Oct 31, 2012

Ганзориг ахын гэгээн дурсгалд


Хүний наймааны эсрэг хамтдаа тэмцэж явсан Ганзориг ах маань өнөө өглөө зуурдаар нас барлаа.Хэдхэн хоногийн өмнө тэр надад ингэж ярьсан “Ах нь ер нь хуулийн сургуульд явна гэж бодож байгаа, тэгээд хүний наймаанд охиноо алдсан над шиг хүмүүст тусламаар байна” гэж.Гэтэл тэр хүн өнөөдөр энэ хорвоо дээр алга.Тэрээр сүүлийн 7 жил хулгайд алдсан охиныхоо араас сэтгэл нь шимширсээр, эцэстээ хэтэрхий ахадсан зовлонгоо дааж чадсангүйдээ.

Цэцэг цэврүү шиг жаахан охиныг нь хулгайлж өдөр
шөнөгүй хүчиндэн яргалж, өчүүхэн биенд нь дэндүү ахадсан харгис зовлонг үзүүлсэн.Ганзориг ах тэмцсэн, нэг хөл нэг гаргүй ч гэсэн шудрага ёсны төлөө, охиных нь амьдралаар тоглосон хүмүүст хариуцлага тооцуулахын төлөө ганцаараа олон жил тэмцсэн.Даанч тэр Монгол улсын хууль шүүхийн байгууллагын талаар хэтэрхий нимгэн ойлголттой байж дээ.Улаам цайм хэргийг нь 3 удаа шалтгаангүй хаасан, төрсөн хүүд нь хуурамч хэрэг тохоон 6 сар шоронд суулгасан, сүүлдээ амыг нь барьж чадахгүй болохоор эргээд өөр дээр нь зохиомол хэрэг үүсгэн хүн зодсон, охиноо хүчиндсэн хэргээр эрүү үүсгэн ялласан.Гэтэл тэр хүн чинь хүн зодох нь байтугай хөл дээрээ ч ганцаараа явж чадахгүй хүн шүү дээ.Үнэхээр цөхөрсөн дөө хөөрхий, хамгийн сүүлийн аргаа барсан сонголт нь хэлмэгдэлтийн хөшөөний өмнө суулт хийх байсан байх.”Хүний наймааг зогсооё” гэсэн лоозон бариад тэнд сууж байхад нь анх би түүнтэй танилцсан юм.Мөнгөөр амаа боолгоогүй, хэзээ ч боолгохгүй байсан хамгийн үнэтэй амьд гэрч маань тэмцлийнхээ эцсийг надтай цуг үзэж чадсангүй.Тэр гэхдээ Монголын нийгэмд маш том анхааруулгыг, маш чухал мэдээллийг хүргээд насан эцэслэлээ.Магадгүй түүний амь насны золиос, үнэ цэнэ үүнд орших байх.

Би түүнд өртэй.Маш олон хүмүүс түүнд өртэй.Түүний охиныг эд бараа мэт арилжсан хүний ялгадаснууд түүнд өртэй, авилгал хээх хахуульд идэгдсэн Монголын төр шүүх цагдаагийнхан түүнд өртэй, түүний охиныг халтар хэдэн төгрөгөөр үнэлж эд бахаа хангасан “Эр хүн” нэртэй арчаагүй новшнууд түүнд өртэй, харсаар мэдсээр байж нүдээ анин өнгөрсөн хүн бүр түүнд өртэй.Намайг туслая дэмжье гэж гуйсаар байхад улс төр шоу болгон ойлгосон, ялзарсан ядуу сэтгэлгээтэй олон хүмүүс үүнд өртэй.

Бид ер нь яачихсан юм бэ ? Монголчууд, Монголын залуу үе яагаад ийм хулчгар амиа бодсон болоо вэ ? Юуны сүрэнд дарагдан ийм доожоогүй дуу султай болов ? Уур омогшил нь дотроо багтаж ядсан, сав л хийвэл эх орон шудрага ёс ярьдаг тэр сүртэй мундаг залуучууд архи ууж, шалиглахаас өөр зүйл чадахаа болио юу ? Хэн ч биш юмнуудын хөлийг долоож, хувийн өчүүхэн ашиг сонирхлынхоо төлөө олон олон гэмгүй хүмүүсийн амьдралыг сүйтгэн яваа өөдгүй хүмүүс, эрх мэдэлтнүүд.Янхан авдаг хүмүүсийн ихэнхи нь 40-50 насныхан, нөгөө зааж сургаад байдаг мундаг коммунистууд маань шүү дээ.Ганзориг ах хулгайлагдсан ганц охиныхоо хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх гэж хичнээн их хүнд суртал, худлаа амлалт, доромжлол шүүх цагдаагийнхнаас амссан гэж санана.Тэд үнэндээ л шийдэж өгөхийг хүсээгүй дээ.Ямар ч ашиггүй, харин ч эвгүйдвэл ажлаасаа салж мэдэх зүйлээр хэн ч оролдохыг хүсээгүй.ТББ-ууд туслах гээд хүч нь хүрээгүй.

Хэцүүхэн амьдрал түүний ард үлдлээ.Энэ гэр бүл хүний наймааны хохирогч болсныхоо төлөө, амьд гэрч болж үлдсэнийхээ хариуд үүрдийн айдас, заналхийлэл дунд өдөр хоногийг өнгөрөөн эхнээсээ амь насаа алдаж эхэллээ.Дараагийн гай зовлон хэзээ, хэнд учрах бол ? Би хувьдаа Б охиныг маш хурдан гадаад руу гаргамаар байна.Түүний амь хутганы ирэн дээр байгаа, учир нь тэр амьд гэрч.Монгол улс хүнээ хамгаалж чадахаа больжээ.Миний энэ бичлэгийг уншаад намайг хэрхэн алга хийхээ бодоод эхэлчихсэн хүмүүс байж ч магадгүй.Бидэнд мэдэгдэхгүйгээр маш олон хүмүүс хорвоог орхисоор байгаа.Хүнийх гээд түлхсэн асуудал минь эргээд бидний толгой дээр буух цагт харамсаад барахгүй хувь тавилан биднийг хөмрөх вий дээ Монголчууд минь.

Би үнэхээр хүнээс мөнгө гуйхгүй юмсан гэж боддог байсан.Гэхдээ би өнөөдөр 50,000 төгрөгөөр л энэ айлд туслаж чадах юм байна.Хүнээс дутуу төрчихөөд хүн шиг амьдарсан Ганзориг ахыгаа хүн шиг гаргаад өгчих юмсан, үлдсэн гэр бүлийнхэнд нь туслачих юмсан.

Oct 12, 2012

Хүний наймаа буюу хүнээ алдсан Монголчууд


/Б охины урласан бүтээл/


Хүний амьдрал ч үнэндээ шоглоомтой юм даа.Нэг нь амьдрах гэж ядаж байхад, зарим нь нэгнийгээ эд бараа мэт зарж борлуулан, бусдын охидыг худалдаж олсон мөнгөөрөө өөрийнхөө охины сургалтын төлбөрийг төлж явах.Кинон дээрээс л үзэн халаглан суудаг байсан ХҮНИЙ НАЙМАА Монгол улсад минь ямар ч эргэлзээгүйгээр оршин байна гэж бодохоор, тэр ч байтугай төр засаг, цагдаа сэргийлэх, иргэний бүртгэлийн газар хүртэл үүнтэй холбогдон, энгийн нэгэнд дийлдэхгүй том сүлжээ болсон байна гэж бодохоор, үүнийг яг л нэг сарын өмнөх над шиг ихэнхи залуус, хүмүүс огт мэддэггүй гэж бодохоор Монгол хүний хувьд, энэ улсын ирээдүй болсон залуусын төлөөлөл болсныхоо хувьд яав ч зүгээр суумааргүй санагдан, хүний наймааг заавал зогсоох ёстой гэж шийдлээ.Зарим хүний хэлдгээр “Санаснаар болдог бол буудчих юмсан”

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхөнтэй очиж уулзлаа.Тэд бол амь насны эрсдэл дагуулсан аюултай ажлыг сайн дураараа хийж байгаа буянтай, бас зоригтой Монгол хүмүүс.Гадаад дотоодын олон залуус энэ уулзалтын үр дүнг хүлээж байгаа, хамтдаа зургаа нэг авахуулчихья гэж гарахынхаа өмнө хэлэхэд тэгэж зүрхлэхгүй байгаагааас нь харахад үнэхээр ямар дарамт, айдсан доор энэ ажлыг хийдэгийг нь төвөггүй мэдэж болохоор байлаа.        

“Хүний наймаа Монголд” сурвалжлагыг минь 5 хоногт 21000 үзжээ.Маш том амжилт.Хүний наймаа Монгол улсад яг яаж явагддаг вэ ? Би шууд энэ бодит жишээн дээрээ ярия л даа.Учир нь энэ бол нэгэнт “Цайрсан” хэрэг.Тэд охидыг 2 аргаар энэ замд оруулдаг нэг нь шууд хулгайлдаг, эсвэл уруу таттаг.Та нар мэднэ дээ 170 дээш өндөртэй царайлаг охидыг өндөр цалинтай ажилд … Харин Б охиныг бол шууд хулгайлсан, дараа нь хүчээр биеийг нь үнэлүүлсэн.Баттай хүмүүсийн /энэ хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгч, хуульч мөн эцэг эх/ ярианаас сонсоход “Хөшигийг нь яраад харахад 2 давхар ортой наар байсан, энэ нь охидоо байрлуулдаг оромж, тэднийг амь голтой байлгахын тулд өдөрт бэлэн гоймонгоор л хооллодог байсан” …  Б охин хүн харахад өхөөрдмөөр цайлган охин.Тэр маш сайн зарагддаг байсан гэсэн.Тэгтэл юу болсон гээч ? Хүний наймаачдын нэг нь түүнийг хүчиндэн жирэмсэн болгосон.Жирэмсэн болсныхоо дараа тэр зарагдахаа больсон, тэгэхээр нь гудамжинд гаргаад хаячихсан.Хөөрхий охин гэрээ олоод харьсан.Охин хүүхдээ авахуулаагүй,  төрүүлсэн.Өнөөдөр энэ охидууд хичнээн олон төрж болох, бурхнаас заяасан амийг зүв зүгээр байхад нь аборт хийлгэж байна даа.Тэр бичлэгэн дээр гардаг, 3-хан сартай охин гээд халаглаад яриад байгаа Б охины аав ээж хоёр чинь үнэндээ охиныг нь эрэмдэглэж амьдралаар нь тоглосон хүний хүүхдийн төлөө тэгэж яриад байгаа юм шүү дээ.Хүүхдэд үнэндээ ямар буруу байх билээ ? Хүн хүнээ ингэж хайрлаж сурах хэрэгтэй.Гэтэл юу болсон ? Хүүхдээ төрүүлснийх нь дараа отож байгаад Б охиныг дахиж хулгайлсан.Учир нь тэр сайн зарагддаг ашигтай БАРАА.Дахиад л бэлгийн мөлжлөг эхэлсэн.Охиноо дахиж алдсан аав ээж 2 нь дахиад л охиноо олохын төлөө хамаг байдагаа тавьж хөөцөлдөж эхэлсэн, тэр айлын амьдрал сэтгэл санааны хувьд ч эдийн засгийн хувьд ч товчхондоо нурж сүйрсэн.Цагдаа сэргийлэх аль нь ч нэмэр болоогүй.Яах аргагүй энэ хэргийг шийдэхгүй байх хүсэл тэдэнд байсан.Цагдаа дээр очихоор өөдөөс нь охиныг нь янхан гэдэг гэсэн.Байз ? Энд заавал мэдэх ёстой нэг юм байгаа.Хүний наймаачидад хулгайлсан охиноо янхан мэтээр нийгэмд ойлгуулдаг муухай заль байна.Тэд охидоо биеийг нь үнэлүүлж байхдаа цагдаад баригдуулдаг.Цагдаа тэднээс юу ч асуухгүйгээр шууд “Янхан” гэж тэмдэглэнэ.Тэгээд саатуулж байгаад буцаагаад гаргадаг, харин гаргахдаа ар гэрийнхэн аав ээжийг нь хайхын оронд хүн зардаг хүнд нь буцаагаад өгчихдөг.Одоо тэр янхан, түүнийг өмгөөлөх хууль Монгол улсад байхгүй.Учир нь тэр янхан.Ингээд хамгийн сүүлд Б охиныг аав ээж 2 нь маш хүнд нөхцлөөс дахин олж авсан.Одоо түүнийг нууц байдалд хүний эрхийн байгууллага хамгаалан асарч байна.Тэр болоод түүний гэр бүлийнхэн маш аюултай нөхцөл байдалд байгаа, магадгүй би ч гэсэн.Ганзориг ахыг таягаа тулаад явж байхад нь 2,3 удаа зодсон байдаг, түүний 2 хүүхэд ч гэсэн олон удаа зодуулж халдлагад өртсөн.

ГАРЦ ? Ямар гарц байна.Асуудлын хамгийн гол зүйл нь одоо энэ болоод байна.Монголд энэ тал дээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн газар байдаг юм байна.Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Жендерийн тэгш эрхийн төв, Хүний эрхийн … Тэд бүгд төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд.Тэдний хүч үнэхээр хязгаарлагдмал.Гэтэл төрийн албан хаагчид, хүчний байгууллагад алба хаадаг хүмүүс, эрх мэдэл бүхий албан тушаалтнууд өөрсдөө энэ асуудлын гол бэрхшээл болчихоод байдаг ? Бод доо, төрд ажилладаг эрх мэдэлтнүүдийн хийж байгаа гэмт хэргийг, төрийн бус сайн дурын байгууллагууд зогсоох гээд чадахгүй байна шүү дээ.Энэ бол зүгээр нэг том даргын албан тушаалаа буруу ашигласан асуудал биш.Бүх шатандаа авилгалд өртсөн.Эргүүлийн цагдаагаас авахуулаад, шүүх нь хүртэл.

Одоо би бодит санал дэвшүүлье.Хэрхэн Монгол улсад хүний наймааг зогсоох вэ ?

1.     Үйлчлүүлэгчдийг нь жигших, шийтгэх – Энэ бол маш том бизнес үнэндээ.Эрэлтгүй бизнес хэзээ ч оршин тогтнодоггүй.Нэг ёсондоо шууд бизнесийг нь хаах гээд байна шдээ.Хүүхэн авж байгаа хүн боддог байх л даа “За эр хүн, ийм юм байх, насаараа авгайдаа үнэнч явна гэж юу байсан юм гэр бүл салгаад, амьдралаа баллаад хаячихсан биш” Тийм ээ, тэр өөрийнхөө амьдралыг баллаж хаяагүй нь үнэн, гэхдээ тэх Б охин шиг олон олон охины амьдралыг баллаж хаяж байгаагаа өөрөө мэддэггүй. – Биеэ үнэлэгчдийг авсан хүмүүсийг жигшиж байх суух газаргүй болгоцгооё.
2.     Энэ асуудлыг нийгмийн асуудал болгоцгооё - Facebook, twitter, youtube … -ээр хаа сайгүй тараацгаая.Сонин, телевизүүд ийм зүйлээр оролдохоосоо айдаг.Тэгээд ч тэд маш хэцүү хяналтан дотор байдаг, нэг үгээр хэлэхэд Монголд хэвлэлийн эрх чөлөө боогдмол байдаг.Тэгтэл тэд АНУ-д сервертэй Facebook, twitter, youtube-ийг хянаж чадах уу ? Facebook-ийн тусламжтайгаар болсон Египитийн бослогыг санаж байна уу ? Сайн зүйлд ашиглаж чадвал маш том өөрчлөлт хийж чадна.Яагаад би энэ асуудлыг нийгмийн асуудал болгох гээд байна ? Ингэж байж төр анхааралдаа авна.Төр яагаад заавал анхааралдаа авах ёстой гэж ? Яагаад гэвэл шүүх, цагдаа, хүчний байгууллагууд бүгд төрийн мэдэлд байна.ТББ байгууллага, залуучууд, хүмүүс хичнээн хүчтэй тэмцсэн ч эцсийн бүлэгт төрийн зөв зохицуулалт, хуулийн баяла орчин хамгийн чухал.Та нар саяхан болсон барилгын ослуудыг санаж байна уу ? Гэнэт тийм олон хүн үхээд эхэлсэн юм биш шдээ.Өмнө нь ийм явдал байнга л тохиолдож байсан.Нийгэм нийтээрээ шуугиж чадсан болохоор л УИХ-ын анхаарлыг татаж, бодит арга хэмжээнүүд авагдсан хэрэг.Гэтэл хүний наймаа бол түүнээс дутахааргүй ноцтой асуудал – Тиймээс хүний наймааг нийгмийн асуудал болгоцгооё.
3.     Маш тодорхой хэдэн хэргийг сонгож аван шүүх цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэх
4.     Амыг нь барих аргагүй олон олон зоригтой залуучууд өөрсдийн овог нэрээ зарлан энэ асуудлын эсрэг байгаагаа айж эмээлгүйгээр олон нийтэд зарлах.Харин тэдний ард олон мянган залуучууд, олон арван ТББ-ууд ард нь хүчтэй фронт болон бат хамгаалан зогсох хэрэгтэй.
5.     Хүний наймааны эсрэг залуусын эхний уулзалтыг зохион байгуулах -
Энэ уулзалт удахгүй болно.Зүрх сэтгэлтэй хэн ч энэ уулзалтанд оролцож болно.Эхний уулзалт маань хүний эрхийн гавьяат хуульч Ичинноровтой хамт болно.Энэ уулзалтанд оролцох хүсэлтэй хүмүүс cb.javkhaa@gmail.com уруу өөрийнхөө мэдээллийг явуулаарай.Хүний наймааны эсрэг л зүрх сэтгэлтэй бол би дайсантайгаа ч найз болох хүсэлтэй байгаагаа хэлье.

Би мэднэ.Бид ингээд амьдраад байвал амьдраад л байна.Заавал хүний наймаа эд нар гэж гүйх шаардлагагүй.Өөрөө л хохирохын нэмэр шд тийм биз дээ ? Зүгээр л ажил төрөл олж хийгээд, гэр бүлтэй болоод ... Надад тохиолдсон зовлон бол зовлон, харин өрөөлд тохиолдсон нь золгүй явдал гээд л явж болдоггүй юм уу ? Би тэгвэл асууя, чи бороо ороод байхад ерөөсөө норохгүй байгаа мод харж байсан удаа бий юу ? Ангиараа SARS өвчин тусахад баячуудын хүүхдүүд л тусахгүй байсан уу ? Чиний духанд зоогдоогүй байна гээд яг чамайг чиглэн яваа сумыг тайван хараад суух уу ?

Залуусын хүчтэй оролцоо, зоригтой эрсдэл, хүчтэй дэмжлэг энэ бүхэн Монгол улсад хүний наймааг зогсооход хамгийн том түлхэц болох болно.



Ч.Ганжавхлан 

Aug 14, 2012

Гот гоёу ???

Би та нарт нэг юм ярьж өгий.Би өмнө нь Америкийг их боддог байсан.Тэнд сурдаг хүүхдүүд нэг лаг ч юм шиг бодогдоол, англиар аягүй цэвэрхэн яриад л ... Би очоод гайхсан.Хаана ч байдаг хүний л амьдрал, яг л тэр чигээрээ тэнд байсан.Би тэгээд өөрийгөө шоолсон, хүн л амьдарч байгаа газраас би өөр юу хүссэн юм бол гэж ... 

Би нэг өдөр Safeway гэдэг манайхаар бол "Миний дэлгүүр" ч юм уу даа газар нэг хар эгч хүүхэнтэй аймар хууч хөөрж билээ.Тэр дөнгөж сая тушаал дэвшээд тэндхийнхээ менежер болсон гэсэн, тэр бас охиноо ярьж байсан, саяхан 10 жилээ төгссөн одоо коллежид орох гэж байгаа уул нь NOVA-д орчихвол хангалттай амжилт олох боломж байхад заавал үнэтэй сургуульд орох гээд байх юм эд нар гээл.Тэгснээ би одоо испани хэл сурмаар байна тэгвэл дахиад тушаал дэвших боломж байна гэсэн.Ярьж байгаа нь жаахан "Hip hop" стильтэй л болохоос, зүгээр л манай нэг амьдралаа гэсэн эгчийн яриа байлаа.

Америкт тааралдсан хүмүүс "За Монголоос ирсэн гэлүү ? Цаана чинь ямар байна ? Ах нь одоо нэг 3 жил л болчуул" гээл ам сугалчих шахна.Монголд тааралдсан хүмүүс "Америк л явчуул .." гээл зовлонгоо тоочно. 

Боломж нь байвал юм үзэж нүд тайлах зүгээр.Гэхдээ аялах, амьдрах хоёр тэнгэр газар шиг ялгаатай шүү ойлгоорой.Сөүлд 7 хоночихоод Солонгосын амьдрал яриад явчихав аа.Боломж нь байхгүй бол туйлшрах ерөөсөө хэрэггүй.Энэ дэлхий дээр хүн л амьдарч байгаа газар бол "Тасарч" нээх шалихгүй ... 

Гарчиг нь байхгүй

"Намайг хүмүүс юу гэх нь ёстой огт хамаагүй" гээд л хүмүүс майр ярьжаагааз.Шал худлаа гэдгийг нь уул нь бүгдээрээ мэднэ тээ ? Нэг бол ингий, гоё 4 ханатай гэр бариад хөдөө гарий, тэгээд тэндээ бандаашаа өмсөөд хонио хариулна уу, "Бүүрбийрий /Burburry/"-гээ өмсөөд хонио хариулна уу ёстой "ямар хамаа байна". Хонины бэлчээр дээр бүүрбийрийгээ өмсжаагаал нөгөө муу хэдэн хонио "Хөж хөж" гээд л ... Ооё тийм лаг, Яахийн цаадах чинь өөрөө өөртөө л таалагдуул таашаал авдаг тийм сэтгэхүйн өндөр түвшинд гарциймчин.

Монголын бороонд ял тулгах нь.



Монголын бороог шүүхэд өгцгөөе.Би бүүр аймар гомдсон.Байгалын хуулийг улаам цайм зөрчиж байгаа байхгүй юу.Зунжингаа бороо орлоо, тэгсэн чинь тэхээс тэгэх гэсэн юм шиг яг нарны замыг л тойроод ороод байгаа байхгүй юу.Энэ жил л гэхэд нарны зам дээр үнэндээ нэг ч дусал хаясангүй.Одоо тэрнээс нь болоод бусад зам нь муу нэр зүүжийншд тийм биз дээ ? Сайхансамбуугийн л хи
йсэн ажил, бороо нь хүртэл авилгал авахаар чинь энэ улс яаж хөгжих вэ дээ тээ ? Япончуудын зам тавина гэж юу байхав, тавьсан зам дээр нь бороо орохгүй байгаа юм чинь яаж эвдэрхийн, тэгээд бас том машинууд тэрүүгээр явах гэхээр л нэг бөө гарч ирээд "Ий ий би мангас байна" гээд айлгаад байдаг гэсэн.

Тэгээд л муугаар нь хэдэн тендер авсан компаниа харааж зүхэхийн.Тэд нар чинь баяжмаар л байгаашд.Тендер авч өгсөн хүндээ шангий нь өгөөд, өөртөө жаахан юм наангуут, нөгөө замдаа хүрэхээ байчихдаг гэсэн.Тэр зам яахав ээ, тэр хүний өөрийнх нь амьдрал чухал байх чинь.Ямар ч ашиггүй, хүмүүст зам тавьж өгөөд л яваад байдаг тийм өөдгүй бизнес гэж юу байсийн.Түүнээс биш өөрийнхөө лагерийн байшингийн сагсны шийдийг цутгуул тэр чинь нөгөө замаасаа зузаан тавинашд хэдэн жил тоглохоо бодоод.Хүмүүс ийм ойлгомжтой юманд юундаа уурладийн.Бороондоо л уурладийн байгааз.Улаам цайм зарим газар нь ороод заримыг нь тойроод байхад.

Засгийн газарт ч буруу гээд байх юм байхгүй.Тэд нар чинь ч гэсэн баяжмаар л байгаашд.Юун ард түмэн ? Би ч гэсэн ард түмэн, иргэн баян бол төр баян гээд л зэрэгцээд дайраад байгаа биз дээ.Цалин гэж хоёр хоол аваад идчэхиж хүрэхгүй юм авж байгаа мөртлөө, төр нам, сонгууль, будилаан гээд хамаг байдгаа тавиад тууцан хүмүүс чинь улс төрийн ороо бусгаа энэ үед дахиж сонгогдоо ч уу, гүй ч юу олдсон дээр нь идээд л нуугаад байх хэрэгтэй гэж байгаа биз дээ ? Тэд нарт тэр зам ямар хамаатай юм.Буруутан нь тодорхой байхад.Ерөөсөө л бороо буруутай.Тэгээд ч тэр замыг засч яадийн.Сайн засчихийн бол дараа жил нь идэх хоолгүй яахийн болжийно ? Эхнээс нь харж байгаа биз дээ зам нь эвдэрэхгүй болохоор нь бантсандаа, хашлагыг нь бүгдийг авч хаяад "Аа энэ хашлагнаас шивтэр үнэртжийнэ" гээд л сольж тавиад байгаа биз дээ ? Шивтэргүй хашлагатай хот хичнээн сайхан ? Нэг бол энд тэндгүй газар ухаж хаяад л "Энэ азар доорхи шугаманд нэг хулгана орж бөглөрчээ" ... та яаж мэдэв ? гэхээр "Түвдэн лам тэгэж айлдлаа, баруун хойд зүгээс бузар дагуулж ирсэн хулганыг авч хаяхгүй бол нийслэл хот бузарт автаж, олноороо өмөнүү гэдэг өвчин тусна".

Явж явж борооноос л бүх юм эхэлсэн.Лусын хаанд мэдүүлж ял тулгах хэрэгтэй.Өмгөөлөгч нь л хавтаст хэрэгтэйгээ танилцахгүй зугтаад байхгүй бол.

Jul 27, 2012

HongKong Airport 2012.07.28

Жүжиг үргэлжилсээр ... Хайр дурлалаа алдсан амьдрал өөрөө жүжиг. 

Хүн бүрт жинхэнэ хайр дурлал ирдэг.Тэр ирэхдээ маш хэцүүгээр ирдэг.Түүнийг авч үлдэхэд маш том золиос хэрэг болдог.Чи тэр золиосыг гаргаж чадсан уу ? Хүн олон дурладаг л байх.Гэхдээ хэзээ ч өнгөрсөн тэр л мөч шигээ ахиж хэн нэгэнд хайртай болдоггүй.Өдөр өнгөрөх тоолонгоор багны чинь өнгө тодорч, хэзээ ямар дүрд хувирахаа мэддэг болж, туршлагатай сайн жүжигчин болно.Чи өөрийгөө яаж ч халхалж болно, чи бүр огт ондоо дүрд хувирж ч болно.Харин завгүй өдрийн орой бүх ажил дууссаны дараа орондоо хэвтээд сэтгэлийнхээ гүн рүү сайн өнгийгөөд үзвэл насан багын чинь тэр л гэнэн түүхүүд, одоо чамайг харахад тэнэг галзуу мэт,ичмээр өрөвдмөөр, гэхдээ хамгийн ариун нандин мэдрэмжүүд, бодлууд, дурсамжууд чинь яг л тэр хэвээрээ тэр мухарт байж л байгаа.Чи үнэндээ хэзээ ч өөрчлөгдөөгүй.Энэ бол чи, харин үүнийг бодон хэвтэх чи бол ....

Хүн хайргүй хүндээ ч дасдаг, “сайн” болдог, дундаасаа хөөрхөн хүүхэдтэй болдог, тэр үнэхээр хөөрхөн, түүнийг гаргаж өгсөн ээж нь ч хайрлахгүй байхын аргагүй.Гэхдээ энэ миний яриад байгаа хайр биш ээ.Энэ бол зүгээр алдаагаа давтаагүй аятайхан амьдрал л төдий.
Чамайг ямар ч баггүй, хамгийн тэнэг, хамгийн гэнэн, цагаан цаас шиг байхдаа чиний сэтгэлээ өгсөн хүн чинь л чиний жинхэнэ хайр байдаг.Болоод байгаа юм шиг, бодоод байгаа ч юм шиг, зүүд шиг тэр өдрүүд л чиний хайр.Чи түүнийхээ л өмнө, түүнтэйгээ хамт байхдаа л бага нас руугаа, хайр дурлал руугаа, өөр рүүгээ эргэж очиж чаддаг.


Ихэнхи хайр бүтдэггүй, бүтсэнийг нь бид хүндлэн алга таших ёстой.Учир нь бид түүнийг байгаа бүх л боломжоороо дахиж эдгэхгүй болтол нь хутгаар сийчэн бүх цусыг нь урсган, ангааж хатааж хаядаг.Хамгийн өрөвдмөөр нь тийм болсон хайр хүртэл, хэдэн ч жил өнгөрсөн хүний сэтгэлийн аль нэг мухарт оршсоор байдаг.Бид ямар тэнэг юм бэ ? Хайр гэдэг хамгийн эмзэг зүйл, хайртай байх хэмжээгээрээ түүнээсээ илүү эмзэглэж гомддог.Чи бод л доо.Зүгээр л нулимж орхисон тэр үгсээ сана л даа.Мундаг хүн болох гэж нэг нэгэн лүүгээ ярихгүй гүрийсэн тэр хэдэн сар, хэзээ ч доор нь орохгүй гэсэндээ сөхөж болох бүх л муу муухайг сөхөн өөрийгөө өмгөөлөх, зөвхөн чинийх гээд бие сэтгэл хамгийн нандин зүйлээ чамд өгсөн байхад хардаж түүнийхээ сэтгэл рүү ус цацаж, хэзээ ч хүндлэхийг үл мэдэн тэнэг адгуусан араншингаараа зөвхөн өөрийн болгон өмчлөхийг оролдсон,цог золбоог нь дарж ямар ч өнгөгүй халтар саарал зураг шиг болгон одоо л нэг надаас холдохгүй боллоо гэж тайвшрах арчаагүй хүмүүс, эрх чөлөөнд нь хандсан, жаахан удаад ирэхээрээ уцаарлахаас өөр зүйл мэдэхээ больж, өөрийнхөө зовж шаналж байгаагаа гайхан ялархах, ямар нэгэн аргаар бусдыг буруутгаж өөрийгөө зөвтгөх гэж оролдох, сүүлдээ учираа олохоо болихоороо энэ хайр биш юм байна гэж төөрөх, энэ бүх “Новшын” зүйлүүд эцсийн эцэст юуны төлөө байдаг юм бэ ? Чиний амьралд ердөө ганц л ирэх хайр дурлалыг хөөж явуулах гэж тэр үү ? Гэхдээ хэнд нь ч битгий буруу өгөөрэй.Гал дээр ус асгахаас ямар ч ялгаагүй, өвлийн хүйтэнд нүцгэн явахаас ямар ч ялгаа байхгүй.Хэн нь ч хайр дурлал байтугай эмэгтэй хүн, эрэгтэй хүн гэж юу байдгийг ч мэдэхгүй хоорондоо учирдаг.Тэр залуу яаж аав шиг чинь байж чадах вэ дээ, тэр охин яаж ч ээж шиг чинь байж чадах вэ дээ.Ихэнхи нь өөрийгөө хэн гэдгийг ч мэдэхгүй хайрлаж дурладаг.Аль нь аль нь бие бие дээрээ байгаа өргөсийг биедээ наагаад хоёр тийшээ холдон оддог.Өөрийнхөө өргөсийг авахуулсан нэг нь өөр нэгэнтэй сайн зохицож чаддаг, харин тэр дахиж өмнөх шигээ догдолдоггүй, хайрладаггүй, гомддоггүй.Харин биен дотор нь үл үзэгдэх хатуу өргөсүүд шигдэн үлдэж олон жил сар хоногоор түүнийг зовоосоор хаяа нэг хатган өвтгөх ужиг өвчин шиг болж хувирдаг.Хотын зах, хүн хөл бужигнасан бохир хороолол, тэнгэрийн хаяагаар улаан туяа татуулсаар жаргах наран, гэр хорооллын автобусны буудал, ирж байгаа автобусаа ч үл анзааран аль нэг газрыг үхсэн мэт гөлийтөл ширтэн зогсох хувцас муутай сэвх нь тодорсон, гэхдээ сайн анзааран харвал үнэхээр царайлаг, тэгш мөр нарийн хөл нь нэвсийж салбайсан хувцасныхаа араас үл анзаарагдана уу гэмээр тийм нэгэн хүүхний дүр сэтгэлд бууна.


Би нэг юм мэднэ.Хүний сүнс үхдэг.Чи өдөр бүр олон охин солисон, олон охин гомдоосон, заримынх нь царайг ч одоо үл санана, магадгүй тэр ч чамайг.Энэ үнэндээ юу ч биш, тийм биз дээ ? Найрах чихдэх юу гэж нэрлэхээ чи өөрөө мэд.Гэхдээ юу гээч, чи ингэх тоолонгоороо жинхэнэ хайраа, хэн нэгнийг жинхэнээсээ хайрлах боломжоо алддаг.Учир нь хайр дурлалыг, түүнийг үнэ цэнэгүй болгож орхисон.Чи өөрийгөө ч, бусдыг ч, хайртай хүнээ хүртэл хүндлээгүй.Чиний хайрлаж байгаа энэ охин л хүн, харин тэд хүн биш гэж үү ? Тэд ч гэсэн аав ээжийнхээ сэтгэлийг догдлоон, зүрхийг баясгасаар улаан нялзрай амьтан хорвоо дээр мэндлээгүй гэж үү ? Чи тэднийг хуучин хувцас шиг сольчихоод, угаах ч үгүй хаясан.Гэтэл өнөөдөр тэдэнтэй яг л адилхан нэгнийг энэ мөн, энэ миний дурлал бусад нь “Зүгээр л” гэж хэлэх гэж үү ? Үгүй дээ, найз минь.Чамд одоо мэдрэмж байхгүй болсон.Сална уу нийлнэ үү чамд тийм чухал биш. Чи гомдож туних байтугай уурлахаа ч болино, та хоёрын дунд хэрүүлийн сэдэв ч байхгүй.Чи мөнгөтэй, та хоёр хөөрхөн хүүхэдтэй, чи өөрийнхөө үүргийг сайн гүйцэтгэдэг, та хоёр огт хэрэлдэж муудалцдаггүй, чи архи ууж тамхи татдаггүй, бүх л зүйл болоод байгаа мэт уул нь тийм ээ ? Тэгтэл тэр амьдрал үнэн хэрэгтээ оргүй хоосон, аз жаргалгүй .....


Би зүгээр л амьдармааргүй байна.Би бусдын бий болгосон амьдралын хэмнэл, жишигийг дагмааргүй байна.Би бусдыг хүндэлмээр байна, би хүн бүхний царай муутай, үзлийн гэж нэрлэх тэр л нэгний зүрх сэтгэлд зөвхөн түүний өөрийнх нь, хамгийн нандин, цэвэр, ариун хүсэл мэдрэмж байдагт итгэж, хамгийн хөөрхөн гэж нэрлэгдэх, царайнаас нь хүртэл мишээл гэрэлтдэг тэр сайхан бүсгүйн сэтгэлд эд хөрөнгөний илжэрсэн шуналнаас өөр зүйл байхгүй, сайхан бие хоосон мэдрэмж л байж болдог гэдгийг, жүжиг гэдэг ямар ч дүрд хувирч болохоор хийгдсэн гэдгийг бүх дэлхийд зарлахыг хүсэж байна.Би гашуун мэдрэмжинд дуртай.Би маш их шаналахдаа хайртай.Учир нь тэр тоолонд зүрх сэтгэл минь надад үхээгүй халуун хэвээрээ байгаагаа сануулдаг.Энэ маш чухал.Чи үхээгүй амьд байна гэдгээ мэдрэх чухал биш гэж үү? Халуу шатсан зүрх сэтгэл, тэнэг бас романтик мэдрэмж, хүүхэд шиг баярлаж хөөрөх, туниж гоморхох, эрхлэх ....
Хамаагүй бусдын өмнө тэнэг, өөрийнхөө хайр дурлалд үнэнч бай л даа. Чамд яаж мөнгө олохыг зааж болно, яаж хөгжим тоглохыг зааж болно, гэтэл яасан ч хайрлаж дурлахыг зааж чадахгүй шдээ.Ихэнхи хүмүүс хайр нь дурлал нь бүтэлгүйтэн, өөрөө түүнийхээ төлөө тэмцээгүй, өөрөө түүнийгээ баллаж хаячихаад хайрын тухай бусдад зааж зөвлөх юм. Чи юу мэддэг юм бэ ? Амьдрал уу ? Чиний яриад байгаа тэр амьдрал гэдэг чинь үнэндээ юу юм бэ ? Өөрийнхөө хамгийн нандин зүйлийг өөрөөсөө нууж, нөгөө л улиг болсон жүжигтээ, дүрдээ хувирч алиалагч болох уу ? Амьдрал дэндүү богинохон.Битгий хайр дурлалдаа шатаж яваа хүний дурлалын галыг унтраах гэж оролд л доо.Түүнийг хар л даа, түүний баярлаж, гомдож байгааг.Түүний бүх мэдрэмж, бүх сэтгэлийн хөдлөлүүд үнэнээсээ, сэтгэлээсээ байна шүү дээ.Түүнд баг алга, чи өөрийгөө хар л даа.Чам дээр хамгийн сайн охин хүрээд ирэхэд чи энэ банди шиг байгаагаар нь, жинхэнээр нь, ямар ч болзол нөхцөлгүйгээр харж хайрлаж чадна гэж үү ? Тэр хэрвээ маш хүнд өвчтэй бол яахав ? 18 –тай түүний сэтгэл үүнийг тоохгүй, харин чи ? Чи чадах уу ? Үгүй дээ, чамд олон болзол байгаа.Түүний боловсрол, яриа, ааш зан, ар гэр, мөнгө төгрөг ... Энэ чамд маш чухал.Гэтэл тэр чинь чамд зориулж үйлдвэрлэдэг электрон бараа биш шдээ. Чи зүгээр л өөртэйгээ таарах эвлүүлдэг тоглоом л хайж байна.Тэгтэл энэ банди өөртэйгөө таарахгүй эвлүүлдэг тоглоомтой өөрийнхөө нэг хэсэгийг тасдаж хаяад ч болтугай нийлэхийг хүсч байна шүү дээ.Битгий түүнд зөвлөж заа л даа.Чиний нүдээр харахад тэр охин нь “ямар ч” шиг харагдсан бай чи амаа хамхи л даа.Учир нь чи бол жүжигчин.Тэхээр чи энд сайн ахын дүр эсгээд хэрэггүй.


Тэхээр майр серёзний юм бичлээ.Гэхдээ ихэнхдээ тэгээд салдаг./Намайг уучлаарай гэхдээ чи тэр “Ихэнхи” байх албагүй шдээ. Зүгээр ер нь тийм байдгиймбайналээ л гэсийн/Салсан бол хэзээ ч сайнаар дурсаж яваарай.Учир нь чи хэзээ ч түүхийг үгүйсгэж чадахгүй.Тэр чинь ямар ч муу хүн байсан, сүүлд түүнийг нь ухаарсан ч битгий үзэн ядаарай.Та хоёр ирээдүйг хамтдаа төсөөлж, гэнэн цайлган бага насныхаа хамгийн гэгээн мөчүүдийг хамтдаа өнгөрөөж, олон ч шөнө түүнийхээ халуухан биеийг өөртөө наан “Хайртай” гэдэг үгийг хэлж байсан, олон ч удаа ядруухан халаасаа хоослон түүндээ бэлэг авч өгч хүүхэд хүүхэд шиг баярлаж, уйлж бас гомдож туниж явсан.Энийг би санаанаасаа зохиогоогүй, ийм юм үнэхээр болдог.Энэ үнэхээр сайхан дурсамж.Үүн лүү л битгий хир халдаа л даа.Тэр цаг мөч, тэр газраа үүрд сайхнаараа үлдэг л дээ.Хайр мөн байх эсэх нь хамаагүй ээ, хэн ер нь хайрыг тодорхойлж чадах юм бэ ? Чиний хамгийн их догдолж байсан тэр мөчүүд чинь, айгаад сандраад ч байгаа юм шиг мөртлөө цаанаа нэг л баяртай тэр мэдрэмжүүд, хүлээж хүлээж уулзчихаад уулзахаараа бишүүрхээд байж болдоггүй тэр хэдэн хором, дэмий хэвтсэн ч цаг бүр алт шиг үнэтэй санагдаж, хэдэн сараар хадгалсан мөнгө чинь түүнийг л баярлуулж байвал зүгээр л цаас шиг санагдах, гуравхан үгнээс роман зохиож хардах, тэрийгээ хэлж ч чадахгүй хэд хоног шаналах .... Энэ бүх мэдрэмжүүд хайрын аль нэг хэсэг мөн л байх.Тэр чинь эхнэртэй, нөхөртэй болцон бол үнэн сэтгэлээсээ, “яг үнэн сэтгэлээсээ” түүнд аз жаргал хүсээрэй.Битгий түүний эхнэртэй, нөхөртэй өөрийгөө харьцуулаарай.Хэзээ ч битгий хүний амьдрал салгах гэж оролдоорой.Сайн явахыг нь хараад түүнээр бахархаарай.Битгий “Энэ надтай байхдаа ийм л байсийн” гэж хүнд яриарай.Энэ бүхний дараа амьдрал зохиох тийм хэцүү биш ээ.Яагаад гэвэл хамгийн ээдрээтэй “Өглөөний драм” дууссан.Тэнэг биш бол алдаагаа битгий давт, “таг” гээд л орчихдог эвлүүлдэг тоглоом олоод наалдчих.Тэгээд жижигхэн эвлүүлдэг тоглоом гарга.Тэр чинь 20 жилийн дараа бас нэг өөрөөсөө шал өөр эвлүүлдэг тоглоом олоод л “Өглөөний драм”-нд тоглож гарна.Хамгийн гол нь “таг” гэж дуугарах ёстой шүү ЛОЛ.


Чадраабалын Ганжавхлан
2012 оны 7 дугаар сар

Jun 11, 2012

Аз жаргал







Сүүлийн үед энэ “Аз жаргал” гэдэг зүйлийн талаар их бодох боллоо. Бодох тусам толгой эргэх ч яах аргагүй эргээд нэг л зүйл дээр буугаад байх шиг. Энэ бол хүний сэтгэл санааны амар амгалан, баяр баясгалантай байдал юм байна. Тийм биш үед ямар ч мөнгө төгрөг, амжилт ололт утга учраа алдаж, сэтгэл санаа л баяр баясгалантай байвал хаана ч амьдраад юу ч хийгээд явж байсан аз жаргалтай байх юм байна гэж ойлголоо.

Би бас нэг зүйл ажиглалаа. Сэтгэлийн гүнд орших гуниг, цөхрөл, гомдол хэмээх мэдрэмжүүд  хэзээ ч тэр хүнийг дагаж явдаг бөгөөд, хэсэгхэн зуур мартаж болох боловч хүн үнэн сэтгэлээсээ тэр асуудлаа шийдээгүй, уучлаагүй, өнгөрөөгөөгүй цагт мөнхийн зовлон болон тэр хүнийг дагасаар зовоосоор байдаг юм байна.

Ихэнхи хүн дотроо маш их зовлонтой ч гаднаа үнэхээр жаргалтай хүний дүрийг эсгэж чаддаг, тэрүүгээр ч барахгүй инээж хөөрч, бусдын атаархлыг төрүүлж хүртэл болдог ч энэ нь уг утгаараа маш өрөвдөлтэй байдаг. Завгүй урт өдөр дууссаны дараа унтахаар орондоо хэвтэхэд  ...
Хүний бас нэг өрөвдөлтэй чанар бол эцсийн найдлага тасарсан ч сэтгэлийнхээ мухарт горьдсоор л байдаг чанар юм. Ажил хэрэг, нийгмийн хүрээнд энэ нь сайн чанар мэт боловч эсрэгээрээ хувь хүний харилцаа, хайр дурлалийн тал дээр маш хэцүү тусдаг. 

Гэхдээ энд жижигхэн гэрэл гэгээ бас ажиглагдана. Хүний сэтгэл санаа хичнээн хэцүү, яг л үхэх гэж байгаа мэт, нэг хором ч тэсэхийн аргагүй гэмээр хэцүү болох үедээ хүн нүдээ аниад бүх зүйлийг ажиглан мэдрэхийг оролдвол “Ингэлээ гээд үхэхгүй”  гэдгээ мэдэж болдог.Үүний дараа аажим аажимаар өөрийгөө ажиглавал бага багаар дээрдээд байгаа нь мэдрэгддэг бөгөөд, цаг хугацаа хүнийг яаж эмчилж байгааг өөрийн бие дээрээ туршиж болдог.
Энэ мэтээр хүн олон хоногоор сэтгэлийн шаналал зовлонг туулах явцдаа өдөр бүрийн зовлон, шаналал, гунихралдаа аажмаар дасаж нэг үгээр хүн сэтгэлийн хаттай болдог. Сайн тал нь дахиад хүнд хэцүү зовлон тохиолдоход төрөх тэр мэдрэмжүүдэй танил “Найз” болж орхидог ба өвдөх өвдөлт нь харьцангуй бага байдаг.Харин хүн зовлонг тоохоо болихын хэрээр, жаргалыг мэдрэхээ больдог тал бий.Догдлол, сэтгэлийн хүчтэй хөдлөл, романтик сэтгэлгээ гэдэг хүний хаяж болшгүй чухал чанарууд юм. 

Тэгвэл хэрхэн зовлон шаналалаас хурдан ангижрах вэ ?
Би энд зөвхөн сэтгэлийн зовлонгийн талаар ярья.Учир нь тэр маш хэцүү.
Хүнд хэзээ ч удаан хугацаагаар бүү гомд, хорс. Энэ хүнийг өөрийг нь маш ихээр зовоодог.Ихэнхи сэтгэлийн хүнд гуниг зовлон гэдэг өөрийнх нь хамгийн хайртай хүнээс ирсэн байдаг.Тийм биш тохиолдолд хүн тэгэж зовж шаналдаггүй.Хайрлахын хэмжээгээр итгэл, хүлээлт өндөр байдаг, харин тэр итгэл эвдэрэн унахад түүнээс болж их хэмжээгээр өвдөж шаналдаг. Тэр өвдөлт нь гомдох, уурлах, хорсох гэх мэтийн сэтгэлийн хөдөлгөөнөөр илэрдэг ба энэ нь эргээд түүнийг маш их зовоодог. Үүнд ганцхан арга байх шиг санагдана.Энэ бол үнэн сэтгэлээсээ “Уучлах” эсвэл “Гэмших”. 

Буруутай бол гэмшиж, буруугүй бол уучлах хэрэгтэй. Ингэснээр асуудал ядаж нэг тал руугаа шийдэгддэг. Жишээ нь хайр сэтгэл дээр ярихад тэр хүн аль хэдийн чамайг хаяад өөрийнхөө амьдралыг хөөгөөд явсан байхад чи ганцаараа шаналаад зовоод байвал бүх процесс үнэндээ тэр хүнээс хамаагүй болж зөвхөн чиний талд л явагдаж эхэлдэг ба нэг үгээр хэлэхэд чи өөрөө өөрийгөө зовоон суунаа л гэсэн үг. /Энэ ярьж байгаа шиг тийм амархан биш гэдгийг би мэднэ, гэхдээ наад зах нь ийм төрлийн бодол толгойд байх хэрэгтэй/

Гэмших ч гэсэн мөн адил, чи алдаа хийсэн түүнээс болоод бүх зүйл буруугаар эргэсэн байлаа гэхэд, өөрөө унасан хүүхэд уйлахгүй л байх хэрэгтэй.Уйллаа гэхэд ядаж өөрөө унацанаа санаад жаахан уйлж байгаад болих хэрэгтэй. Энэ үед чамайг ганц зовоодог зүйл бол чи улаам цайм өөрөө уначихаад тэрийгээ өөрөө уначихлаа гэж боддоггүйд байдаг.Газар хэвтжийсэн төмрөнд ч юм уу, эсвэл чамайг тийшээ юманд явуулсан ахдаа ч юм уу уур чинь хүрээд гомдоод эхэлдэг.Ингээд дахиад л үл ойлгомжгүй гомдол, шаналаллын драм эхэлдэг. Хайртай хүнээ гомдоосон бол үнэн сэтгэлээсээ гэмшиж, буруугаа хүлээгээд, нэгэнт эргэж ирэхгүй болсон бол, өөрийнхөө замыг хөөх хэрэгтэй. 

Гэхдээ хэзээ ч нэг хүнд зуун хувийн буруу байдаггүй.Тийм учраас өөрийн алдаанд үнэн сэтгэлээсээ гэмшиж, дахин давтахгүйг хичээн, хүний алдааг үнэн сэтгэлээсээ, сэтгэлийн мухартаа юм үлдээлгүйгээр уучлан болсон зүйлийг бодитоор хүлээн аван, цаг хугацаа өнгөрөхийг хүлээх нь сэтгэлийн зовлонгоос ангижрах хамгийн зөв арга гэж ойлголоо. 

Эцэст нь хэлэхэд хаа сайгүй тэнэж яваад миний нэг ажигласан зүйл гэвэл ХҮНД АЗ ЖАРГАЛ ГЭДЭГ ХҮН, ТҮҮНЭЭС ГАРАХ СЭТГЭЛЭЭС ИРДЭГ, харин эрх мэдэл, мөнгө төгрөг гэдэг бол зөвхөн аз жаргалыг тэтгэх ЧУХАЛ туслах хүчин зүйл болохоос түүнийг бүтээгч, бий болгогч нь биш юм байна, харин ихэнхи хүн үүнийг ингэж ойлголгүй эд хөрөнгө, эрх мэдэлд бүх амьдралаа зориулж, тэр замдаа өөрийн үнэт зүйлсээ хаясаар яваад уулын оргилд хүрдэг ч, түүнд л гэж өгөгдсөн богинохон амьдралаа өөрийнхөө ч төлөө биш, утга учир, ач холбогдлоо төдийлөн гавихгүй зүйлд зориулан түүнээсээ аз жаргалын биш кайфыг мэдэрсээр, түүнийгээ аз жаргал, амжилт гэж андуурсаар хорвоогоос буцдаг ажээ.
                                                                                             


Аягүй серёзны тэмдэглэл бичлээ.
 



Jan 28, 2012

Хэл сурахаар бүдэрч яваа нэгэнд




Би хэл сурахын зовлонг сайн мэднэ.Яагаад юм бүү мэд, би яаж ийж байгаад л ямар нэгэн хэлтэй орооцолдчихдог юм.

Би Уланбаатарт төрж өссөн унаган Монгол хэлтэй залуу, дараа нь би Солонгост 2 жил Солонгос хэл, Бээжинд 5 жил Хятад хэл, одоо Америкт англи хэл сурж байна.

Намайг зарим хүмүүс сайн ярьдаг гэж магтдаг, гэхдээ би Монголоос өөр аль ч хэлээр нь өөрийн юм шиг ярьж чадахгүй.Бүгд л миний зовж байж, өдөржин шөнөжин толь шагайж байж, ганц гадаад найз олчих гээд бусдыг царайчилж байж, гэрээсээ олон сар жилээр холдож байж, олон удаа хацраа улайлгаж байж сурсан хэлүүд.

Хэл сурах гээд будилж явахад саад бэрхшээл их.Би ганцхан зөвлөгөө л өгье.

"Ус цас шиг" ярих гэж битгий яар.Чи тэртэй тэргүй гадаад хүн.Ганц нэг үг буруу дуудчих, жаахан "Монголжуу" дБи хэл сурахын зовлонг сайн мэднэ.Яагаад юм бүү мэд, би яаж ийж байгаад л ямар нэгэн хэлтэй орооцолдчихдог юм.

Би Уланбаатарт төрж өссөн унаган Монгол хэлтэй залуу, дараа нь би Солонгост 2 жил Солонгос хэл, Бээжинд 5 жил Хятад хэл, одоо Америкт англи хэл сурж байна.

Намайг зарим хүмүүс сайн ярьдаг гэж магтдаг, гэхдээ би Монголоос өөр аль ч хэлээр нь өөрийн юм шиг ярьж чадахгүй.Бүгд л миний зовж байж, өдөржин шөнөжин толь шагайж байж, ганц гадаад найз олчих гээд бусдыг царайчилж байж, гэрээсээ олон сар жилээр холдож байж, олон удаа хацраа улайлгаж байж сурсан хэлүүд.

Хэл сурах гээд будилж явахад саад бэрхшээл их.Би ганцхан зөвлөгөө л өгье.

"Ус цас шиг" ярих гэж битгий яар.Чи тэртэй тэргүй гадаад хүн.Ганц нэг үг буруу дуудчих, жаахан "Монголжуу" дуудлагатай байх наад захын хэрэг.Хэл сурахын хамгийн гол утга учир бол "Ойлголцох", гурван үг цэвэрхэн дуудаж сурчихаад тэрүүгээрээ гайхуулах биш.Ихэнхи хүн гадаад хэлийг ажил, бизнестээ хэрэглэх гэж сурдаг.Ажил, бизнест "Маяг" хэрэггүй "Зөв ойлголцол" л хэрэгтэй.

уудлагатай байх наад захын хэрэг.Хэл сурахын хамгийн гол утга учир бол "Ойлголцох", гурван үг цэвэрхэн дуудаж сурчихаад тэрүүгээрээ гайхуулах биш.Ихэнхи хүн гадаад хэлийг ажил, бизнестээ хэрэглэх гэж сурдаг.Ажил, бизнест "Маяг" хэрэггүй "Зөв ойлголцол" л хэрэгтэй.

Доорхи бичлэгийг хараад бодсон нь

Би яг өмнө нь бичсэн бичлэгээ хараад бодлоо л доо, 


Ерөнхийд нь уншвал би илүү амьдралын туршлага суугаад, ухаантай болсон ч юм шиг


Гэхдээ сайн бодоод үзвэл зориггүй, хашир, хөгшин, залхуу болчихож  


Хүн ер нь ингэж л хөгширдөг юм шиг байна 


Би одоо 24 настай л даа, аймар хөгширцөн эд нар гэхээр заримынх нь инээд хүрэх байх


Гэхдээ одоо ч болтугай хүн хөгширж байна гэдгээ мэдэж амьдралаа өөрчилж л явахгүй бол 30 насны босго маш хурдан хаалга тогшино гэдгийг хүн бүр л яриад байх шиг

Jan 8, 2012

Judge

Солонгост очихоосоо өмнө би Солонгосчуудыг, тэнд байдаг Монголчуудыг элдвээр дүгнэн, шүүмжилдэг байлаа


Солонгост 2 жил сурсныхаа дараа би тэднийг шүүмжилэхээ болилоо


Хятадад очихынхоо өмнө би Хятадуудыг олиггүйгээр бодон, муу хэлдэг байлаа


Хятадад 5 жил сурсныхаа дараа би тэднийг муу хэлэхээ болилоо


Америкт ирэхийнхээ өмнө би Америкчуудыг, эндхийн Монголчуудын талаар мэддэг юм шиг бусдад ярьж.Сайн мууг нь харьцуулдаг байлаа.


Харин Америкт ирж сурах болсноосоо хойш би эндхийн талаар хамаагүй юм ярьж чадахаа болилоо



Jan 7, 2012

Америк 2 дахь бичлэг

      Нэг мэдсэн энд ирээд 2 сар болчихжээ.Хүний сайн сайхан байх нь зөвхөн өөрөөс нь шалтгаалдаг гэдгийг энд ирээд улам ихээр ойлгох шиг.Монголд  гэлтгүй азид хүн бүр л Америкийг хүсэж мөрөөдөж диваажин мэтээр төсөөлнө.Тэгтэл Америк хүн гээд алт идэж алмааз уудаггүй болохоор хаа газар байдаг тэр л хүний амьдрал энд ч гэсэн тэр л хэвээрээ.Мэдээж давуу тал, илүү боломжууд маш их байх, гэтэл түүнийг анзаарч сонирхохоосоо илүү өдөр тутмын хэвшмэл амьдралдаа яаран урагш тэмүүлэх хүмүүс олонхи нь.Зарим нь маш их хэрэгтэй зүйл мэддэг мөртлөө тэр нь хаана юунд ашиглагдахаа мэдэхгүй.