Feb 10, 2010

Чиний тэр монгол чинь тэгээд аль нь юм бэ ????




Улаанбаатараар дүүрэн монгол ярьсан хүмүүс.... Яагаад тэд монгол ярьдаг гээч?, яагаад гэвэл тэд бол бөгсөн дээрээ хөх толботой.Аа нээрээ тэд бас чингисийн цустай, дэлхийн бүх хүмүүсээс илүү онцгой гентэй.Тэд зүгээр л цаанаасаа тэгээд төрчихсөн үүнийг хэн ч яаж ч чадахгүй, зогсоох аргагүй.

Би солонгост 2 жил сурсан.Тэнд хүмүүс нь эзнээсээ нууцаар монгол гэж шивнэж ярьдаг юм байна лээ.Булчин шөрмөс болсон эрэлхэг баатруудаа магтах гэтэл тэд нар оймсны үйлдвэрт насаараа ажиллаад элэг бөөрний өвчтэй болчихсон хаягдал утас түүгээд сууж байдаг болохоор, хацар гоо ичимхий охидоо магтах гэтэл тэд нарийг нь “интернет”-ээр худалдаж аваад суучихдаг болохоор(энэ огт хэтрүүлэг биш төдийгүй солонгос хүн бүрийн мэддэг энгийн зүйл болно), хаа ч байхгүй онгон талаа магтья гэтэл зурагтаар нь өмхий хог новш, утаа тортог гудамжны амьдралаас өөр юу ч гардаггүй болохоор тэд монголоо хоорондоо шивнэж ярьдаг юм байна лээ.Хаа нэг амралтын өдрөөрөө л ганц сөжү ууж маханд оронгоо өөр хоорондоо хөөрөлдөн байхгүй юмыг байгаа болгон эх орноо магтаж сэтгэлээ хуурах энэ хүмүүс нөгөө магтаад байгаа монгол чинь мөн үү ???

Би Бээжин хотод 4 жил сурч байна.Миний Бээжинд зохиосон нэг онигоо байдаг юм.Нэг монгол такси барьж гэнээ, тэгсэн таксиний жолооч нь чи хаанах вэ гэж асууж гэнэ, нөгөө монгол “би монгол” гэтэл жолооч “Аа би чамайг гадаад юм байх гэж бодсон юм” гэж гэнэ.Энэ тоглоом биш шүү, би л бантсандаа онигоо болгож яриад байгаа болохоос.Яагаад тэгдэг юм бүү мэд монгол гэхээр л “эрхий хуруугаа” гозойлгоод байдаг юм.Тэгснээ учиргүй архиар шахан, морь мал асууж бараг л ганц барилдаад үзүүлчих гэх нь холгүй.

Би одоо АНУ-д байна.Энд зарим монголчууд нь монгол гэхээр бараг өрөвдөх юм.Буцах уу гэхээр “хайшаа?” гэх юм.Тэгэхээр АНУ гэдэг үнэхээр л сайхан орон бололтой.Миний нүдээрээ харснаар энд монголоор ярьж чаддаггүй, цэвэр монгол цустай америк иргэдийн бүхэл бүтэн нэг үе гарч ирж байна лээ.Арай дээр нэг нь “Daddy би this авъя” гэж ярьдаг юм байна лээ.

Хэнийх нь ч буруу биш.Бодит нөхцөл байдал ийм л байна.Америкт ахлах сургуулиа төгсөөд тэндээ томоохон ажил хийж байгаа нэг залуу монголд малаа хариулаад явж байгаа “цэвэр монгол” бүсгүйтэй сууж чадна гэж үү ??? Соёлын хэтэрхий том ялгаанаас болоод бараг л боломжгүй болов уу.Нэр нь л монгол болохоос биш шал өөр 2 улсын хүмүүс шүү дээ.Өөрөө өөрийнхөө ирээдүйн төлөө зүтгэж яваа хүмүүсийг зарим нь “чи амьдралаа хаяад монголдоо ирж эх орноо хөгжүүлсэнгүй” гэх нь холгүй байх юм билээ.

“Монголоо алдсан” гэдэг нэг хэллэг байдаг.Энэ ер нь юу гэсэн үг вэ ??? Мал хариулаад явсангүй гэсэн үг үү ??? Архи уучихаад зодолдсонгүй гэсэн үг үү ??? Нэгнийгээ матаж муу хэлсэнгүй гэсэн үг үү ??? Шороон дээр очиж хөрвөөсөнгүй гэсэн үг үү?? Үгүй дээ энэ бол “түүх рүүгээ нулимсан”, “үндэс угсаагаа үгүйсгэсэн” гэсэн үг юм.Чи хичнээн америкт, европт төрж өссөн эргээд хэзээ ч монгол уруугаа буцахгүй байж болно.Гэхдээ чи өөрийгөө “монгол” хүн гэдгээ хүлээн зөвшөөрдөг, “эх түүхээрээ” бахархаж чаддаг, “монгол” гэдгээсээ ичдэггүй, өнөөгийн монгол улсынхаа байдлыг хараад жаахан ч гэсэн санаа чинь зовдог, хэрвээ чадал чинь хүрвэл орон гэргүй ганц хүүхдэд ч болов зориулаад хандив өргөчих сэтгэлтэй л бол чи “монголоо алдсан” биш.

Тэгэхээр өнөөдөр монгол гэдэг ойлголт маань өөрөө маш хийсвэр зүйл болчихоод байна.Монгол хүн гэж яг ямар хүнийг хэлэх вэ ?? Монгол соёл гэж үнэн хэрэгтээ чухам юу юм бэ ??? Жишээ нь гэхэд хятадад монгол хүн “архи сайн даадаг” гэсэн түгээмэл ойлголт байдаг.Тэгтэл бидний өвөг дээдэс тэгэж их архи уудаггүй байсан шүү дээ.Социализмын үед л орос ах нараас сурсан байх.Бууз, хуушуур, цуйван гээд үндэсний хоолны маань ихэнх нь урдаас орж ирсэн байдаг.Бүр нэршилтэй юутай хийтэйгээ тэр чигээрээ шүү.Өнөөдөр бидний залуу үе маань ч тэр чигээрээ дэлхийн жишгээр америк соёлыг шүтэж өсөж өндийж байна.Морин хуур язгуур урлагыг маань хүртэл өвөрмонголчууд биднээс илүү дэлхийд сурталчилж байна.Би нээрээ түрүү намар харсан манай “монголд” байгаа эцэг эхчүүд маань хүүхдээ цэвэр “хятад” сургалттай бага сургуульд оруулах гээд долларыг хэдэн мянгаар нь барьчихсан хоорондоо өрсөлдөн хэрэлдэж байхыг.

Одоо ер нь худлаа “эх оронч” царайлахаа больцгоосон нь дээр юм шиг.Бүх зүйлийг эдийн засаг, технологийн хөгжил шийдэж байхад “би малчин” гээд л ган зуданд нэрвэгдээд суугаад байлтай нь биш тийм биз дээ.

Чухам иймийн учир монголчууд та бид өнөөдөр юу өмсөж,хаана амьдарч, ямар хэлээр ярих нь огт чухал биш.Зөвхөн “монголоо” гэсэн сэтгэлээ зүрхэндээ тээж явах нь, хаана ч хамаагүй газар эхлээд өөрөө хөлөө олчихоод дараа нь элэг нэгтнүүдээ туслах нь та бидний өдрөөс өдөрт даяарчлагдах энэ ертөнц дээр өөрсдийгөө авч үлдэх цорын ганц гарц нь юм.

3 comments:

Anonymous said...

Yag iim yum bichij ene unoogiin javhlanchuudin tolgoid jaahan ch gesen eruul setgehui oruulah yumsan gej boddog baisan chin' ta turuulj bichij ganc nar min' garlaa. Thanks.

Unknown said...

Sain baina uu?

Taniig Tsahim.net-iin zurvas bichiye buland bichlegee oruulj baihiig urij baina. Urilgiig huleen avna uu.

Цахим.нэт сайт маань өнөө цагт дуугай байж чаддаггүй, дутагдлын хажуугаар нүдээ аньж чаддаггүй эрхэм хүндэт блогчиддоо зориулан тэдний богинохон мөртлөө нэгийг бодогдуулах, хатуухан боловч чухамхүү өнөөгийн хэдэн татаасаар бичдэг сэтгүүлчдээс хамаагүй үнэнийг эргэцүүлдэг зурвасхан бичлэгүүдэд зориулж ЗУРВАС БИЧИХ ариухан индер гаргаж байгааг хүлээн авна уу.

Та хэрвээ өөрийн блог бичлэгээ манайд оруулж байхыг хүсвэл tsahim_net@yahoo.com хаягт хандаж блогийн линкээ илгээнэ үү. Бид таны бичих зурваст энэхүү шаардлагыг тавих болно. Үүнд:

• Ямар нэгэн дутагдал, асуудал, булхай зэргийг илчлэх болохоос хэн нэгнийг үг хэлээр дайран доромжлох, худлаа гүтгэх, илт үзэн ядах өнцгөөс бичихийг зөвшөөрөхгүй.
• Бичлэгийн утга санаа нь аливаа нийгэмд, бидний амьдрал дундах проблемийг зөвөөр олж хараад, үүнд дүгнэлт хийж, гарах гарц, зөв шийдлийг санал болгосон байх нь чухал.
• Нийтийн жишгээс гадуур үзэл санаа, шашин шүтлэг, элдэв бизнесийн зар сурталчилгаа оруулахыг тас хориглоно.
• Хэрэв илт манай нийтлэлийн бодлогоос гадуур бичлэг байвал бид зохиогчид нь ямар нэгэн сануулгагүйгээр бичлэгийг хасна гэдгийг сануулж байна.
• Энэ байдал нь давтагдвал Цахим.нэт дээр зурвас бичих эрхийг нь мөн хасах болно.
• Мөн зурвас нь зөвхөн зохиогчийн өөрийнх нь бичлэг байх ёстой. Энд тэндээс хуулсан бичлэг оруулахгүй.

Хүндэтгэсэн,

Цахим Нэтийн хамт олон

Bayarbaatar said...

yaag golii ni olood helchij