мэддэггүй.Бүх зүйл , бүх зүйл мэдээлэл дээр тогтож мэдээлэл бидэнд эрх мэдэл өгч , мэдээлэл хүнд мөнгө бэлэглэж , мэдээлэл хүнийг устгаж сөнөөж байна.Ийм үед зөв буруу мэдээллийг ялгаж салгах чадваргүй болоод мэдлэггүй хүмүүс өөрсдөө ч мэдэхгүй буруу алдаатай зүйлсийг хөхүүлэн дэмжиж,авилгачдыг сонгон шалгаруулж,тэднийг магтаж сайшааж түүнийгээ бусдад тараан үнэгүй суртачилгааг нь хийж өгцгөөнө.

 

Монголчууд бид “мэдэхгүй” гэж хэлэхээсээ их айдаг хүмүүс юм шиг.Бид заримдаа бусдаас зам асуухад зарим нэг хүмүүсийн үнэхээр мэддэг юм шиг маш итгэлтэй хэлж өгсөн хаяг шал худлаа байх тохиолдол байдаг.Тэгвэл үүнийг жаахан томруулж харья л даа.Нагац ах Төөгөө үеэл дүү Дэрмээдээ мэргэжлээ хэрхэн сонгохын талаар зөвлөгөө өгч байна гэнэ л дээ.”Ахын дүү ах нь чамаас илүү оймс элээсэн , ахын дүү ерөөсөө л хуульч бол , чухам л ахынхаа үгийг сонс , сүүлийн үед цаана чинь дэлхий дахинаа ....... чи хэрвээ хуульч болчихвол монголдоо төдийгүй ирээдүйд гадаадад гарсан ч ....” . Зурагт , радио , сонин , гадаадад ажилладаг найз ..... аль нэг дамжуулах сувгаар Төөгөө ахад уг мэдээлэл ирж л дээ.Ах энэ талаар олигтой мэдэхгүй ч аль үнэмшилтэй сонсогдсонд нь,хэн гоё ярьсанд нь очоод итгэчихэж.За энэ яахав , тэрхэн үедээ яриад л өнгөрөө биз.Тэгтэл өнөөх Төөгөө чинь чухам л ганц хүндэлж явдаг ах минь зөвлөсөн юм гээд үнэхээр хэлснээр нь гүйж очоод хуулын мэргэжил сонгочихвол яахав ??? Хэрэгцээнээ хэд дахин давсан , дээрээ татаасгүй учраас төгсөөд ажил олж чадаагүй , худалдагч хийн аяга угааж байгаа хэдэн арван мянган “хуульчдын” эгнээнд элсэх үү ??? Ямар ч үндэслэлгүй , гол нь уг хүн өөрөө огтхон ч сайн бодож үзээгүй , зүгээр л хүний сайхан ярьсныг дамжуулаад хэлчихсэн хэдхэн үг асар их “бодит” хохирлыг араасаа дагуулах аюултай.Уул нь Төөгөө ясны зураач болох авьяастай хүүхэд байсан бол яана.

 

Ингээд яриад байвал асуудал маш их байна тэгвэл одоо гарцыг хайя.Миний бодож байгаагаар гурван асуудал дээр зайлшгүй өөрчлөлт хийх хэрэгтэй.      

 

1.         Эцэг эхийн хүүхдээ хүмүүжүүлэх арга барил

Эцэг эхчүүд хүүхдийнхээ бие дааж шийдвэр гаргаж өөрөө шийдэж чадах зүйлийг хүртэл өмнөөс нь шийдэх гэдгээ болих хэрэгтэй.Энэ нь хүүхдэд алдах боломж олгохгүй байгаа муу үр дагавартай юм.Улмаар хүүхэд аливаа зүйлийг өөрөө шийдэж чадахаа больж байнга өөрөөсөө илүү гэж бодсон хүнээ түших хандлагатай болдог.

2.         Сургалтын систем

Сургууль сурагчдын бие дааж дүгнэлт хийх , өөрөө сонголт хийж сурах тал дээр түлхүү анхаарах хэрэгтэй.Шиэнэлэг онцлог санаа гаргасан сурагчдыг номон дээр бичсэнээс нь өөр зүйл бодож сэтгэсэнээс нь болоод буруутгахаа болих хэрэгтэй.Ялангуяа өөрөө номноосоо илүү зүйл мэддэггүй зарим нэг багш нар.Үг үсэггүй цээжилснээрээ биш “ойлгож , мэдсэнээрээ” өндөр үнэлгээ авдаг тогтолцоотой болох хэрэгтэй

3.         Бусдын туршлагаас суралцах

Бид өнөөдөр үнэндээ цоо шинэ замаар биш харин бусдын алхаж өнгөрсөн зам дээр л алхаж байна.Тиймээс бусад орны , биднээс түрүүлж хөгжиж амжилтанд хүрч чадсан орнуудын алдаа туршлагаас суралцах хэрэгтэй.

Жишээ нь : Япон хүмүүс бусдад аливаа мэдээллийг дамжуулахдаа анхаасаа өөрөө мэддэг юм шиг бус харин “тийм ном,тэр сэтгүүл дээр тэр тэгэж бичсэн байна лээ , тэр нь надад маш их таалагдсан эсвэл харин би бол ингэж бодож байна” гэж ярьдаг , бас мэдэхгүй зүйлээ “мэдэхгүй” гэж хэлдэг. Бид үүнийг сурах л хэрэгтэй.

Тэгтэл манайд зарим нөхдүүд баахан сонин харж байснаа “За байз Монгол банк нийт хөрөнгийн сангаасаа болоод хямарчихлаа , уул нь одоо дэлхийн банкнаас хэдийг л бол хэдийг өгье гээд байгаа , уул нь авчихвал ерөнхий нөөц валютынхаа утгаар мөнгө эргээд эхэлнэ.Тэгсэн чинь манайхан төсвийн тодотголоо хийж өгөхгүй удаад байх юм .... ” гэж ирээд л мэдэж байгаа ч юм уу үгүй юм уу ярих юм.Нөгөөтөх нь нэлээд сонсож байснаа цааш нь “Дэлхийн валютийн сангийн төсвийн тодотгол хямраад ерөнхий валютаа нөхөж чадахаа байчихлаа одоо энэ Австрали ч баларсаан баларсан ..... яагаад гэхээд нөгөө Австрали чинь дундад азийн зээлд .....” гээд л бурах юм.

 

Харин Солонгосчууд бол асар их заргач дээр нь тэмцэгч хүмүүс.Саяхан үхрийн мах АНУ импортолсон хэргээс болоод шинэ сонгогдсон ерөнхийлөгчөө бараг аваад хаячих шахсан.Намайг БНСАУ сурдаг байхад тэндхийн оюутнууд бараг өдөр болгон засгийн газраа эсэргүүцэн бослого хийдэг байсан.Тэдний хуулинд хүчний байгууллагынхан сургуулын хашаа уруу нэвтрэхийн хориглосон заалт байдаг.Хүчнийхэн бослогыг дарахаар ирэнгүүт л оюутнууд сургуулынхаа хашаа уруу орчихдог.Харин манайд бол гар буугаар буудаад азаар амьд үлдсэн хэдийг нь бариад хорьчихдог юм билээ,би энэ зун харсан.

Солонгост хэн нэг хүн бараа худалдаж аваад тэр нь ямар ямар нэг асуудалтай байвал тэрийгээ буцаагаад зогсохгүй үхтэл нь муулаад интернет дээр тавьчихдаг , ингэх эрхийг нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага гэдэг нь хамгаалж байдаг юм билээ (уул нь манайд ч гэсэн байдаг).Үүнээс болоод дампуурсан компани маш олон бий.Ингээд ирэхээрээ үйлдвэрлэгчид нь барааныхаа чанарт онцгой анхаарч эхэлдэг.

 

Бид үүнийг сурах л хэрэгтэй.Бид дэлхийн талыг эзэлж явсан агуу түүхтэй , бүх түүхээрээ хятадад өргөл барьц болж амьдарсан Солонгосыг бодвол агуу нь үнэн л дээ.Гэхдээ л айлд хэрвээ биднээс илүү сайн зүйл байвал бид сурах л хэрэгтэй.