Oct 31, 2012

Ганзориг ахын гэгээн дурсгалд


Хүний наймааны эсрэг хамтдаа тэмцэж явсан Ганзориг ах маань өнөө өглөө зуурдаар нас барлаа.Хэдхэн хоногийн өмнө тэр надад ингэж ярьсан “Ах нь ер нь хуулийн сургуульд явна гэж бодож байгаа, тэгээд хүний наймаанд охиноо алдсан над шиг хүмүүст тусламаар байна” гэж.Гэтэл тэр хүн өнөөдөр энэ хорвоо дээр алга.Тэрээр сүүлийн 7 жил хулгайд алдсан охиныхоо араас сэтгэл нь шимширсээр, эцэстээ хэтэрхий ахадсан зовлонгоо дааж чадсангүйдээ.

Цэцэг цэврүү шиг жаахан охиныг нь хулгайлж өдөр
шөнөгүй хүчиндэн яргалж, өчүүхэн биенд нь дэндүү ахадсан харгис зовлонг үзүүлсэн.Ганзориг ах тэмцсэн, нэг хөл нэг гаргүй ч гэсэн шудрага ёсны төлөө, охиных нь амьдралаар тоглосон хүмүүст хариуцлага тооцуулахын төлөө ганцаараа олон жил тэмцсэн.Даанч тэр Монгол улсын хууль шүүхийн байгууллагын талаар хэтэрхий нимгэн ойлголттой байж дээ.Улаам цайм хэргийг нь 3 удаа шалтгаангүй хаасан, төрсөн хүүд нь хуурамч хэрэг тохоон 6 сар шоронд суулгасан, сүүлдээ амыг нь барьж чадахгүй болохоор эргээд өөр дээр нь зохиомол хэрэг үүсгэн хүн зодсон, охиноо хүчиндсэн хэргээр эрүү үүсгэн ялласан.Гэтэл тэр хүн чинь хүн зодох нь байтугай хөл дээрээ ч ганцаараа явж чадахгүй хүн шүү дээ.Үнэхээр цөхөрсөн дөө хөөрхий, хамгийн сүүлийн аргаа барсан сонголт нь хэлмэгдэлтийн хөшөөний өмнө суулт хийх байсан байх.”Хүний наймааг зогсооё” гэсэн лоозон бариад тэнд сууж байхад нь анх би түүнтэй танилцсан юм.Мөнгөөр амаа боолгоогүй, хэзээ ч боолгохгүй байсан хамгийн үнэтэй амьд гэрч маань тэмцлийнхээ эцсийг надтай цуг үзэж чадсангүй.Тэр гэхдээ Монголын нийгэмд маш том анхааруулгыг, маш чухал мэдээллийг хүргээд насан эцэслэлээ.Магадгүй түүний амь насны золиос, үнэ цэнэ үүнд орших байх.

Би түүнд өртэй.Маш олон хүмүүс түүнд өртэй.Түүний охиныг эд бараа мэт арилжсан хүний ялгадаснууд түүнд өртэй, авилгал хээх хахуульд идэгдсэн Монголын төр шүүх цагдаагийнхан түүнд өртэй, түүний охиныг халтар хэдэн төгрөгөөр үнэлж эд бахаа хангасан “Эр хүн” нэртэй арчаагүй новшнууд түүнд өртэй, харсаар мэдсээр байж нүдээ анин өнгөрсөн хүн бүр түүнд өртэй.Намайг туслая дэмжье гэж гуйсаар байхад улс төр шоу болгон ойлгосон, ялзарсан ядуу сэтгэлгээтэй олон хүмүүс үүнд өртэй.

Бид ер нь яачихсан юм бэ ? Монголчууд, Монголын залуу үе яагаад ийм хулчгар амиа бодсон болоо вэ ? Юуны сүрэнд дарагдан ийм доожоогүй дуу султай болов ? Уур омогшил нь дотроо багтаж ядсан, сав л хийвэл эх орон шудрага ёс ярьдаг тэр сүртэй мундаг залуучууд архи ууж, шалиглахаас өөр зүйл чадахаа болио юу ? Хэн ч биш юмнуудын хөлийг долоож, хувийн өчүүхэн ашиг сонирхлынхоо төлөө олон олон гэмгүй хүмүүсийн амьдралыг сүйтгэн яваа өөдгүй хүмүүс, эрх мэдэлтнүүд.Янхан авдаг хүмүүсийн ихэнхи нь 40-50 насныхан, нөгөө зааж сургаад байдаг мундаг коммунистууд маань шүү дээ.Ганзориг ах хулгайлагдсан ганц охиныхоо хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх гэж хичнээн их хүнд суртал, худлаа амлалт, доромжлол шүүх цагдаагийнхнаас амссан гэж санана.Тэд үнэндээ л шийдэж өгөхийг хүсээгүй дээ.Ямар ч ашиггүй, харин ч эвгүйдвэл ажлаасаа салж мэдэх зүйлээр хэн ч оролдохыг хүсээгүй.ТББ-ууд туслах гээд хүч нь хүрээгүй.

Хэцүүхэн амьдрал түүний ард үлдлээ.Энэ гэр бүл хүний наймааны хохирогч болсныхоо төлөө, амьд гэрч болж үлдсэнийхээ хариуд үүрдийн айдас, заналхийлэл дунд өдөр хоногийг өнгөрөөн эхнээсээ амь насаа алдаж эхэллээ.Дараагийн гай зовлон хэзээ, хэнд учрах бол ? Би хувьдаа Б охиныг маш хурдан гадаад руу гаргамаар байна.Түүний амь хутганы ирэн дээр байгаа, учир нь тэр амьд гэрч.Монгол улс хүнээ хамгаалж чадахаа больжээ.Миний энэ бичлэгийг уншаад намайг хэрхэн алга хийхээ бодоод эхэлчихсэн хүмүүс байж ч магадгүй.Бидэнд мэдэгдэхгүйгээр маш олон хүмүүс хорвоог орхисоор байгаа.Хүнийх гээд түлхсэн асуудал минь эргээд бидний толгой дээр буух цагт харамсаад барахгүй хувь тавилан биднийг хөмрөх вий дээ Монголчууд минь.

Би үнэхээр хүнээс мөнгө гуйхгүй юмсан гэж боддог байсан.Гэхдээ би өнөөдөр 50,000 төгрөгөөр л энэ айлд туслаж чадах юм байна.Хүнээс дутуу төрчихөөд хүн шиг амьдарсан Ганзориг ахыгаа хүн шиг гаргаад өгчих юмсан, үлдсэн гэр бүлийнхэнд нь туслачих юмсан.

1 comment:

Enkhmunkh B. said...

Үнэхээр харамсалтай юм, БИ тэр хүний тухай мэдэхгүй ч гэлээ хэрхэн шаналсанг нь төсөөлж байна,