Feb 20, 2009

Хөмсгөө зүүнээс баруун тийш нь сайн илцгээе



Бээжингээс Улаанбаатар орох галт тэрэгний билетний үнэ 800 гаас 1200 юань хүртэл даруй 400 юаниар нэмэгджээ.Хямрал нөлөөлөх хүрээгээ улам тэлсээр л байна.Баячууд нь хэт баян харин ядуучууд нь хэт ядуу учраас энэ хоёр давхаргынханд хямрал сүрхий нөлөөлөхгүй л байгаа болов уу.Угаас л идэх хоол орох оронгүй хэт ядуус нэгэнт ядуугын туйлд хүрчихсэн тулд “Чи намайг үүнээс илүү ядууруулах гээд үз л дээ , харий” гэх шиг хямралыг басна.Энэ үед хүний зайлшгүй хэрэглээ болох эм тариа , хоол хүнсний бизнес л арай дамчуурчихгүй дөнгөн данган урагш алхана.Харин Хятадад үйлдвэрлээд Монгол уруу оруулдаг архины шошго , бөглөөний тоо багасах байтугай улам өссөн байх юм.Хямарсандаа архи их ууж байгаа бололтой юм.

Би энэхүү нийтлэлийг Монголын дунд давхаргынхны хүүхдүүдэд зориулан бичиж байна.Тодруулбал 1986-2000 онд төрсөн залууст гэх үү дээ.

Залуусаа , хаа сайгүй л муу мэдээ.Дампуурсан , муудсан , зовсон , зүдэрсэн.Үнэхээр нөхцөл байдал хэцүү байгаа нь үнэн л дээ.Гэхдээ бид ийм байх тусам сэтгэл санаагаар өөдрөг байх хэрэгтэй.Үнэнийг хэлэхэд бид өдийг хүртэл зовлон гэдэг зүйлээс холхон эцэг эхийн өвөр дээр тарвалзаж өслөө.Энэ хооронд дайн ч болсонгүй , бараа картанд орж сүү маханд ч оочерлосонгүй.Ашгүй нэг бэрхшээл зовлон бидэнд ирлээ.1990 оны өөрчлөлтийн дараа Монгол улсад нүүрлэсэн эдийн засгийн их хямралыг бидний эцэг эхүүд минь эрээн оросын хооронд өдөр шөнөгүй наймаанд явж шинэ нийгмийн туршилт болцгоосон ч амжилттай туулж гарцгаасан.Тэд маань харин удахгүй 50 нас хүрэх нь.Тэр үед бид харин туслах нь байтугай уйлж усан нүдлэж дараа болохоос өөр юм мэдэхгүй мангар бацаанууд байжээ.Харин одоо тийм биш.Түүнээс хойш хорин жил өнгөрч бид өсөж том болж , уйлахаа больцоосон.Өнөөдөр Монгол улсыг төдийгүй дэлхийг хамарсан хямрал ирчихээд байна.Энэ удаа эцэн эхүүд минь ганцаараа биш бидэнтэй хамт энэ хямралын ард гарах болно.Бидэнд зовлон үзэх боломж ирлээ.Тиймээс хямралын өөдөөс инээж,бүр элгээ тэврэн хөхөрч угтацгаая.Залуу насны зовлонг алтаар ч болтугай худалдаж ав гэж хэн хэллээ дээ.Өнөөдөр бидний эцэг эх 18 жилийн өмнөх шигээ өдөржин шөнөжин шиг наймаанд явж , Нарантуул Хар хорин зах дээр хөлөө хөлдөөх шахан зогсох тийм бие тэнхээ хүч чадалгүй болсон шүү дээ.Тийм байсан үе дээр нь харин бид ирчихээд байна.Бид бол шинэ үеийн эрч хүчтэй цоглог залуучууд.Ойрд хүн болгон л Монгол сүрхий хямарч , бараг л амьдрах арга алга хэмээн толгой гудайлгах болж.Хямрал болвол хамгийн түрүүнд хөмсгөө зангидаж сүржин царайл гэж хууль гараагүй л байлтай.Бид тэднээс өөр байх хэрэгтэй.Болохгүй бүтэхгүй зүйлийг улам муулан дордуулж , түүндээ гутарч суудаг нь бид гэж үү , энэ нь нөгөө залуу нас гэж үү ??? Ийм байх тусам нь зовхио өөд нь байлгаж сайн сайхан зүйлийг ярьж , сэтгэлээр унаж итгэлээ алдсан “хөгшчүүдийнхээ” урмыг нь сэргээж , урам зориг өгөх ёстой үеийнхэн бол бид нар юм.Сэтгэлээрээ ядуу байснаас , эд хөрөнгөөр ядуу байсан нь дээр.Яадаг юм бид жаахан амьдралаа өөрчлөөд үзье л дээ.Энэ муу хямралын хэдэн жил үргэлжлэхийг нь харья л даа.Хүн бүхний бүр чиний эцэг эхийн чинь амьдрал хүртэл дордож доройтож байхад чиний л амьдрал ганцаараа хэвээрээ байвал шал тэнэг биз дээ ер нь.