Oct 31, 2012

Ганзориг ахын гэгээн дурсгалд


Хүний наймааны эсрэг хамтдаа тэмцэж явсан Ганзориг ах маань өнөө өглөө зуурдаар нас барлаа.Хэдхэн хоногийн өмнө тэр надад ингэж ярьсан “Ах нь ер нь хуулийн сургуульд явна гэж бодож байгаа, тэгээд хүний наймаанд охиноо алдсан над шиг хүмүүст тусламаар байна” гэж.Гэтэл тэр хүн өнөөдөр энэ хорвоо дээр алга.Тэрээр сүүлийн 7 жил хулгайд алдсан охиныхоо араас сэтгэл нь шимширсээр, эцэстээ хэтэрхий ахадсан зовлонгоо дааж чадсангүйдээ.

Цэцэг цэврүү шиг жаахан охиныг нь хулгайлж өдөр
шөнөгүй хүчиндэн яргалж, өчүүхэн биенд нь дэндүү ахадсан харгис зовлонг үзүүлсэн.Ганзориг ах тэмцсэн, нэг хөл нэг гаргүй ч гэсэн шудрага ёсны төлөө, охиных нь амьдралаар тоглосон хүмүүст хариуцлага тооцуулахын төлөө ганцаараа олон жил тэмцсэн.Даанч тэр Монгол улсын хууль шүүхийн байгууллагын талаар хэтэрхий нимгэн ойлголттой байж дээ.Улаам цайм хэргийг нь 3 удаа шалтгаангүй хаасан, төрсөн хүүд нь хуурамч хэрэг тохоон 6 сар шоронд суулгасан, сүүлдээ амыг нь барьж чадахгүй болохоор эргээд өөр дээр нь зохиомол хэрэг үүсгэн хүн зодсон, охиноо хүчиндсэн хэргээр эрүү үүсгэн ялласан.Гэтэл тэр хүн чинь хүн зодох нь байтугай хөл дээрээ ч ганцаараа явж чадахгүй хүн шүү дээ.Үнэхээр цөхөрсөн дөө хөөрхий, хамгийн сүүлийн аргаа барсан сонголт нь хэлмэгдэлтийн хөшөөний өмнө суулт хийх байсан байх.”Хүний наймааг зогсооё” гэсэн лоозон бариад тэнд сууж байхад нь анх би түүнтэй танилцсан юм.Мөнгөөр амаа боолгоогүй, хэзээ ч боолгохгүй байсан хамгийн үнэтэй амьд гэрч маань тэмцлийнхээ эцсийг надтай цуг үзэж чадсангүй.Тэр гэхдээ Монголын нийгэмд маш том анхааруулгыг, маш чухал мэдээллийг хүргээд насан эцэслэлээ.Магадгүй түүний амь насны золиос, үнэ цэнэ үүнд орших байх.

Би түүнд өртэй.Маш олон хүмүүс түүнд өртэй.Түүний охиныг эд бараа мэт арилжсан хүний ялгадаснууд түүнд өртэй, авилгал хээх хахуульд идэгдсэн Монголын төр шүүх цагдаагийнхан түүнд өртэй, түүний охиныг халтар хэдэн төгрөгөөр үнэлж эд бахаа хангасан “Эр хүн” нэртэй арчаагүй новшнууд түүнд өртэй, харсаар мэдсээр байж нүдээ анин өнгөрсөн хүн бүр түүнд өртэй.Намайг туслая дэмжье гэж гуйсаар байхад улс төр шоу болгон ойлгосон, ялзарсан ядуу сэтгэлгээтэй олон хүмүүс үүнд өртэй.

Бид ер нь яачихсан юм бэ ? Монголчууд, Монголын залуу үе яагаад ийм хулчгар амиа бодсон болоо вэ ? Юуны сүрэнд дарагдан ийм доожоогүй дуу султай болов ? Уур омогшил нь дотроо багтаж ядсан, сав л хийвэл эх орон шудрага ёс ярьдаг тэр сүртэй мундаг залуучууд архи ууж, шалиглахаас өөр зүйл чадахаа болио юу ? Хэн ч биш юмнуудын хөлийг долоож, хувийн өчүүхэн ашиг сонирхлынхоо төлөө олон олон гэмгүй хүмүүсийн амьдралыг сүйтгэн яваа өөдгүй хүмүүс, эрх мэдэлтнүүд.Янхан авдаг хүмүүсийн ихэнхи нь 40-50 насныхан, нөгөө зааж сургаад байдаг мундаг коммунистууд маань шүү дээ.Ганзориг ах хулгайлагдсан ганц охиныхоо хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх гэж хичнээн их хүнд суртал, худлаа амлалт, доромжлол шүүх цагдаагийнхнаас амссан гэж санана.Тэд үнэндээ л шийдэж өгөхийг хүсээгүй дээ.Ямар ч ашиггүй, харин ч эвгүйдвэл ажлаасаа салж мэдэх зүйлээр хэн ч оролдохыг хүсээгүй.ТББ-ууд туслах гээд хүч нь хүрээгүй.

Хэцүүхэн амьдрал түүний ард үлдлээ.Энэ гэр бүл хүний наймааны хохирогч болсныхоо төлөө, амьд гэрч болж үлдсэнийхээ хариуд үүрдийн айдас, заналхийлэл дунд өдөр хоногийг өнгөрөөн эхнээсээ амь насаа алдаж эхэллээ.Дараагийн гай зовлон хэзээ, хэнд учрах бол ? Би хувьдаа Б охиныг маш хурдан гадаад руу гаргамаар байна.Түүний амь хутганы ирэн дээр байгаа, учир нь тэр амьд гэрч.Монгол улс хүнээ хамгаалж чадахаа больжээ.Миний энэ бичлэгийг уншаад намайг хэрхэн алга хийхээ бодоод эхэлчихсэн хүмүүс байж ч магадгүй.Бидэнд мэдэгдэхгүйгээр маш олон хүмүүс хорвоог орхисоор байгаа.Хүнийх гээд түлхсэн асуудал минь эргээд бидний толгой дээр буух цагт харамсаад барахгүй хувь тавилан биднийг хөмрөх вий дээ Монголчууд минь.

Би үнэхээр хүнээс мөнгө гуйхгүй юмсан гэж боддог байсан.Гэхдээ би өнөөдөр 50,000 төгрөгөөр л энэ айлд туслаж чадах юм байна.Хүнээс дутуу төрчихөөд хүн шиг амьдарсан Ганзориг ахыгаа хүн шиг гаргаад өгчих юмсан, үлдсэн гэр бүлийнхэнд нь туслачих юмсан.

Oct 12, 2012

Хүний наймаа буюу хүнээ алдсан Монголчууд


/Б охины урласан бүтээл/


Хүний амьдрал ч үнэндээ шоглоомтой юм даа.Нэг нь амьдрах гэж ядаж байхад, зарим нь нэгнийгээ эд бараа мэт зарж борлуулан, бусдын охидыг худалдаж олсон мөнгөөрөө өөрийнхөө охины сургалтын төлбөрийг төлж явах.Кинон дээрээс л үзэн халаглан суудаг байсан ХҮНИЙ НАЙМАА Монгол улсад минь ямар ч эргэлзээгүйгээр оршин байна гэж бодохоор, тэр ч байтугай төр засаг, цагдаа сэргийлэх, иргэний бүртгэлийн газар хүртэл үүнтэй холбогдон, энгийн нэгэнд дийлдэхгүй том сүлжээ болсон байна гэж бодохоор, үүнийг яг л нэг сарын өмнөх над шиг ихэнхи залуус, хүмүүс огт мэддэггүй гэж бодохоор Монгол хүний хувьд, энэ улсын ирээдүй болсон залуусын төлөөлөл болсныхоо хувьд яав ч зүгээр суумааргүй санагдан, хүний наймааг заавал зогсоох ёстой гэж шийдлээ.Зарим хүний хэлдгээр “Санаснаар болдог бол буудчих юмсан”

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхөнтэй очиж уулзлаа.Тэд бол амь насны эрсдэл дагуулсан аюултай ажлыг сайн дураараа хийж байгаа буянтай, бас зоригтой Монгол хүмүүс.Гадаад дотоодын олон залуус энэ уулзалтын үр дүнг хүлээж байгаа, хамтдаа зургаа нэг авахуулчихья гэж гарахынхаа өмнө хэлэхэд тэгэж зүрхлэхгүй байгаагааас нь харахад үнэхээр ямар дарамт, айдсан доор энэ ажлыг хийдэгийг нь төвөггүй мэдэж болохоор байлаа.        

“Хүний наймаа Монголд” сурвалжлагыг минь 5 хоногт 21000 үзжээ.Маш том амжилт.Хүний наймаа Монгол улсад яг яаж явагддаг вэ ? Би шууд энэ бодит жишээн дээрээ ярия л даа.Учир нь энэ бол нэгэнт “Цайрсан” хэрэг.Тэд охидыг 2 аргаар энэ замд оруулдаг нэг нь шууд хулгайлдаг, эсвэл уруу таттаг.Та нар мэднэ дээ 170 дээш өндөртэй царайлаг охидыг өндөр цалинтай ажилд … Харин Б охиныг бол шууд хулгайлсан, дараа нь хүчээр биеийг нь үнэлүүлсэн.Баттай хүмүүсийн /энэ хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгч, хуульч мөн эцэг эх/ ярианаас сонсоход “Хөшигийг нь яраад харахад 2 давхар ортой наар байсан, энэ нь охидоо байрлуулдаг оромж, тэднийг амь голтой байлгахын тулд өдөрт бэлэн гоймонгоор л хооллодог байсан” …  Б охин хүн харахад өхөөрдмөөр цайлган охин.Тэр маш сайн зарагддаг байсан гэсэн.Тэгтэл юу болсон гээч ? Хүний наймаачдын нэг нь түүнийг хүчиндэн жирэмсэн болгосон.Жирэмсэн болсныхоо дараа тэр зарагдахаа больсон, тэгэхээр нь гудамжинд гаргаад хаячихсан.Хөөрхий охин гэрээ олоод харьсан.Охин хүүхдээ авахуулаагүй,  төрүүлсэн.Өнөөдөр энэ охидууд хичнээн олон төрж болох, бурхнаас заяасан амийг зүв зүгээр байхад нь аборт хийлгэж байна даа.Тэр бичлэгэн дээр гардаг, 3-хан сартай охин гээд халаглаад яриад байгаа Б охины аав ээж хоёр чинь үнэндээ охиныг нь эрэмдэглэж амьдралаар нь тоглосон хүний хүүхдийн төлөө тэгэж яриад байгаа юм шүү дээ.Хүүхдэд үнэндээ ямар буруу байх билээ ? Хүн хүнээ ингэж хайрлаж сурах хэрэгтэй.Гэтэл юу болсон ? Хүүхдээ төрүүлснийх нь дараа отож байгаад Б охиныг дахиж хулгайлсан.Учир нь тэр сайн зарагддаг ашигтай БАРАА.Дахиад л бэлгийн мөлжлөг эхэлсэн.Охиноо дахиж алдсан аав ээж 2 нь дахиад л охиноо олохын төлөө хамаг байдагаа тавьж хөөцөлдөж эхэлсэн, тэр айлын амьдрал сэтгэл санааны хувьд ч эдийн засгийн хувьд ч товчхондоо нурж сүйрсэн.Цагдаа сэргийлэх аль нь ч нэмэр болоогүй.Яах аргагүй энэ хэргийг шийдэхгүй байх хүсэл тэдэнд байсан.Цагдаа дээр очихоор өөдөөс нь охиныг нь янхан гэдэг гэсэн.Байз ? Энд заавал мэдэх ёстой нэг юм байгаа.Хүний наймаачидад хулгайлсан охиноо янхан мэтээр нийгэмд ойлгуулдаг муухай заль байна.Тэд охидоо биеийг нь үнэлүүлж байхдаа цагдаад баригдуулдаг.Цагдаа тэднээс юу ч асуухгүйгээр шууд “Янхан” гэж тэмдэглэнэ.Тэгээд саатуулж байгаад буцаагаад гаргадаг, харин гаргахдаа ар гэрийнхэн аав ээжийг нь хайхын оронд хүн зардаг хүнд нь буцаагаад өгчихдөг.Одоо тэр янхан, түүнийг өмгөөлөх хууль Монгол улсад байхгүй.Учир нь тэр янхан.Ингээд хамгийн сүүлд Б охиныг аав ээж 2 нь маш хүнд нөхцлөөс дахин олж авсан.Одоо түүнийг нууц байдалд хүний эрхийн байгууллага хамгаалан асарч байна.Тэр болоод түүний гэр бүлийнхэн маш аюултай нөхцөл байдалд байгаа, магадгүй би ч гэсэн.Ганзориг ахыг таягаа тулаад явж байхад нь 2,3 удаа зодсон байдаг, түүний 2 хүүхэд ч гэсэн олон удаа зодуулж халдлагад өртсөн.

ГАРЦ ? Ямар гарц байна.Асуудлын хамгийн гол зүйл нь одоо энэ болоод байна.Монголд энэ тал дээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн газар байдаг юм байна.Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Жендерийн тэгш эрхийн төв, Хүний эрхийн … Тэд бүгд төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд.Тэдний хүч үнэхээр хязгаарлагдмал.Гэтэл төрийн албан хаагчид, хүчний байгууллагад алба хаадаг хүмүүс, эрх мэдэл бүхий албан тушаалтнууд өөрсдөө энэ асуудлын гол бэрхшээл болчихоод байдаг ? Бод доо, төрд ажилладаг эрх мэдэлтнүүдийн хийж байгаа гэмт хэргийг, төрийн бус сайн дурын байгууллагууд зогсоох гээд чадахгүй байна шүү дээ.Энэ бол зүгээр нэг том даргын албан тушаалаа буруу ашигласан асуудал биш.Бүх шатандаа авилгалд өртсөн.Эргүүлийн цагдаагаас авахуулаад, шүүх нь хүртэл.

Одоо би бодит санал дэвшүүлье.Хэрхэн Монгол улсад хүний наймааг зогсоох вэ ?

1.     Үйлчлүүлэгчдийг нь жигших, шийтгэх – Энэ бол маш том бизнес үнэндээ.Эрэлтгүй бизнес хэзээ ч оршин тогтнодоггүй.Нэг ёсондоо шууд бизнесийг нь хаах гээд байна шдээ.Хүүхэн авж байгаа хүн боддог байх л даа “За эр хүн, ийм юм байх, насаараа авгайдаа үнэнч явна гэж юу байсан юм гэр бүл салгаад, амьдралаа баллаад хаячихсан биш” Тийм ээ, тэр өөрийнхөө амьдралыг баллаж хаяагүй нь үнэн, гэхдээ тэх Б охин шиг олон олон охины амьдралыг баллаж хаяж байгаагаа өөрөө мэддэггүй. – Биеэ үнэлэгчдийг авсан хүмүүсийг жигшиж байх суух газаргүй болгоцгооё.
2.     Энэ асуудлыг нийгмийн асуудал болгоцгооё - Facebook, twitter, youtube … -ээр хаа сайгүй тараацгаая.Сонин, телевизүүд ийм зүйлээр оролдохоосоо айдаг.Тэгээд ч тэд маш хэцүү хяналтан дотор байдаг, нэг үгээр хэлэхэд Монголд хэвлэлийн эрх чөлөө боогдмол байдаг.Тэгтэл тэд АНУ-д сервертэй Facebook, twitter, youtube-ийг хянаж чадах уу ? Facebook-ийн тусламжтайгаар болсон Египитийн бослогыг санаж байна уу ? Сайн зүйлд ашиглаж чадвал маш том өөрчлөлт хийж чадна.Яагаад би энэ асуудлыг нийгмийн асуудал болгох гээд байна ? Ингэж байж төр анхааралдаа авна.Төр яагаад заавал анхааралдаа авах ёстой гэж ? Яагаад гэвэл шүүх, цагдаа, хүчний байгууллагууд бүгд төрийн мэдэлд байна.ТББ байгууллага, залуучууд, хүмүүс хичнээн хүчтэй тэмцсэн ч эцсийн бүлэгт төрийн зөв зохицуулалт, хуулийн баяла орчин хамгийн чухал.Та нар саяхан болсон барилгын ослуудыг санаж байна уу ? Гэнэт тийм олон хүн үхээд эхэлсэн юм биш шдээ.Өмнө нь ийм явдал байнга л тохиолдож байсан.Нийгэм нийтээрээ шуугиж чадсан болохоор л УИХ-ын анхаарлыг татаж, бодит арга хэмжээнүүд авагдсан хэрэг.Гэтэл хүний наймаа бол түүнээс дутахааргүй ноцтой асуудал – Тиймээс хүний наймааг нийгмийн асуудал болгоцгооё.
3.     Маш тодорхой хэдэн хэргийг сонгож аван шүүх цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэх
4.     Амыг нь барих аргагүй олон олон зоригтой залуучууд өөрсдийн овог нэрээ зарлан энэ асуудлын эсрэг байгаагаа айж эмээлгүйгээр олон нийтэд зарлах.Харин тэдний ард олон мянган залуучууд, олон арван ТББ-ууд ард нь хүчтэй фронт болон бат хамгаалан зогсох хэрэгтэй.
5.     Хүний наймааны эсрэг залуусын эхний уулзалтыг зохион байгуулах -
Энэ уулзалт удахгүй болно.Зүрх сэтгэлтэй хэн ч энэ уулзалтанд оролцож болно.Эхний уулзалт маань хүний эрхийн гавьяат хуульч Ичинноровтой хамт болно.Энэ уулзалтанд оролцох хүсэлтэй хүмүүс cb.javkhaa@gmail.com уруу өөрийнхөө мэдээллийг явуулаарай.Хүний наймааны эсрэг л зүрх сэтгэлтэй бол би дайсантайгаа ч найз болох хүсэлтэй байгаагаа хэлье.

Би мэднэ.Бид ингээд амьдраад байвал амьдраад л байна.Заавал хүний наймаа эд нар гэж гүйх шаардлагагүй.Өөрөө л хохирохын нэмэр шд тийм биз дээ ? Зүгээр л ажил төрөл олж хийгээд, гэр бүлтэй болоод ... Надад тохиолдсон зовлон бол зовлон, харин өрөөлд тохиолдсон нь золгүй явдал гээд л явж болдоггүй юм уу ? Би тэгвэл асууя, чи бороо ороод байхад ерөөсөө норохгүй байгаа мод харж байсан удаа бий юу ? Ангиараа SARS өвчин тусахад баячуудын хүүхдүүд л тусахгүй байсан уу ? Чиний духанд зоогдоогүй байна гээд яг чамайг чиглэн яваа сумыг тайван хараад суух уу ?

Залуусын хүчтэй оролцоо, зоригтой эрсдэл, хүчтэй дэмжлэг энэ бүхэн Монгол улсад хүний наймааг зогсооход хамгийн том түлхэц болох болно.



Ч.Ганжавхлан