Dec 15, 2014



Үзэл бодол хоёр хуваагдана

Тийм ээ үзэл бодол хоёр туйл руу тэмүүлнэ ... Хаха ер нь яах ёстой юм бол ? Болохгүй бүтэхгүй бүх зүйл рүү “Ярий” гэж хэлчихээд “Болно, бүтнэ” гээд өөдрөг алхах ёстой юм болов уу ? Эсвэл сайтын мэдээ, саар болгоныг амьдралдаа тусган “Монголд амьдрах арга алга” гэж хий дэмий шогшрон суух нь зөв юм болов уу ? Энэ хоёр туйлд голч шугам байна уу ...

Өргөө кинотеатрын үүдэнд нэг хүүхэд олон хоног дараалан суухыг харлаа. Кино тарах цагийг андахгүй хүлээж байгаад ээжийн тухай дуу дуулах юм. Гэр нь хол гуйлга гуйж эмээ дүү нараа тэжээдэг гэнэ. Тэсэхийн аргагүй өвлийн хүйтэнд хэдэн ч цаг энэ нимгэн хувцастайгаа сууж байгаа юм бүү мэд ... Байгаагаа сарвайх өрөвч сэтгэлтэй оюутан охин байхад дайрчих шахам зөрөөд өнгөрөх пальтотай залуус хэдэн арваараа ... Гэхдээ яана гэсэн үг вэ ? Түүнд 100 төгрөг өгсөн нь сайн хүн болоод үлдсэн зарим нь муу хүн болно гэсэн үг үү ? ... Өргөө кинотеатрын замын эсрэг талд Монголын хүүхдийн төлөө үндэсний газар байдаг ...

Орон гэргүй тэр эмээг ...  гуйлга гуйх энэ хүүхдийг нийгмийн хэцүү асуудал гэж үзье. Нийгэм дээр ийм хэцүү асуудал хэдэн мянга бараг тоолж баршгүй. Бүгдээрээ нийлээд нэг хүүхдэд туслалаа гэж бодоход цаана нь хэдэн мянган хүүхдүүд өрөвдөлтэй хоцорч л байгаа. Гэлээ гээд нэг ч болтугай лаа асаасны буруу гэж үгүй. Гэхдээ л бодох төсөөлөх үед хэцүү санагдана ... Аль нэг хандивын аяныг ердөө судлаж ч амжаагүй байхад тийм төрлийн хүсэлт, постер, аяны зар өдөртөө хэдэн 10 ширхэг ирдэг. Явж явж гараа сунгаж байгаа хүмүүсийн дийлэнхи нь хүүхдийн ээжээс ялимгүй сайн амьдралтай ялгаагүй ядарсан хүмүүс байдаг ... Тэд нийлсээр хамжсаар жаахан юм цуглуулсан нь хүүхдэд очих ёстой байсан мөнгийг идэж уусан хүмүүсийн гадаадад зугаацаад ирэх зардлын дайтай мөнгө болдог ...

Тэгтэл бүх амьдрал бас тийм орвонгоороо эргэчихээгүй ээ. Болсон болоогүй улс төр, ялгаа нь байхгүй хэрүүл маргааныг огт тоохгүй, нийгэм дээр байгаа сайн сайхан бүхнийг өөртөө нялзаан өөдрөг сэтгэлээр амьдрах гэж зүтгэвэл болохгүй юм ердөө байхгүй. Явж явж үхэл биднийг өргөөд явчихаагүй цагт хүн ямар ч зовлонг туулаад л гардаг, тэр тусмаа хатуужиж хурцлагдаж байдаг гэдгийг бодолцож үзвэл хорвоо дэлхий хоёр талтай, өдөр шөнө хоёр өнгөтэй ... Өвөл болж цас будран шинэ жил хаяанд ирсэн энэ үед дулаахан орой гудамжны хямдхан кофе хүртэл романтик санагдана ...

Хэцүү хялбар, хар цагааны голч шугам хаана байна вэ ? Хамгийн зөв арга бол гэрэл түгээж сүүдрийг дарах юм. Муу муухай бүхэнд бухимдаж хувийн амьдралаа хорлосны хэрэггүй /гол нь нөлөөлж чадахгүй зүйлдээ шүү дээ ! / Тэглээ гээд шударга бус зүйлийн хажуугаар сохор хүн мэт гарах ёсгүй. Хөөрхий нэг эмэгтэй хүчтэнд дээрэлхүүлж хөгийн залуус гудамжинд тойрч зогсоод сонирхож байвал хүч чинь хүрэхгүй ч ХӨГИЙН АМЬТАД гээд орилчих зоригтой байх хэрэгтэй. Өөрийнхөө нөлөөлж чадах хэмжээг зөв тооцоолон тэр хэрээрээ гэрлийг түгээж, сүүдрийг дарах ёстой. 1000 хүн нэгэн зэрэг утгагүй туйлширсан зүйлийг шээр хийж олонд түгээн 10 хүн л таны зөв эрүүл гаргалгааг анхаарахтай үгүйтэй байлаа ч та бичиж түгээж гэрлийг цацах хэрэгтэй.


Ч.Ганжавхлан 

No comments: