May 2, 2010














"Өөрийгөө ялсан нь"

Би жирийн нэг Монгол залуу.Харин би одоо та бүхэнд өөрийн бяцхан ертөнцөө дэлгэх гэж байна.Энэ бол миний хятад оюутны дотуур байранд хулгайгаар 130 хоног амьдрахдаа орой болгон уйгагүй бичиж үлдээсэн өдрийн тэмдэглэл минь юм.Эхлээд би үүнийгээ бусдад үзүүлнэ гэхээс маш их айж байлаа.Монголчууд бол намайг “Хужаагийн эрлийзээр” минь дуудаж ч магадгүй.Хаа сайгүй л элдэв муугаараа дуудагдах хятадууд, тэгтэл би тэдэнтэй хамт амьдарсан түүхээ бусдад дэлгэх гэж яарч байдаг.”Хужаа шиг” гэж хэн нэгэн намайг хэлэхэд өөрийн эрхгүй дээшээ нэг юм огшоод л ирдэг Монгол зан маань намайг зовоож байсан юм.Би сүүлд ойлгосон.Энэ бол би бусдаас ичих биш, өөрөө өөрийгөө үгүйсгэсэн тэнэглэл юм байна аа гэдгийг.Энэ хорвоо дээр Монгол хүн сайн, Хятад хүн муу, Америк хүн ухаантай, Африк хүн мулгуу гэсэн хууль хаана ч байхгүй.Хэтэрхий ондоо соёлыг нь ойлгохгүй болохоор тэднийг хэмжих эрх бидэнд байхгүй.Өөрөөс нь ялгаатай байсных нь төлөө бусдыг буруутгах эрх хэнд ч байхгүй.Гараараа мах бариад зулгааж байгаа Монгол хүнийг барууныхан хараад зэрлэг балмад гэдэг, гараараа бөгсөө угаадаг Лалын шашинтныхныг хараад бидний огиудас хүрдэг.Тэгтэл энэ чинь зүгээр л ялгаа шүү дээ.Яагаад бид хүн гэдгээр нь хүнтэй харьцаж болдоггүй юм бэ ??? “Уулын мод урттай богинотой, хүний хүү сайнтай муутай”.Кармаандаа 10 сая төгрөгтэй бол хүнтэй юм яриад байдаг, харин 10000 төгрөгтэй бол хүнтэй юм ярьж чадахаа байчихдаг.Цагаан арьстай өндөр хамартай хүн харахаараа сүрхий боловсон соёлтой болчихдог мөртлөө навтгар хамартай, жартгар нүдтэй, бор царайтай Монголыгоо харахаар бардам ихэмсэг балиар муухай зантай болчихдог.Өөрөө өөрсдийгөө л доромжилж байгаа явдал шүү дээ.Тийм болохоор би зориуд хамгийн боломжгүй уруу нь зүтгэсэн юм.Манай Монгол оюутнуудын амьдрах нь байтугай шагайхаас огиудас нь хүрдэг Хятад оюутнуудын дотуур байранд би 130 хоног айдас хүйдэс, адал явдалтай өдрүүдийг өнгөрөөсөн.Эр хүн туг ч барина тугал ч хариулна гэдэг.Эхлээд тугал хариулаад сурчихсан байхад туг барьж явсан ч уруудахаас айхгүй сэтгэл амар байх биз.Би энэ алхмаа цэвэр хүсэл сэтгэлээ дагасан гэж хэлэхгүй, надад бас мөнгөний хэрэгцээ ч давхар байсан юм.Ингээд эцэст нь хэлэхэд та бүхэн надад аль болохоор анхаарлаа бага хандуулж миний хэлэх гэсэн зүйлийг ойлгохыг хичээгээрэй.

2009 оны 9 дүгээр сарын 11

Би өдрөөс өдөрт тэдний амьдралыг улам гүн ойлгосоор байлаа.Тэд яагаад байнга нэг л ижил хувцасаа ээлжлэн өмсдөг болох , мөн яагаад бүгд надтай адилхан 21 настай мөртлөө манай ангид надаас өөр эмэгтэй хүнтэй унтаж үзсэн хүүхэд байхгүй байгаа эсэх ... энэ мэтчилэн өмнө нь ойлгодоггүй болоод ойлгох боломжгүй байсан маш олон зүйлүүдийг би тэдэнтэй хамт амьдарснаар өөрийн нүдээр үзэж ойлгох боломжтой болсон юм.Түүгээр зогсохгүй би өөрөө хүртэл түр хугацаанд тэдэнтэй адилхан болохоос аргагүйд хүрч байлаа.Өмнө нь бидний хоёулхнаа амьдрахад ч багаддаг байсан умгар жижигхэн өрөөнд 4 ширхэг хоёр давхар ор тавьсан байх бөгөөд энд бид нийтдээ долуулаа амьдарч байсан юм.Би өөрийн бүх хувцасныхаа дөрөвний нэгийг таслан жижигхэн цүнхэнд хийж багасгасан ч энд надад түүнийг тавьчих зай олдохгүй л байж билээ.Мөн би энд өөрийн үйлдэл бүрээ маш сайн хянаж байх хэрэгтэй байлаа.Чи хөгжмөө чангахан асаавал бусдын хичээл хийхэд саад болно, харин орон дээрээ ширүүхэн хөдөлвөл доод давхарт унтаж байгаа нөхрийг сэрээж орхино.Өрөөнд хичээл хийх ямар ч боломжгүй бөгөөд хичээл хийх ширээ ч байхгүй.Тийм учраас хятад оюутнуудын өрөөндөө хийдэг цорын ганц зүйл нэг бол унтах нэг бол компьютэр дээр суух.

Хятад оюутнуудын дотуур байранд амьдрахад нэлээд бэрхшээлтэй зүйл бол ариун цэврийн асуудал юм.Энэ нь мэдээж дасахад бага зэрэг хэцүү боловч та бүхний төсөөлж байгаа шиг хэмжээний тийм балиар заваан бол мэдээж биш билээ.Тэдний нус цэрээ хаа хамаагүй хаях , хэхрэх . амнаас нь ханхлах эвгүй зэрэг энэ мэт зуршлууд аанай л хэвээрээ байсан ч тэд ямар ч байсан хоёр хоногт нэг удаа усанд орон, өглөө орой тогтмол нүүрээ бас шүдээ угаадаг байлаа.Би нүүр гараа тэдэнтэй хамт угааж , ариун цэврийн өрөөг нь тэдэнтэй хамт хэрэглэж байсан ч усанд орох асуудлыг арай өөрөөр шийдсэн юм.Сургуулынхаа хажууд байрлах бялдаржуулах клубт нэг жилээр бүртгүүлж тэндээ байнга усанд ордог байлаа.

Үүнээс гадна миний сэтгэлийг байнга зовоож байсан нэг зүйл бол би эндээс хэзээ ч хөөгдөж гарч магадгүйд байсан юм.Учир нь хятадын аль ч сургуульд гадаад оюутнуудыг хятад оюутнуудтай хамт нэг дотуур байранд амьдрахыг хориглодог юм.Тэгэхээр нэг ёсондоо би энд хулгайгаар амдарч байгаа билээ.Би энд аль болохоор гадаад гэдгээ мэдэгчихгүйг хичээн өөрийнхөө үйлдэл болгоныг хянаж байсан ч намайг байрны хаалгаар орох гарах болгонд нэг л сэжигтэйгээр ширтэх жижүүрүүдийн харц заримдаа миний зүүдэнд хүртэл ордог байсан юм.Нэг удаа намайг доод давхарт ус авах гээд зогсож байтал мухлагийн худалдагч хүүхэн “Чи лав хан үндэстэн биш байх тийм ээ ??” гээд яг жижүүрүүдийн хажууд палхийтэл асуучихаж билээ.Би бантсандаа аргагүйн эрхэнд “Тийм ээ , би өвөрмонголоос ирсэн” гэж хэлээд өнгөрсөнсөн.Түүний маргааш нь нөгөө худалдагч үүдэн дээр зогсчихсон намайг хуруугаараа заан үүдний жижүүрүүдтэй нэг зүйлийг шивнэлдэх байхыг хараад би “За за ингээд л өнгөрлөө” гэж бодсонсон.

2009 оны 9 дүгээр сар 26 Оройны 9 цаг 12 минут

Нүүдэлчдийн хойч үе болох монгол хүү би энэхүү шинэ орчинд гайхалтай хурдан дасан зохицож байлаа.Дөнгөж сая би хэдэн хувцсаа гараараа угааж орныхоо толгойноос өлгөчихөөд энэхүү тэмдэглэлээ бичиж сууна.Миний санахаар хамгийн сүүлд 8,9 жилийн өмнө манай гэр анх угаалгын машинтай болсноос хойш өдийг хүртэл би өнөөдөр л анх удаа гараараа хувцсаа угааж байгаа минь энэ билээ.Яг одоо миний ард талын орон дээр унтдаг Суланцэрэн хэмээх төвд банди хоёр давхрынхаа орон дээр хумсаа аван түүнийгээ газар луу шууд унагаж байх юм.Өөр газар бол би үүнийг яасан ч тэвчихгүй л дээ, учир нь би болоод манай гэр бүлийнхэн хаа хамаагүй газар хумсаа аван түүнийгээ энд тэнд үсэргэх, унагахыг ихэд бүдүүлэг соёлгүй явдал гэж үздэг билээ.Тэр ч байтугай манай нэг найз хэн нэг нь түүний хажууд хумсаа авахыг ч тэвчиж чаддаггүй байсан юм.Харин энд бол чи зүгээр л нүдээ аниад чихээ бөглөөд л өнгөрөх хэрэгтэй.Чамайг хоол идэж байхад хажууд чинь хэн нэг нь чангаар унгах, харин өөрөө хоолоо идэж дуусчихаад юу ч болоогүй юм шиг маш чангаар хэхрэх, тэгтэл бусад нь юу ч болоогүй юм шиг нэгэнт энэ байдалдаа дассан бололтой өөр өөрсдийнхөө зүйлийг үргэлжлүүлэн хийх ... Энэ бүхэнтэй чи хүссэн хүсээгүй дасан зохицох л хэрэгтэй, гагцхүү чи өөрөө л тийм биш байхад болно.Хэн нэг нь намайг энд чирч авчирээгүй нэгэнт л би өөрөө үүнд дурлан, хятадуудын жинхэнэ амьдралаас л тэдний соёлыг мэдэж авна гэж итгэсэн болохоор иймэрхүү зүйлүүдийг тэвчээд өнгөрөхөд надад харьцангуй хялбар байлаа.

2009 оны 10 дугаар сар 11

Би нэгэн зүйлийг буруу ойлгож явжээ.Юу гэвэл би зөвхөн өөрийнхөө харсан зүйлээр бүх зүйлийг дүгнэх гэж оролдсон байлаа.Нэг ёсондоо би зөвхөн өөрийнхөө харсан хятад оюутнуудаар бүх хятадын залуу үеийг тодорхойлох гэж мунхаглажээ.Харин өнөөдөр би тийм биш гэдгийг ойлгосон юм.Хөх хотоос Бээжин орох замд автобусанд санамсаргүй нэг хүүхэнтэй танилцсан юм л даа.Тэр надад өмнө нь их сургуульд сурдаг байхдаа байнга шоуддаг байсан тухайгаа бас тэдний сургуулийнхан ихэнх нь архи ууж тамхи татдаг болохыг ярьж өглөө.Харин эдгээр үгс миний чихэнд нэг л танил биш сонсогдож байсан юм.Учир нь манай ангийнхан болоод намайг хүрээлэн байгаа хятад оюутнууд баар сав байтугай бие биенийхээ гараас хөтлөөд явахаасаа ч ичиж нүүр нь улайдаг тийм л нөхдүүд билээ л.Интернет кафед муу хүн байдаг болохоор тийшээ явж болохгүй, эмэгтэй хүүхэд орой 10 цагаас хойш гадаа байж болохгүй, хүнтэй унтах нь асар том нүгэл, гадаа хичнээн халуун байсан ч ээж нь ханиад хүрнэ гэж хэлсэн болохоор хувцсаа тайлахгүй байх хэрэгтэй гэх мэтийн юм ярих тэднийг тоглоом хийж байна эсвэл худлаа жүжиглэж байна гэж битгий бодоорой.Энэ бол тэдний эцэг эхийнх нь, намынх нь, сургуулынх нь, багшийнх нь хар багаас нь тэдний толгойд суулгаж өгсөн программ, хадаж өгсөн хадаас юм.Тэдний амьдралыг сонсоход үнэхээр юу ч мэдэхгүй байхаас аргагүй байлаа.Учир нь тэд мужийнхаа хэдэн арван сая хүний дундаас эхний 10-т орж байж сая Бээжин,Шанхай гэх мэт том хотын сайн сургуульд орж чадна.Ингье гэвэл найзуудтайгаа тоглож наргиж цэнгэх нь байтугай, унтаж амрах цагаа хүртэл хугаслах хэрэгтэй юм.”Ид” нас болох 16-18 насандаа өглөө нар мандахаас эхлээд шөнө дунд хүртэл зөвхөн их сургуулын элсэлтийн шалгалтанд л бэлдэх хувь заяа тэдэнд оногдоно.Гэвч сайн сургуульд оръё гэвэл үүнээс өөр сонголт үгүй бөгөөд энэ хугацаанд тэдэнд нийгэмтэй танилцах нь байтугай гэр орноо цэвэрлэж хувцсаа угаах ч эрх байхгүй.Аав ээж нь тэднийг бүх анхаарлаа зөвхөн шалгалтандаа хандуулахыг л хүснэ.Хэрвээ өөрийнх нь хүүхэд сайн сургуульд тэнцчихвэл төрснөөс нь дутуугүй баярлах бөгөөд бусдад хүүхдээ танилцуулахдаа нэрийг нь хэлэхээс өмнө хаана сурдгаас нь эхэлж танилцуулна, “Манай охин Бээжин хотын АА сургуульд сурдаг, нэрийг нь АА гэдэг юм” гэж заавал хэлнэ.Эндээс би та бүхэнд миний бичиж байгаа зүйлс бол зөвхөн миний л харсан зүйл бөгөөд энэ нь бүхнийг илэрхийлж чадахгүй учир хэтэрхий туйлшрилгүй олон талаас нь бодож үзээрэй гэж сануулахыг хүссэн юм.

2009 оны 10 сарын 12

Магадгүй яг одоо би жаахан бухимдалтай байж магадгүй гэхдээ надад заримдаа худлаа инээх, хэлээ хазах, юуг ч тоогоогүй юм шиг царайлах, хэнд ч хэрэггүй ёс заншилийг худлаа үнэн дагасан болох үнэхээр хэцүү байлаа.

Намайг 10 жилд байхад танидаг болгон тааралдахаараа гар барьдаг тийм нэг зуршил байсан юм.Заримдаа сургуулын коридорт хэн нэг танилтайгаа тааралдаад гар барих гэхээр тэр маань намайг олж харах ч үгүйгээр үл барам бүр хажуугаар өнгөрөөд явчихдаг байж билээ.Их л бантдагсан, ялангуяа охидууд тэрийг нь харчих юм бол нүүр ам бөгс гээд л толигор бүхэн улайхыг яана.

Гэтэл Хятадад болохоор яг эсрэгээрээ байх шиг.Манайд бол бусдад тоогдоогүйгээсэ болж бантдаг бол энд харин бие биенээ хэт тоосноосоо болж асуудал үүсэх юм.Энэ уул нь нэг улсын соёл, ёс заншлыг хөндсөн чухал сэдэв юм л даа.За за би шууд болсон явдлыг нь ярьчихъя.

Сургуулын үүдэн дээр 2 хятад охин уулзаж байх юм гэнэ.Хоорондоо нэг 20 метрийн зайтай юм уу даа.Нэг охин нь дотроо бодож байна гэнэ “Яанаа гай болж энэнтэй энд тааралдчих гэж, энэ чинь одоо хичнээн удаан уулзаагүй юм бэ ?? Пөөх бараг жил болох гэж байгаа юм байна ш дээ, тэгэхээр чинь одоо түүнийг зөндөө санасан царай гаргахгүй бол намайг өөртэй нь дотно биш гээд бодчихно доо нэг бол яг ингэнэ намайг өөртэй нь уулзаад нээх их баярлахгүй байгаа юм байна гээд бодчихно, тэгэхээр ямар ч байсан их л сүртэй уулзах хэрэгтэй.За байз яах вэ ?? Ерөөсөө ингэе шууд нэрийг нь дуудаад л гүйж очоод тэврээд авъя, тэгээд дараа нь яах вэ ??? ” Ингэж бодоод л нөгөө охин чинь шууд л түүний нэрийг чангаар дуудан хоёр гараа алдлан түүн руу гүйтэл нөгөө охин нь бодож байна гэнэ. “Өө Яана энийг чинь одоо хаашаагаа нууж хамраа маажна аа ??? За ямар ч байсан өөдөөс нь гүйсэн нь дээр байх, гэснээс энэний чинь нэрийг хэн гэдэг билээ дээ байз ” .... Ийнхүү охидууд баярлаад ч байгаа юм шиг бантаад ч байгаа юм шиг царай гаргалцсаар ямар ч байсан тэврэлдээд авлаа.Гаднаас нь харахад тэд чухам л хамтдаа нийлж ханатлаа хүн муулж өссөн байх гэмээр дотно харагдаж байлаа.Жинхэнэ баас хүрмээр мөч тэгтэл ингэж ирлээ.Өнөө сүрхий тэврэлдсээр уулзсан найзууд чинь яг тэврэлдэж дуусангуутаа гэнэт яагаад байгаа нь мэдэгдэхгүй учиргүй бантсан царай гарган, ёстой л болдог бол тэндээс нь татаад гаргаад авчихмаар сонин байдалд орж орхив.Ядаж ярих ч юм олдохгүй байгаа бололтой бүр яг л өөрийг нь чи ямар богинохон, майга, бүдүүн хөлтэйн гээд хэлцэн юм шиг нүүр ам нь хачин болоод л, худлаа инээх гээд үрчийцэн байсан царай нь учиргүй тэнийж бариад л, бүр сайн ажвал нээх серёзний ч юм шиг сонин царайтай болж молоод л тэгснээ хормын зуур өнөө сайхан сэтгэлийн хөдлөл, уур амьсгал гээд бүгд алга болчихлоо.Тэгснээ нэг нь үнэндээ яаж ч хичээгээд өөрөөс нь олигтой гарч өгөхгүй байгаа инээмсэглэлийг гаргаж ядан нөгөөдөх рүүгээ “Сайн уу ???” гэж хэллээ.Нөгөөдөх нь ч нэг муухан мишээсэн болоод “Сайн уу ??” гэж хариулав.Үүний дараа бараг ойролцоогоор 10-15 секунд хэн нь ч юу ч дуугарсангүй нүүр нүүрээ ширтэлцэн хэсэг зогссон нь байдлыг үнэхээр яах ч аргагүй болгож орхилоо.Тэгснээ хамгийн тэнэг нь гэнэт бие биен рүүгээ гараа далласнаа “баяртай” гээд яваад өглөө.Хоёр тал хоёулаа маш эвгүй байдалд орсон л доо хөөрхий.Сэтгэлдээ үл орших сэтгэлийн хөдөлгөөн баяр баясгаланг албаар бий болгох гэж оролдох нь хүнийг ийм байдалд оруулдаг юм шиг надад санагддаг.Бий үүнээс сэдэвлээд нэг жижигхэн зүйл бичлээ л дээ

“Ядрав даа”

Танил: Хай ангийн найзаа ???

Би: Хай хай

Танил: Чи хоолоо идсэн үү ??

Би: Идээгүй,мөнгө алга

Танил: Хэхэ...

Би: Юун хэхэ мөнгө алга гээд байхад чинь ???

Танил: Аан хэхэ...

Би: Чи чинь яадаг мал вэ ??? Хэхэ л гээд байх юм ??? Заза тоглосон юм хоол идчих мөнгөтэйгээ байна мэдэв үү ???

Танил: Танай тэнд чигээрээ ногоон тал гэсэн тийм үү ??? Ёстой гоё юм аа

Би: Хн гоё ч гэх шиг, яг очихоо хүрвэл чам шиг нусанцар тэнд долоо ч хонож чадахгүй байлгүй.Наад асуултанд чинь би насаараа хариулж ирлээ.Нэмж хэлэхэд ярих сэдэв олдохгүй байвал зүгээр л цаашаа яв л даа, юун албатай юм.Чамайг намайг тоосонгүй гээд би чамайг сайн найзынхаа тооноос хасчихгүй болохоор заавал сайхан харилцаагаа хадгалха гэж бантаад ч байгаа юм шиг баярлаад ч байгаа юм шиг өрөвдөлтэй царай гаргасны хэрэггүй.

Танил: Аан нөгөө Чингис ....

Би: За наадахаа бол бүр больж үз алиа минь.Хүн бүр өөрийнхөөрөө мэдэмхийрсээр байтал сүүлдээ наад хүнийг чинь би бараг танихаа ч болих нь .. Чи хариултыг нь өөрөө бодоод олчих.Дахиад өөр юм асуумаар байвал монгол гэр, морь малнаас өөр юм асууж үзээрэй.

Танил: Чи одоо юун муухай ааштай юм ??? (Нөхөр уурлаж эхлэв)

Би: Өө зөв хөө, одоо л чи өөрийнхөөрөө ярьж эхэлж байна ш дээ.Чи бүр уурлаад хараасан ч болно.Худлаа инээж , сэтгэлдээ байхгүй сайхан үг хэлэх гэж оролдохоос чинь хамаагүй дээр сонсогдож байна.Чи орсгор шүдтэй ч өөрийнхөөрөө инээн, чи солгой хоолойтой ч өөрийнхөөрөө дуулан үүнээсээ таашаал авч чаддаг бол амьдрахад их л дөхөм болно доо найз минь.

2009 оны 10 дугаар сар 14

Би өнөөдөр нэг зүйл анзаарсан.Юу гэвэл би яагаад ч юм энэ байрнаас хөөгдөхөөсөө айхаа больчихсон байлаа.Дасчихсан юм уу, эсвэл нэгэнт сар гаруй болчихсон болохоор үзэх юмаа үзчихсэн гэж бодсон юм уу бүү мэд ямар ч байсан л нэг л чөлөөтэй дураараа болчихсон юм шиг.Цаг 11 өнгөрч байна.Энд хичээл ордог өдрүүдэд орой 11 цагаас гэрэл автоматаар унтарна.Би өнөөдөр өдөр зөндөө унтчихсан болохоор нойр хүрэхгүй тэмдэглэлээ үргэлжлүүлж сууна.Энд зарим нь унтаагүй компьютероо шагайн сууж харин зарим нь түрүүн захиалсан хоолоо ирэхийг хүлээн нойр нь хүрэхгүй орондоо сэрүүн хэвтнэ.Санаснаас тэр дотор нь миний захисан 2 ширхэг чанасан өндөг байх ёстой.Бид нар заримдаа хэдэн өрөөгөөрөө нийлж өрөөндөө хоол захиалж иддэг юм л даа.Доод тал нь 20 юань болж байж хүргэж ирдэг болохоор дотуур байранд байнга “босголт” хэмээх зүйл явагдана.Хямдхан бас дээр нь амттай.Яагаад ч юм энд нүүж ирснэээс хойш миний амьдралын хэв маяг гайхалтай энгийн бас хялбархан болж орхисон юм.Өөрт оногдсон ганц ор, зөвхөн 2 ээлжийн хувцас л тавьж болох орны толгой, бас хэдэн номоо өрж тавих ханын тавиур, нэг улаан төмпөн (уул нь би нэг цэнхэр түмпэн авсан чинь хэн авсан нь мэдэхгүй алга болчихсон юм,тэгээд ганц түмпэн дээрээс сүр болоод яахав гээд дахиад нэгийг авахдаа албаар улаанаар сонгосон нь тод өнгөтэй дахиж алга болохгүй магадлал өндөр байх гэж бодсон хэрэг) нэг таавчиг ... Энэ мэтхэнээр л миний амьдрал хэмжигдэж байлаа.Би манай сургуулын зарим нэг өдөр болгон өөр өөр хувцас сольж өмсөөд байдаг охидуудыг яаж тэгэж чаддагийг ойлгодоггүй юм.Ийм жижигхэн өрөөнд хаанаа тийм их хувцсыг багтаадаг байна аа ??? Ямар ч байсан нэг нь надад ярихдаа хувцсаа солих болгондоо орны толгой дээр байдаг шүүгээ рүүгээ авирч гаран том чимоданаа буулгаж ирж байгаад хувцсаа сольчихоод буцаагаад хийдэг гэсэн.Би үнэнийг хэлэхэд биширсэн л дээ.Энэ бол үнэхээр дур хүслийн асуудал.Гэхдээ тэгээд л эмэгтэйчүүд л юмдаа.Заза найзуудаа би унтлаа удахгүй та нарт илүү олон сонин дуулгах болно.

2009 оны 10 дугаар сар 26

Нэг өдөр өрөөнийхон маань их л дуу шуу баяр баясгалан болчихсон орж ирцгээлээ.Сонсохнээ өнөөдөр англи хэлнийх нь хичээл дээр солилцооны хэдэн франц оюутнууд ирж тэдэнтэй яриа өрнүүлсэн гэнэ.”Тэр англиар ямар хурдан ярьдаг гээч” , “Би түүнтэй бүр амьдралын нарийн ширийн зүйлийг хүртэл ярилцсан гээд л бод” , “Би яагаад ч юм энгийн үед зүгээр мөртлөө гадаад хүн харангуут л англиар нэг ч үг хэлж чадахаа больчих юм” гэцгээх тэдний үгнээс баярласан, гайхсан, атаархсан өнгө аяс мэдэгдэж байлаа.Манайд бол гадаадуудыг хараад гайхсан, сонирхсон, дооглосон байдал илүү их ажиглагддаг бол Хятадад биширсэн, шүтсэн байдалтай байх нь их байлаа.Энд ер нь гадаадуудыг Азийнх болон Америк Европынх гэж хоёр хувааж үзнэ.Эдийн засаг, хэл, соёлын нөлөөгөөр Америк Европынхон болоод англиар ярьдаг улсын хүмүүс бусдаас илүү хүндлэгдэх бөгөөд жишээ нь нэг хятад оюутан Англи найзтай болчих юм бол тэрийгээ ангийнхандаа нэлээд гайхуулах маягтай ярина.Заримдаа анги дээр албаар түүнтэйгээ англиар утсаар ярин дараа нь хэн юм гэж асуувал “Манай Англи найз” гэж юу ч тооогоогүй мэт хариулах гэж оролдох нь инээдтэй ч юм шиг өхөөрдмөөр ч юм шиг.Би нэг удаа ангийнхаа нэг охинд Солонгос хэл заагаад өгчихсөн чинь өнөөх маань хүн ихтэй газар болгонд маш чангаар надаас Солонгосоор ямар нэгэн юм асуух гэж оролдон намайг сандаргасан сан.Заримдаа бүүр зүгээр л “Тийм” гээд хэлчих юман дээр албаар Солонгосоор “Нэ” эд нар гэхийг нь яана.

За түрүүнийхээ ярианд эргээд орьё.Тэдгээр Франц оюутнууд манай ангийнханд их л таалагдсан бололтой тэр оройжингоо л тэдний тухай элдэв яриа манай өрөөгөөр дүүрэн байлаа.Бүр тэдний нэгэнд нь нэг франц охин их л таалагдсан бололтой, түүнийг Бээжин хотын хаагуур дагуулж явбал зохих талаар надтай хэсэг ярилцлаа.Харамсалтай нь маргаашийнх нь хичээл дээр тэр миний урд суутал түүний толгой том том цагаан хагаар дүүрэн байлаа.Тэр ийм байхад би яаж түүнд охин найрахад нь туслахав дээ.Уул нь манай ангийн хүүхдүүд Хятад улсдаа нэлээд гайгүйдээ орох соёлтой боловсролтой залуус л даа, харин энэ сайхан гар бол хөнжлөө ч олигтой угаадаггүй ер нь ариун цэврийн тал дээр жаахан асуудалтай нөхөр байсан юм.Эндээс нэг зүйл хэлэхэд өнөөдрийн Хятад улсын маш том нэг асуудал бол хүнийх нь хөгжил хотынхоо, техник технологийнхоо хөгжлөөс маш хол хоцорч яваа билээ.Ямар сайндаа л манай ангийн зарим охидууд үснийхээ стилийг яаж өөрчлөхөө мэдэхгүй болонгуутаа шууд буржгар хими хийлгэчихэж байхав дээ.Солонгост зөвхөн үс нь унаж шингэрээд болохоо байсан эмээ нар л сая ийм хими хийлгэдэгсэн.Тэдний байгаа байдал яагаад ч юм нэг юманд баригдсан, хязгаарлагдсан, өөрийнхөөрөө биш, социалист ....

2009 оны 11 дүгээр сар 4

Уучлаарай яриа мань нэлээд бусдыг шүүмжилсэн тал уруугаа хандах нь.Учир нь би сэтгэл санаа тийм таатай биш байна л даа.Яасан гэсэн би сая 4 сар холбоо бариагүй нэг сайн найзтайгаа арай гэж ганц мессенжерт тааралдан жаахан хууч хөөрсөн байхгүй юу.Уул нь аль болохоор л тэднийг сэрээчихгүйг хичээн сулхан дуугаар ярьсан юм.Тэгтэл миний ярианд нэг найз маань унтаж чадахгүй байсан бололтой босч ирээд “Битгий ярь” гэж уурлангуй бас захирангуй маягтай хэллээ.Би ч дуулгавартай нь аргагүй “за” гэж хэлээд, арынхаа орны төвдөөс зээлсэн чихэвчээ түүнд буцааж өгөн найздаа учраа хэлэн тэгсхийгээд яриагаа өндөрлөлөө.Мессенжерээр хэдэн үг солиход ийм хэцүү ч байх гэж.Гэхдээ үнэнийг хэлэхэд 100 хувь миний буруу гэдгийг би дотроо сайн мэдэж, хүлээн зөвшөөрч байсан юм.Учир нь би хичнээн хичээсэн ч эцсийн дүнд бусдын унтаж амрах эрхэнд халдсан л байна шүү дээ.Би сарын 300.000 төгрөгөө төлөөд өөрөө байр хөлсөлж байсан бол үнэхээр хамаа алга, тэгтэл би чинь бусдыг гуйж бас хулгайгаар хүний ор эзгүйчлэн амьдарч байгаа “нүүдэлчин” шүү дээ.Чи юу ч хийж болно гэхдээ бусдын эрхэнд л халдаж болохгүй, энэ бол дотуур байрны хамгийн гол “хууль” юм.Тэгэхээр миний сулхан ярих байтугай ялаа нисэх ч сонсогдмоор шөнө дундын нам гүн энэ цагаар миний комьютерийнхаа товчлуурыг тов тов хийлгэх нь хүртэл зарим нэгнийх нь унтаж амрахад саад болж болох учраас би яриагаа энэ хүргээд өндөрлье.

2009 оны 11 дүгээр сар 6

Би уул нь ингэж Хятадуудын дунд орж амьдарснаараа тэдний амьдралыг улам сайн ойлгож, түүнийгээ бусад Монгол оюутнуудтайгаа хуваалцан улмаар тэднийг Хятад оюутнуудтай харьцахад нь тус болох зорилготой байлаа.Гэтэл надад одоо эдний хийж байгаа бүх зүйл маш энгийн бөгөөд нээх онц гойд сонин зүйл байхгүй юм шиг санагдаж байна.Би өөрчлөгдчихэв үү ??? Эсвэл угаасаа л ийм юм болов уу ??

2009 оны 11 дүгээр сар 11

Өнөөдөр гон бие гозон толгойтуудын баярын өдөр гэнэ.Анх хятад ангид шилжиж орж байснаа санаж байна.Хичнээн энэ өдөртэй ямар ч хамаагүй ч гэсэн тэр үед үнэхээр л хаа ч явсан ганцаардаж бүр бусдын дунд ч ганцаарддаг байж билээ.Одоо ингээд л бодоод суухад би ямар нэгэн аргаар тэдний дунд орох гэж их л хичээж байсан юм шиг.Ямар ч хэрэггүй газар луу худлаа зам нийлсэн болж тэднийг даган явчихаад булан тойроод буцаад л гэр лүүгээ явдаг байсан тэр мөчүүд, хэн нэг нь хамт хоолонд орьё гэж асуувал саяхан хоолоо идсэн байсан ч хоолоо идээгүй гэж худлаа ярин хамт хоолонд ордог байсан үеүд энэ бүгд үнэндээ тэдэнд бага ч гэсэн ойртож, ”гадаад” гэсэн нэрнээсээ салах ганц л зорилготой байсан юм.Магадгүй үүнийг уншсан та бүхний зарим нь намайг төдийлөн таашаахгүйгээр барахгүй бүр “урвагч”-аар минь ч дуудаж болох.Надад заримдаа инээдтэй санагддаг юм, бид заримдаа яаж ч харсан оросын соёл гэмээр зүйлийг жинхэнэ Монгол гээд л авч өгдөг шүү дээ.

2009 оны 11 дүгээр сар 14

Өнөө орой гаруудтай нийлж эротик кино үзлээ.Эхлээд баахан тийм юм гарч байснаа сүүлдээ гол дүрийнх нь хүүхэн галзуурчих шиг болсон.Би зарим юмыг нь тэдэнд Солонгосоос орчуулж өгөөд л.Эд нар намайг Солонгос хэл мэддэгийг минь их л сонирхдог юм шиг байгаа юм.

Би нээрээ гайхсан, яасан гэсэн би хэд хоногийн өмнө нэг нөхрийг учиргүй магтцан суужийдаг юм, бүр яг хятадууд шиг гээч.Би түүнийг лаг хоншоортой эд нар гээд л тэр нь ч гэсэн хятад нэрэлхүү зангаараа “хаанаас хаанаас” гэж манжлаад л ёстой жинхэнэ хятад маягаар авч өгсөн дөө.Бодвол “усыг нь уугаад ёсыг нь дагаж” байгаа ухаантай юм байлгүй.Гэхдээ би нэг юм мэднэ, хятадууд магтуулж байгаа нь ч магтаж байгаа нь ч энэ бол шал худлаа зүйл гэдгийг дотроо сайн мэддэг юм билээ.Тэгэхээр энэ бол нэг төрлийн харилцааны соёл, дотносох арга барил гэх үү дээ.

Миний өрөөн дотроо эзлэх байр суурь улам бүр өссөөр байлаа.Учир нь би хэнд ч гай болдоггүй зөвхөн тус болдог.Бас хэрэгтэй үедээ биеэ барьж бас амаа хамхиж ч чаддаг.Бас хүмүүстэй нийтээр нь биш нэг нэгээр нь харьцдаг, энэ нь тэдэнд өөрт нь тусгайлан анхаарал тавьж байгаа мэт санагдах учраас хүний өмчлөх, тодрохыг хүсдэг тэрхүү мөн чанараараа дотроо баярладаг.Миний ард унтдаг төвд бандийн найз охинийх нь төрсөн өдөр 4 хоногийн дараа болно.Тэр уул нь бүгдэнд нь хэлсэн л дээ гэхдээ, үүнийг надаас өөр хэн ч анхаараагүй.Тэр түүндээ зориулж нэг жижигхэн видео хийж байгаа бөгөөд миний мэдэхээр бараг сар гаруй хийж байгаа юм.Миний доор унтдаг Шандун нөхөр удахгүй манай ангийн нэг охинтой албан ёсоор үерхэж эхлэх гэж байгаа.Уул нь бараг 2 сарын өмнөөс л уулзаж эхэлсэн байсан боловч одоохондоо бараг хэн ч мэдэхгүй байгаа юм.Компьютертээ гавал Гуанжоү-ийн залуу Жиншүй бол манай ангийн хичээлтэй хамаатай бүх л зүйлийг хариуцсан сурагчдын зөвлөлийн дарга.Би саяхан түүнийг өөрийнхөө явдаг фитнест танидаг хүнээрээ яриулж байгаад хямдралтай бүртгүүлж өгсөн юм.Бүр үнэгүй нэг сар нэмж өгсөн гээч.Түүнээс ч болсон юм уу сүүлийн үед надтай их л сүрхий байгаа юм.Тэр байнга компьетрийн ард суусаар байгаад нэг өвчин туссан бололтой эмч түүнийг дасгал хий гэж хэлсэн гэсэн, тэр зөвхөн мэлхий л сэлж чаддаг харин даллаж ерөөсөө чаддаггүй.Тэр миний манай ангиас нүцгэнээр нь харсан цорын ганц банди шал тэнэг юм хаха.Заза ингээд яриад байвал дуусахгүй юм шиг байна.Тэгэхээр чи хэн нэгэнтэй дотносохыг хүсвэл юуны өмнө чамд ядаж түүнтэй ярих сэдэв байх хэрэгтэй.Ярих сэдэвтэй болохын тулд чи түүнийг сайн судлах бас түүний талаар сонирхох хэрэгтэй.Энэ уул нь чухал зүйл шүү.Гадаад оюутнууд ихэнхдээ “Хятадуудтай яг суугаад юм ярья гэхээр хэдэн солонгос кино, морь малнаас цаашаа хэтрэхгүй юм” гэж гомдоллож байгаа харагддаг.Тэгтэл яг сайн бодоод үзвэл асуудал бидэнд өөрсдөд маань байгаа.Чи хүнээс юм сурах гэж байгаа бол өөрөө л эхлээд идэвхи гаргах хэрэгтэй.Түүнийг ийм юм тийм юм ярилаа гэх биш харин өөрөө ярих юмаа бодчихсон, сэдвээ төлөвлөчихсөн байх хэрэгтэй.Үүнээс гадна болж өгвөл хамтдаа байх орчинг ямар нэгэн аргааг бүрдүүлэхийг хичээх нь чухал.Цуг байгаа хүмүүс чинь хэлээ залгичихсан юм шиг дуугүй суугаад байхгүй нь тодорхой шүү дээ, элдвийг ярилцаж байж л тэндээс чи болоод түүний ижил сонирхол, санаа нийлсан зүйлүүд гарч ирнэ.

Заза гарууд тог тасардаггүй хагассайн өдөр байтал өөрсдөө гэрлээ унтраачихлаа.Гэхдээ тэрнээс ч биш л дээ зүгээр л нойр хүрж байна унтлаа.

2009 оны 11 дүгээр сар 17

Өнөөдөр манай өрөөнд анх удаа хэрүүл болсон.Энэ хэрүүл төвдөөс ирсэн Суланцэрэн ба Шанши мужийн нэг банди хоёрын хооронд болсон юм.Ер нь бол гаднаа том биш ч үнэн хэрэгтээ нэлээд том асуудал л даа.Манай өрөөнийхөн Суланцэрэнтэй жаахан “жийсэн” маягтай харьцдаг юм шиг надад санагддаг юм.Үүнд ч Суланцэрэн мэдээж юм бодож л явдаг биз.Өнөөдөр харин түүний тэсвэр нь алдагдах шиг болсон.Манай өрөөнийхөн надаас бусад нь өдөр бүр ээлжлэн халуун усанд явдаг юм.Усны 3 том халуун сав байдаг ба орой болгон тэрэндээ халуун ус тосч ирэн түүнийгээ уух нь ууж, үлдсэнийг нь саванд хийж байгаад хөлөө дүрж сууна нэг бол маргааш өглөө нь тэрүүгээрээ нүүр гараа угаана.Хэрүүл үүсэх шалтгаан ч үнэндээ энэ халуун уснаас л үүдэлтэй.Байнга тэгж л байдгаараа тэд Суланцэрэнг усанд бага явдаг гэж шүүмжилтэл Суланцэрэн өөрийгөө хэсэг өмөөрч янз бүрийн шалтаг тоочив.Тэгэж тэгэж мань хүн усанд явахаар болж хаалганы картаа өгчих гэж нэгнээс нь гуйлаа.Тэгтэл өнөө Шаншигийн нөхөр “Чи одоо нээрээ карт март ч байхгүй, ер нь чи явж тэр нэгдүгээр байранд амьдарвал таарна” гээд хэлчихэв.Тэр ч муу санаа агуулж ингэж хэлээгүй нь тодорхой байсан бөгөөд Суланцэрэн ч тэр үед нээх уурлаж сүйд болоогүй юм.Тэгтэл мань хүн усанд явах замдаа л их юм бодсон бололтой их л уур болчихсон орж ирлээ.Тэгснээ нөгөө нөхөр лүү хандан нэлээд нухацтай хэдэн үг хэлээд авав.Мэдээж цаадах нь ч яаж зүгээ байх вэ, ийнхүү тэд хэсэгхэн хугацаанд нэлээд арцалдаад авлаа.Тэднийг маргалдаж байх үед надад их л танил мэдрэмж төрсөн.Яасан гэсэн Суланцэрэн сандарсандаа ч юм уу, уурлаж бачимдсандаа ч юм уу ерөөсөө хятадаар ярьж чадахгүй байлаа.Тэр зөвхөн нэг л үгээ давтах бөгөөд эгээ л дөнгөж хятад хэл сурж эхэлж байгаа хэлний курсын оюутан шиг хэл нь талтиран гацаж түгчиж будилж байсан юм.Би тэр зовлонг маш сайн мэднэ л дээ.Мэдээж хятад ёсоор тэд тун удалгүй худлаагаасаа бие биенээсээ уучлалт гуйцгаан сайндацгаасан.Ер нь хань үндэстнүүд бусад бага үндэстнүүддээ улайм цайм ил тод биш ч гэсэн бага зэрэг ялгаатай ханддаг юм шиг байна лээ.

2009 оны 11 дүгээр сар 20

Миний нэг цамц алга болчихсон.Өрөөнийхнөөсөө асуусан чинь хэн нь ч хараагүй гэсэн, тэр аягүй бол салхинд хийссэн байх.Ер нь бол хулхи Calvin Klein л дээ, гэхдээ хулхи дотроо ориг нь.Энийг хятадад А бараа гэдэг юм.Чанар нь бараг оригоосоо сайн би бараг 3 жил өмсөж байнаа юм.Гэхдээ зөвхөн тусгай сүлжээгээр л олж авч чадна.Би нээрээ нэг сонин юм мэднэ, хятадын урд нутагт дэлхийн бараг бүх оригиналь брэндийг үйлдвэрлэдэг юм.Ер нь бол лаг юм билээ, өмдний тэлээ л гэхэд зөвхөн түүнийг үйлдвэрлэдэг бүхэл бүтэн хот байх жишээтэй.Тийм хотуудад нэлээд нууцлагдмал ганц нэг дэлгүүр байх бөгөөд түүн дотор үйлдвэрээс ямар нэгэн буруу аргаар орж ирсэн жинхэнэ оригиналь барааг зардаг юм билээ.Гэхдээ тийм бараа энгийн хүмүүст олдох ямар ч боломжгүй бөгөөд, бидэнд олдож болох нь их л бодож миний түрүүний хэлсэн А бараа юм.А бараа гэдэг нь үнэндээ тэд яг оригиналтай нь адилхан хийж чадах ч гэсэн, энэ нь хэтэрхий аюултай тул албаар чанарыг нь бага зэрэг муутгаж, шинж чанарыг бага зэрэг өөрчилж хийсэн хуурамч дууриамал барааг хэлдэг юм.

Намайг үүнийг бичээд сууж байтал, хажуу өрөөний нэг гар хичээлийн дараа явж шинээр гарсан кино үзье гэж байна.Би зөвшөөрсөн л дөө.Гэхдээ та нарт л гэж хандаж хэлэхэд чи хятадуудтай найзлахын тулд эхлээд тэдний амьжиргааны төвшинг маш сайн бодолцох хэрэгтэй.Юуны түрүүнд чиний өөрийн чинь хэрэглээний төвшин тэднийхээс хэр зэрэг ялгаатай вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.Ядаж л наад захын баримжаатай болох хэрэгтэй.Яагаад гэвэл хятадууд бол үнэхээр хэтэрхий нэрэлхүү улсууд, хэр баргийн зүйлийг нүүрэн дээр чинь хэлэхгүй.Юу гэсэн үг вэ гэхээр, магадгүй чи нэг удаа тэдэнтэй нийлж хоол идээд нэг газар суун жаахан юм уусан гэж бодьё л доо.Мөнгөө хувааж төлтөл нэг хүнээс 100 юань гарч.Энэ нь чиний хувьд энгийн байдаг л үнэ, харин чиний хятад найзын хувьд бараг хагас сарынх нь хэрэглээ байлаа гэж бодьё.Энгийн хятад хүн бол ямар ч асуудалгүй энэ мөнгийг хувааж төлөхөөр барахгүй, өөрөө ядуу юм байж чиний мөнгийг төлөх гэж оролдож байж ч магадгүй.Ер нь л тэгнэ дээ.Гэхдээ сэтгэлдээ асар их дарамттайгаар шүү дээ.Харин европчууд бол хоол идэхээсээ өмнө меньюгээ хараад хэтэрхий үнэтэй байвал газраа солихыг санал болгодог юм шиг байналээ.

2009 оны 11 дүгээр сар 24

Цаг хугацаа маш хурдан өнгөрч байлаа.Өнөөдрийн байдлаар би хятад оюутнуудын дотуур байранд нүүж ирээд 74 хоночихож.Хүн муулах гэдэг бол хэний ч хийж чадах ажил учраас би аль болохоор хятадуудыг муулах биш харин тэдний биднээс ялгаатай зүйлс, бидний суралцмаар зүйлсийг нь бичихийг хичээсэн боловч яриа маань байн байн бараан тал уруугаа хазайгаад явчих юм надад уул нь нээх сүрхий зовоод, ундууцаад байсан юм байхгүй л юмсан хэхэ..

Хятад оюутнуудын манай оюутнуудаас ялгаатай нэг зүйл нь тэд хийх ёстой зүйлээ маш сайн мэддэг бас хийж чаддаг.Монгол оюутнууд маш том хүсэл зорилготой мөрөөдөлтэй боловч тууштай тэмцэж түүндээ хүрч чаддаггүй.Харин хятад оюутнуудын хувьд тэдэнд тийм агуу хүсэл мөрөөдөл байхгүй бөгөөд ихэнхдээ бакалавраа сайн төгсөөд одоо байгаагаасаа арай сайн сургуулын мастерт суралцах тэгээд нэг гайгүй ажилд орох гэх мэтийн амьдралд ойрхон бөгөөд бодит мөрөөдөлтэй байх нь олонтаа.Хэтэрхий олон хүнтэй учир тэд өрсөлдөөн гэж юу байдгийг маш сайн ойлгодог, бас күнзийн сургааль нэвт шингэсэн тэдний толгойд эцэг эхээ амьсгал хураатал нь асарч тойлох ёстой гэсэн хатуу ойлголт байдаг.Эдгээр сэтгэлийн дарамт, тогтсон үзэл бодол нь тэднийг шинийг бүтээх, мөрөөдөх, эрсдэлийг сөрөх, золиослох гэдэг ойлголтуудаас салгасан бололтой.Тэдний зүгээр хайрлаж дурлаж, тоглож наадаж байгааг нь ажиглахад л энэ бүхнийг олж харж болно.Гэхдээ энэ бол зөвхөн өнөөгийн хятадын улсынхаа шилдэг их сургуулуудын оюутнуудын байдал болохоос бусад нөхцөл байдлыг би үнэндээ сайн мэдэхгүй.Учир нь хятад гэдэг бол нэг улс биш харин бүхэл бүтэн дэлхий юм.Хонг конг, Тайван гээд урагшаагаа бол оюутнууд нь нэлээд нээлттэй, чөлөөт сэтгэлгээтэй юм шиг байна лээ.Хятадын хөдөө нутагт маш олон хүүхдүүд 10 жилээсээ цаашаа суралцдаггүй ба энэ нь голцуу мөнгө болоод сонголтын асуудал байх нь элбэг.Тэд ихэнхдээ 10 жилээ төгсөөд их сургуульд оролгүй шууд мэргэжлийн сургуульд ордог ба тэндээ үсчин, засварчин гэх мэтийн ямар нэгэн мэргэжил эзэмшин шууд ажил дээр гардаг.Аль нэг том хотод ажил олсон нэг нь нутгийнхаа бусад найз нөхдийгөө ямар нэгэн аргаар өөрийнхөө ажил оруулчихаа мэднэ.Ихэнх ажил байр хоолыг нь цаанаас нь даадаг болохоор богцоо үүрээд яваад очиход л хангалттай.Том хотын компанийн боссууд ч гэсэн элдэв янзын эрүүл мэндийн даатгал хэрэггүй, шаардлага доогуур, цалин бага, дуулгавартай хөдөөний залуухан ажилчдыг авах дуртай.Яг л өнөөдрийн Улаанбаатар хот шиг хөдөөнийх нь залуус улсынхаа хамгийн хөгжилтэй боломж ихтэй гэсэн газар руугаа тэмүүлцгээнэ.Эндээс соёлын ялгаа үүсч хотынхон нь хөдөөнийхнөө ад үзсэн байдлыг олж харж болно.Бээжин Шанхай ч үүнтэй яг адилхан.Олон зуун жилийн түүх агуу соёлтой Бээжинг хотын иргэд энэ тал дээр харьцангуй гайгүй, харин Шанхай хотын хувьд хөдөөнийхөн байтугай Бээжингийхнийг ч ад үзсэн байдалтай байх нь олон жил гадаадуудын хөлд мөлхөж хотынхоо төвд “Хятад хүн нохой хоёрыг орохыг хориглоно” гэсэн самбар өлгөсөн цэцэрлэг барихыг хүртэл тэвчиж ирсэн тэдний толгойд нэгэнт “Шанхай хүн ба бусад хүн” гэсэн үзэл бодол тогтжээ.

2009 оны 11 дүгээр сар 28

Надад хятадуудын амьдрал нэгэнт сонин санагдахаа больжээ.Тэгээд хүн гэдэг амьтан дасахаа хүрвэл хаана ч ямар ч нөхцөлд дасдаг л юм билээ.Өмнө нь жорлонд ороход хэн нэг нь баасаа татаагүй байвал хятадуудын заваан балиарыг хараан зүхэн бараг бөөлжихийн наагуур юм болдог байсан бол одоо энэ баас паалантайгаа наалдчихаад усыг нь татсан ч урсахгүй ингээд байгаад байгаа юм байна даа хурдхан шиг цэвэрлэгч нь ирж даралттай усаар шүрсээсэй гэж бодож байх жишээтэй.Ер нь хаана ч адилхан л даа ямар ч баян айлын эрх танхил өссөн хүүхэд байлаа гэсэн амьдрахын төлөө бүх зүйлтэй дасан зохицох л хэрэгтэй болдог.Миний бодлоор хүн “өөрийгөө” л авч үлдэж чадаж байвал гаднах байдал өөрчлөгдөх солигдох бол том асуудал биш л дээ.

Нэг зүйл өөрийн эрхгүй миний сэтгэлийг байнга зовооно.Энэ бол би хүнд тус болох гэсэн биш харин хятадын эрлийз хурлийзаараа дуудуулан бусдад ад үзэгдсэн хүн болчих вий гэсэн болгоомжлол байлаа.Өнөөгийн Монголчуудын хятадуудын талаархи нийтийн үзэл бодлын урсгалын төлөв байдлыг харахад тодорхой хэсэг хүрээнийхнээс бусад нь бүгд нь намайг ингэж бодох магадлал маш өндөр юм байна лээ.Би ч гэсэн монголчууд хятадуудыг үзэн ядахийг дэмжиж явдаг.Гэхдээ би хятадуудыг үзэн яддагтаа биш харин энэ нь монгол үндэстэн хань үндэстэнд уусаад алга болчихоос сэргийлсэн хамгийн том хүчин зүйл болж байдаг гэж боддог учраас монголчууд хятадуудыг үзэн ядахыг хувьдаа дэмжиж явдаг юм.

2009 оны 11 дүгээр сар 29

Өнөөдөр бүтэн сайн өдрийн орой.Дөнгөж сая гэрэд унтарлаа бодвол 11 цаг болсон бололтой.Маргаашнаас эхлээд дахиад л нэг шинэ долоо хоног эхлэнэ.Би саяхан орныхоо даавууг шинэ даавуугаар сольчихоод дээр нь хэвтэж байна.Усанд орчиохсон дээр нь хувцсаа бүгдийг нь угаагаад орныхоо хөл хана гэх мэтийн газруудаар өлгөчихсөн нэг л цэмцгэр амьтан сууж байна.Бахархалтайгаар хэлэхэд би хэдийгээр энд орж ирж амьдраад 80 дахь өдрийнхөө нүүрийг үзэж байгаа ч ариун цэврийн тал дээр энгийн байранд байдагаасаа огтхон ч муудаагүй бөгөөд бараг гадаад оюутны дотуур байранд байдгаасаа ч цэвэрхэн амьдарч байгаа билээ.Ингэх нь ямар хэцүү гэдгийг амьдарч үзсэн хүн л мэдэх байх.Гэхдээ байгаа орчин чинь хичнээн заваан байсан ч чи тэрэнтэй очиж наалдаад байхгүй өөрийгөө л цэвэрхэн авч явж байвал болох л асуудал л даа.

2009 оны 12 дугаар сар 2

Энэ хумсны асуудал миний биеийг байн байн арзагнуулж байлаа.Тэд үнэхээр хаа сайгүй хумсаа авч байсан юм.Хамгийн гол нь түүнийг анхаарах бас дургүйцэх хүн нэг ч байхгүйд байлаа.Заза жаахан тодорхой ярья.Анги дээр нэг охин хамгийн урд суугаад хумсаа авч байлаа.Түүний хумсаа авах час час хийсэн дуу миний чихэнд маш чанга сонсогдож байсан бөгөөд хичээл зааж байгаа багшид бүр чанга сонсогдох нь мэдээж.Тэгтэл багш зүгээр юу ч болоогүй юм шиг хичээлээ цааш нь үргэлжлүүлэн заасаар байсан юм.Гэхдээ миний бодлоор бүх багш нар арай ийм биш байх.Бас ийм тохиолдол байнга тохиолдоод байдаг зүйл биш л дээ харин монголд бол энэ нь төсөөлөхийн ч аргагүй зүйл юм.Би тэгээд бодсон энэ бол зөвхөн газар газрын соёлын ялгааны л асуудал юм байна гэж.Яагаав бид нарыг махыг гараараа барьж шүдээрээ зулгааж иддэг гээд л хамар амаа дараад байдаг улсууд байдаг ш дээ, яг л тэрэн шиг.Гэхдээ л хумс бол заваан.

Би энд амьдрахдаа хятад хараалын үгийг ёстой л төрөл бүрээр нь сурч байлаа.Сурна ч гэж дээ сонссоор байгаад чихэнд хоногшчихсон гэх үү дээ.Эдний хараалын үг нь манайхыг бодвол жаахан ёс суртахуунгүй.Монголчууд хэнийг яаж ч хараасан “ээж,аав”-ыгаа хараадаггүй билээ.Харин эдний хамгийн энгийн хэрэглээний хараалын үг нь байнга “ээж”-ийгээ хараана.Америкаас сурсан юм уу, угаасаа байдаг юм уу бүү мэд надад лав энэ нь их л болчимгүй санагддаг юм.Тийм болохоор тэдгээр хараалнуудыг би орчуулах гэж байгаад ер нь больё гэж бодлоо.

2009 оны 12 дугаар сар 3

“Бидэнд тэгээд түүнийг буцааж авчирах арга байхгүй юм гэж үү ???” Энэ яриа дөнгөж гэрэл унтарсны дараа болж өнгөрсөн юм.Манай ангийн 18 бандийн 10 нь манай өрөөнд цуглаад ойрын үед ангийнхаа хүүхдүүдтэй нийлэхгүй байгаа нэг охины тухай их л халуунаар хэлэлцсэн юм.Тэгснээ ярианы сэдэв гэнэт зул сарыг яаж өнгөрөөх уруу татагдан орлоо.Тэдний ярьж байгааг сонсвол өмнөх 2 жилийн зул сарын баяраар 2 ууланд нь ангиараас хамтдаа банш чимхсэн бөгөөд энэ жил хэрхэн арай өөр хэлбэрээр өнгөрөөх талаар ярилцаж байлаа.Нэг нөхөр “Тэгвэл бууз чимхье” гээд учиргүй инээв.Харин намайг сонсоход энэ нь инээдэм биш үнэхээр ч тэгжийж магадгүй юм шиг санагдаж байлаа.

2009 оны 12 дугаар сар 9

Өдөр хоног өнгөрсөөр өнөөдөр би энд ирээд яг 3 дахь сарынхаа нүүрийг үзэж байна.Би бага багаар өөрийгөө үнэлж хэрвээ хэлний бэрхшээл байхгүй байсан бол би хятадуудаас огт дутахгүй гэдгээ мэдэх болсон юм.Өмнө нь би хятадуудтай аливаа зүйлийн талаар маргалдах санал бодолоо хуваалцахыг хичнээн хүсэвч түүнийгээ хятадаар сайн илэрхийлж чадахгүйгээсээ болоод хэлээ хазаад өнгөрдөг байлаа.Харин одоо бол хэдийгээр миний хятад хэл тэд нарийн түвшинд хүрээгүй боловч, үзэл бодол соёлын хувьд би тэднийг илүү ойлгодог болсныхоо хувьд юунаас ч эмээхгүй, хэнээс ч санаа зоволгүйгээр үзэл бодлоо илэрхийлж чаддаг болсон байлаа.Энэ бол дэвшил байсан юм.Өмнө нь морь мал, хоол унд л асуудаг байсан хүмүүс надаас амьдрал, хичээлийн талаар асуух болж, тэд надтай гадаад оюутантай биш харин дотны найзтайгаа харьцаж байгаа юм шиг л харьцах болсон юм.Ингэснээр би гадаад оюутнууд ихэвчлэн мэдэж чаддаггүй буюу мэдэх боломжгүй байдаг зүйлүүдийг аажмаар ойлгох болж хятад хүн буюу хятад амьдралыг жинхэнэ бодитоор нь харж мэдэрч туулсан билээ.

Бид өөрийнхөө гэсэн бүхнийг хүндэлж дээдлэж явах ёстой.Гэхдээ бусдыг ч гэсэн хүлээн зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй.Учир нь өнөөдөр чи энэ хорвоо дээр дэлхийн агаараар амьсгалан, цэвэр ус хэрэглэн амьдарч оршин тогнож байгаатай адилхан бүх улс үндэстэнд ийм эрх бий.Чамд өөрийн гэсэн хэл, соёл, ёс заншил байгаатай адилхан бүх дэлхийн хүн бүрт яг адилхан ийм зүйл бий.Бусдыг өөрөөсөө илүү гээд шүтэн бишрэх өөр гээд үзэн ядах хоёрын аль аль нь зөв сонголт биш билээ.Тэгэхээр бие биенийгээ хүндэлж хүлээн зөвшөөрч ядаж үгүйсгэдэггүй байх нь чухал юм.Миний бүх дэлхийн хүн төрөлхтөнд ханддаг үзэл бодол ердөө л энэ.

2009 оны 12 дугаар сар 11

Би хэд хоногийн өмнө оюутнуудаар орчуулга хийлгэнэ гэсэн нэг зарт утсаа өгчихсөн байсан юм.Тэгтэл гэнэт хичээл дээр утасдаад яг одоо орчуулга хийх үү гэж асуулаа.Би ч нээх юм бодолгүй тэгье гээд цүнхээ нэг найздаа өгчихөөд хичээл дээрээсээ шууд яваад очлоо л доо.Тэнд 2 жаахан хүүхэдтэйгээ нийлээд нийтдээ 20 хүн байх бөгөөд бүгд хоорондоо хамаатан гэнэ.Бодвол аялж яваа бололтой.Миний үүрэг тэднийг Бээжингээр аялуулах ажээ.Заза энэ нуршсан юм ч яахав.Би тиэн ан мэний талбайгаар өнөөдүүлээ дагуулаад л явж байлаа.Урт гэзэгтээ тэрнийгээ толгой дээрээ боочихсон нэг залуу надад ярина ”Манайх гэр бүлээрээ цэргийн хүмүүс,бид нар чинь орос ах нартай нийлж байгаад эд нарыг японоос чөлөөлсөн юм ш дээ ахийн дүү... Тэр үед манай цэргүүд баагаад сууж байхад хятад цэргүүд манай цэргүүдийн баасыг идээд л ард нь сууж байдаг байсан гэж байгаа хаха хаха” тэр яг ингэж хэлсэн юм.Би сайн мэдэхгүй л дээ цэргийн улсууд бодвол сайн мэддэг юм байгаа биз.Тэгээд л би гэж нэг цэцэрлэгийн багш аятай 20 гаруй хүмүүсийг энд тэндээс цуглуулж ядаад л хэсэг тэр талбайгаар явав.Нэг өвөө намайг зовооно,тэр өвөр лүүгээ зааснаа “Миний хүү энд нэг ундааны сав байгаа юм ах нь нэг булан олоод энэн лүүгээ шээчмээр байна”гэв.Тэгэхээр нь удахгүй таньд жорлон олж өгнө гэж амлатал толгойгоо дохив.Би бүгдийг нь цуглуулж байгаад тэдэнд бага зэрэг түүх ярьж өглөө.Тэгтэл нэг банди камер барьчихсан хүрч ирснээ намайг ярьснаа дахиад давтаад ярь бичлэг хийнэ гэлээ.Би ч яахав дээ зурагтаар гарах гэж байгаа аятай л хоолой моолойгоо засаж байгаад л дуржигнуулж гарав.Энэ мэтээр хөөрхөн л аялж байлаа.Манайхан харагдсан болгоноо тэвэрч аван зургаа авхуулах гэж оролдох ба нэг ах зэвэрцэн төмөр гэрлийн шон тэвэрч байгаад зургаа авахуулав.Гадаад л бол юм болгон гоё байдаг гэж бодсон бололтой.Мөн тэд бараг бүх юмны тайлбарыг өөрсдөө зохиогоод бодоод олчих учраас надад бараг тайлбарлах хэрэг гарахгүй байлаа.Нэг ах хааны ордны булангийн нэг асарыг зааснаа “Тэнд хуанжу гэг унтдаг байсан гэж байгаа” гэж хэлтэл хажууд нь байсан хоёр эгч толгойгоо дохив.Нэг хэцүү юм нь тэд хамгийн хэцүү бөгөөд ярвигтай зүйлүүдийн тайлбарыг өөрсдөө бодоод олчих мөртлөө хамгийн хэрэггүй бүхнийг надаас асууж байлаа.Нэг чулуу уруу зааснаа “энэ чулуу яагаад энд байна” гэх жишээтэй.Энүүхэндээ гэж хэлэхэд тэдний ихэнх нь шартчихсан байсан бөгөөд заримынх нь архи гараагүй байлаа.Тэгэхээр нь би “Ванг лао жи” гээд дотор засдаг цай авч өгсөн чинь нэг ах “энэ цай толгойны өвчнийг өргөс авсан юм шиг л авдаг гэнэ” гэж бусдадаа тайлбарлаж өглөө.Тэгтэл бүгд тэр ундаа уруу шуурч хүн бүр нэг нэгийг авч уух шиг болсон.Ингээд бид талбайгаа үзэж дуусаад амьтны хүрээлэн үзэхээр хөдөллөө.Би араасаа 20 хүн дагуулаад метрогоор явав.Биднийг очих үед цаг аль хэдийн 2 өнгөрчихсөн байсан бөгөөд би өглөөний хоолоо ч идэж амжаагүй байсан юм.Тэгээд хоолонд орох байх гэж бодсон чинь бүгдээрээ зуун хувийн саналаар өдрийнхөө хоолонд 2 юаны хиам ч юм шиг шорлог ч юм шиг нэг нэг жижигхэн годгор юм авч идээд хичнээн гоё амттайг нь ам булаалдан магтацгаалаа.Надад бас нэгийг өгөв.Би “баярлалаа” гэж хэллээ.Ингээд хоолоо идчихсэн бид амьтны хүрээлэн лүү орлоо.Надад амьтны хүрээлэн яагаад ч юм шорон шиг санагдаад байдаг болохоор миний өглөөний идэвхи огцом буурчихсан байсан юм.Ийнхүү хаалгаа барихаас нь өмнө амжина гэж хөлөө эцтэл 2,3 цаг явсаар 6 цаг гэхэд бид тэндээс гарч ирлээ.Юм үзэж таашаал авах гэхээсээ илүү заавал үзэж дуусгана гэсэн “даалгавар” биелүүлж буй аятай байсан болохоор бүгд л маш их ядарцгаасан байлаа.Ингээд тэднийг буудалд нь хүргэж өгснөөр миний тэр өдрийн ажил дууссан юм.Надад цалин гэж 100 юань өгснийх нь 30 юаниар би гэр лүүгээ таксидлаа.Дахиад 6 хоног Бээжингээр аялна явж чадна биз дээ гэхээр нь хичээлтэй амжихгүй гэж хэллээ.

Би хэдийгээр Бээжинд анх удаа монголчуудад хөтөч хийж үзэж байгаа боловч,монголд өмнө нь 4 жил солонгосчуудад хөтөч хийчэхсэн туршлагатай байсан болохоор энэ бүхэн миний хувьд байдаг л энгийн зүйл байсан юм.Ямар ч байсан та нарт хандаж хэлэхэд иймэрхүү ажлыг хэтэрхий хичээнгүй бас хэтэрхий хэнэггүй хийж болдоггүй юм.Бас аливаа хүмүүстэй хэтэрхий сайн бас хэтэрхий муу хандаж ч болдоггүй юм.

Манай монголчуудын хувьд бол аялж сурах болоогүй байна лээ.Баахан цаг зав мөнгө төгрөгөө гарлагадаж ирчихээд өөрсдийгөө ядраагаад залхаагаад л дуусах юм билээ.Зургийн аппаратны зай дууссан гээд “Шувууны үүр” явах хөтөлбөрөө хойшлуулж байгаагаас нь л өнөөдөр бид өөрсдөө тухайн зүйлээсээ таашаал авах биш харин ийм тийм газар очиж үзсэн гэж бусдад ярихийн тулд аялдаг юмуу гэсэн дүгнэлт хийж болмоор байлаа.Гэхдээ ганц олдсон боломжийг ашиглаад ахиухан юм үзэж ахиухан “патер” татуулж аваад сүүлд нь тэрийгээ нутгийнхандаа үзүүлж гайхуулж ярьж суухсан гэсэн тэдний хэтэрхийн энгийн бөгөөд цагаахан сэтгэлийн буруу ч гэж юу байх вэ дээ.

2009 оны 12 дугаар сарын 15

Миний энд өнгөрүүлсэн өдрүүд маань эргээд Хятадад сурсан мөчөө дурсан суухад хамгийн онцгой бөгөөд сайхан дурсамж нь болж үлдэх болно гэдэгт би итгэлтэй байна.Би 5 жил хятадад сурахдаа нэг улирал ч болтугай жинхнээсээ хятадад сурах боломж олдсондоо маш их баяртай байлаа.Одоо энд нэгэнт намайг хэн нэг нь “гадаад оюутан” гэж харахаа больсон бөгөөд тэд надтай харьцахдаа эгээ л хоорондоо харьцаж байгаа юм шиг хамаагүй харьцаж байлаа.Түүгээр барахгүй хичээл дээр тэд надад маш их ажил даалгачихаад байн байн түүнийгээ хурдан хийж дуусгахыг шаардаж байлаа.Тэр нь ядаж хятад хэл дээр биш англи хэл дээр учир би түүнийг нь хийх гэж үйлээ үзэх бөгөөд миний арай гэж хийгээд очсон юмыг маань тэд болоогүй байн хэмээн голж би дахиад л эхнээс нь хийхэд хүрнэ.Энэ бүхэн юуг өгүүлж байна вэ гэвэл би тэдний хувьд аль хэдийн “гадаад оюутан” гэдэг өлгийтэй байхаа больжээ гэсэн үг юм.Энэ бол маш олон гадаад оюутнуудын хүсээд ч хйиж чаддаггүй зүйл билээ.Би өөрийгөө 2 улсын соёлын ялгааны хооронд орших маш том ханыг эвдэж чадсан гэж боддог юм.

2009 оны 12 дугаар сарын 21 шөнө

Тун удахгүй зул сарын баяр болох нь , бас өнөө шөнө энэ жилийн хамгийн урт шөнө нь байх болно.Гэхдээ энэ бүхэн надад тийм ч онц сэтгэгдэл төрүүлдэггүй юм.Хүссэн хүсээгүй орхиод л одох энэ хорвоо дээр, надтай надгүй өөрийнхөөрөө л үргэлжлэх энэ хорвоо дээр би энэ ертөнцийн бүх л сайхан зүйлсийг үзэж мэдрэхийг хүснэ.Би Америк тивийн аль нэг ядуу улсад тэндхийн хүүхдүүд ирээдүйгээ чухам юугаар төсөөлдөгийг, Индонез улсын аль нэг үйлдвэрт өдөржингөө босоогоороо ажиллах бор бараан царайтай тэр хүмүүс ажлаа тарсныхаа дараа гэрийнхээ үүдэнд байдаг пиво зардаг саравчинд тойрч суугаад халуун ногоотой хуурсан будаагаа идэнгээ хоорондоо юу ярилцдагийг, тэр мэдрэмж чухам ямар байдгийг мэдэхийг хүснэ.

Би энд амьдарснаар хүн юунд ч дасж болдог юм байна гэдгийг маш сайн ухаарсан.Бас хүнд ямар нэг хэцүү асуудал тохиолдоход түүнийг шийдвэрлэх нэг ч болтугай гарц заавал олддогийг ойлгосон.Яг л дөнгөж сая хувцсаа угаачихаад өлгөх газар олдохгүй болохоор нь хананд байдаг өлгүүрнээс нэг нэгээр нь өлгөчихсөн байгаа миний хоёр оймс шиг.Би өмнө нь хаанаас ч билээ дээ “Хүний хэрэгцээ гэдэг чинь үнэн хэрэгтээ маш өчүүхэн зүйл байдаг юм ш дээ” гэсэн утгатай юм уншиж байсан юм.Одоо бодоход нээрээ л тийм юм шиг.Миний бодлоор хүн өөрөө л сэтгэл зүрхээ удирдаж чадвал “баян ядуу хоёрын ялгаа ч үнэндээ маш өчүүхэн зүйл” юм.Гэхдээ идэх хоолгүйгээсээ болоод хүн өлбөрч үхэж байгаа африк мэтийн орнуудад энэ үг бол тохиромжгүй байх л даа.Би зүгээр л болчих юмыг боломжгүй мэтээр төсөөлдөг тэр “эрх гургалдай”-нуудад л хандаж хэлсэн юм.Гэхдээ хоосон цэцэрхээгүй өөрийн биеэрээ үзсэн болохоороо.Заримдаа хуучин амьдралаа санагалздаг ч юм уу жаахан хэцүү санагддаг ч, ихэнх тохиолдолд би энд дэндүү тааваараа, тав тухтай, эрх чөлөөтэй амьдарч байгаа юм шиг санагддаг юм.

2009 оны 12 дугаар сар 25

Өнөөдөр Есүс христийн төрсөн өдөр.Би яг одоо хичээл дээрээ сууж багш харин шалгалтын асуудал ярьж байх шиг байна.Магадгүй яг одоо энэ хи

2009 оны 12 дугаар сар 29

Одоо надад дахиад нэг сар үлдсэн.Би гэхдээ одооноос юм хумаа цэгцэлж зарим номнуудаа найзындаа аваачиж тавья гэж бодож байна.Өнөөдөр над уруу сургуулиас ярьсан бас цагдаагийн газраас залгасан.Намайг одоо хүртэл оршин суух бүртгэлээ хийлгээгүй байна хиийлгээгүй өдөр бүрийг чинь 500 юаниар бодож торгоно гэсэн.Хулгайгаар энд амьдарсан бүх өдрөө нь бодоод үзсэн чинь 10 гаруй мянган доллар болж байлаа.Би анх хятадуудын дотуур байранд орохдоо л ийм асуудал үүснэ гэдгийг маш сайн мэдэж байсан.Гэхдээ бүгдийг зохицуулна гэж бодоод л орж ирсэн зохицуулна ч гэж бодож байгаа.Учир нь миний амьдрал хэзээд маш олон асуудлаар дүүрэн байсан, тэр бүрийг би зохицуулсаар л ирсэн , энэ удаа ч гэсэн зохицуулах л болно.

Миний санааг үүнээс илүү зовоож байгаа зүйл бол би өөрийн энэ тэмдэглэлээ яаж бусдад хүргэх вэ гэдэг асуудал байлаа.Хятад орон бол ардчилсан нийгэмтэй улс биш.Тийм учраас ямар нэгэн байдлаар өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд маш хэцүү болоод аюултай.Баттай эх сурвалжаас хэлэхэд чи хэрвээ нэг хятад хүн байгаад сургуулийнхаа вэб сайтан дээр бага зэрэг болохгүй зүйл бичихэд л тэр дор нь чам уруу сургуулын чинь дотоод хянах байгууллагаас залгах болно.Хэрвээ чиний бичсэн юм чинь тийм ч сүртэй биш бол чамд сануулаад л өнгөрөх ба тийм биш тохиолдолд чамд ямар ч арга хэмжээ авч магадгүй.Тэд бүх зүйлийг маш цэвэрхэн болоод чимээгүй хийдэг.Бүх мэдээллийн байгууллагууд төрийнх болохоор мэдээллийн хэрэгслээр зөвхөн дээрээс зөвшөөрсөн мэдээлэл л явна.Саяхан Обамаг хятадад албан ёсны айлчлал хийхэд хятадын “Урд нутгийн өглөө” хэмээх сонин Обаматай хамаатай нэгэн нийтлэл бэлдсэн байж байгаад энэ нь “Намын хянагч” гуйан таалалд нийцээгүй улмаас тэр өдрийн бүх хэвлэлийн нэг нүүр нь тэр чигээрээ хоосон гарч байсан.Ингээд бодоод үзэхээр миний бичсэн эдгээр зүйлс маань “Нам засагт” анхаарлыг татаж өндөр авахгүй байсан ч сурч байгаа сургуулиасаа хөөгдөж магадгүй байдалд намайг оруулж байгаа юм.Би өөрийнхөө болоод сургуулийнхаа нэр хаягийг бичихгүй байсан ч хэрвээ ольё гэвэл маш амархан гэдгийг нь би мэдэж байлаа.Гэхдээ би бүх зүйлийг хэтэрхий хэтрүүлж бодоод байж ч магадгүй л дээ.

Ямар ч байсан тун удахгүй шинэ он гарлаа.Өдийг хүртэл хятад хүний дүрд тоглон нуугдаж амьдарлаа.Үлдсэн нэг сарыг л баригдахгүй өнгөрөөчих юмсан.

2010 оны 1 дүгээр сар 4

Шинэ ирэх 2010 оныг ч гэсэн би энэ байранд угтах заяатай байжээ.Сая нэг найзтайгаа утсаар ярьж байгаад зүгээр л хятад оюутны дотуур байранд хятадуудтай юм яриад сууж байна гэж хэлтэл “Чи наад байрандаа яаж орсон юм бид нарыг бол ерөөсөө орохыг ч хориглоцон байдаг шдээ” гэж хэллээ.Хэрвээ тэр намайг энд 4 сар амьдарч байгааг мэдвэл бүр их гайхах байх даа.Яагаад ч юм гэнэт урам ороод явчих шиг болсон.Өө нээрээ санаснаас би дээр бичсэн байсан даа хятадуудтай нийлж нэг үнийн судалгаа хийсэн эд нар гээд.Тэгсэн чинь өнөөдөр харин санаандгүй тэр ажил маань мөнгөний ажил байсныг мэдлээ.Тэгээд цуг судалгаа хийсэн хүн бүрт 40 доллар оногдож байгаа надад ч гэсэн ялгаагүй гэлээ.Яг мөнгөгүй болчихоод баларч байсан болохоор миний хувьд энэ нь их сайхан мэдээ байлаа.Би бас иймэрхүү ажил сургууль дээр байнга олддогийг мэдэж авсан юм.Сая төгрөгийн, тэр байтугай 2 сая төгрөгийн ч төсөл дээр ажиллаж байгаагаа манай ангийнхан надад хэллээ.Энэ бол жинхэнэ нийгэм дээр гарч үзээгүй туршлагагүй бидний хувьд шинийг сурангаа дадлага хийх бас мөнгө олох үнэхээр сайхан боломж байсан юм.

Та нарт л гэж сонирхуулахад хятадад дээд сургуулын оюутан бүрд сар болгон улсаас нь 60 юанийг хоолных нь картанд хийж өгдөг.Нэг ёсны бэлэг гэсэн үг л дээ.Бас эдийн засгийн чадвар муутай ядуу оюутандаа улсаас нь маш сайн тусламж үзүүлдэг юм байна лээ.

2010 оны 1 дүгээр сар 10

Өнөөдөр би энэ байранд орж ирээд яг 4 сар болж байгаа өдөр.Дахиад 11 хоногийн дараа би эндээс бүрмөсөн гарна.Дахиад л гэрэл унтарчихаж, маргааш нэг дахь өдөр болохоор тэр байх л даа.Шалгалт эхэлчихсэн болохоор 3 дахь өдөр болгон ариун цэвэр шалгахаа больчихсон.Тэгсэн чинь манай өрөө аймар заваан хог новшиндоо баригдсан болчихсон юм шиг санагдсан.

Хэд хоногийн өмнө би өрөөнийхөнтэйгөө бага зэрэг улс төр ярьсан санагдаж байна.Элдэв юм ярьсаар Монголын тусгаар тогтнолын талаар ярьж эхэллээ.Мэдээж зарим нь ярианд оролцохгүй ч маш идэвхтэй сонсоод сууж байсан юм.”Монгол хятад хоёр нийлвэл аль аль талдаа олон талын ашигтай” гэж хэлэхээр нь “Магадгүй ээ” л гэлээ.Ер нь дундыг барьсан гоё хариулт.Миний бодлоор тэр бараг эдийн засаг талаас нь харж хэлсэн байх л даа.Харин би иймэрхүү асуудлын талаар бусадтай ялангуяа хятад хүнтэй ярилцахаас татгалзах болоод нэлээд удаж байна л даа.Надад юу ч мэдэхгүй хүмүүс мэдэхгүй зүйлийнхээ талаар маргалдаад байхаар утгагүй санагдаад байдаг юм.

Хятадад сурдаг оюутнууд хятадуудыг хичээлдээ аймар, хичээлээс өөр зүйл мэддэггүй мэтээр төсөөлдөг.Харин би энэ тал дээр “бас яг ч тийм биш” гэж хэлмээр байна.Магалгүй та нар зөвхөн сургууль дээр анги дотор л тэднийг харах боломж олддог учраас тэгэж боддог байх л даа.Харин үнэн хэрэгтээ тэдний ихэнх амьдрал нь дотуур байрандаа “бүгэж” өнгөрөөдөг.Хичээлийн улирал эхлэхээс авахуулаад шалгалт ойртох хүртэл тэд ихэнх цагийг интернет тоглоом тоглож, элдэв янзын кино солонгос савангийн дуурь үзэж л өнгөрөөдөг.Харин шалгалт ойртох үед гэнэт нойрноосоо сэрсэн мэт бүгд хичээлээ “цээцлэж” эхэлдэг ба авч байгаа шалгалт нь ч өгч байгаа сурагчид нь ч энэхүү “ялзарсан” сургалтын системийн үнэн нүүр царайг хангалттай харуулаад өгнө.Гашуун үнэнийг хэлэхэд шалгалтаа дөнгөж өгч дуусаад л цээжлэсэн цаастайгаа хамт энэ хэдэн хоногт толгой уруугаа хүчээр чихэж оруулсан тэдгээр “хог новшнууд”-ыг хогийн сав уруу нь шидэж орхино.Өөрсдөө ч гэсэн яг ингэж хэлцгээдэг юм.Итгэхгүй бол өмнө нь шалгалт өгөхдөө харж байсан зарим нэг материалаа аваад толгойд үлдсэн юм байна уу үгүй юу шалгаад үзээрэй.Тийм болохоор зөвхөн шалгалтын өмнө биш, болж өгвөл энгийн үед хичээлээ сайн сонсож байх хэрэгтэй.Бас бүх сургууль бүх мэргэжил ийм биш учраас хамаагүй туйлширч ойлгож болохгүй шүү.Дахин нэг удаа хэлэхэд та энэ тэмдэглэлийг уншиж байхдаа зөвхөн миний нүдээр л хятад орныг харж байгаа гэдгээ байнга санаарай.Миний хамрах хүрээ харах өнцөг энэ том улсад бол жижигхэн цэгний л дайтай юм шүү дээ.

Болгоомжлол

“Тэрээр тэлээгээ сугалан авч тэрэг түрдэг хүүхдийн нүүр лүү хамаг хүчээрээ хэд хэд ороолгоод авав“, “Галзуурсан залуу хоёр гараараа бүсгүйн хоолойноос нь багалзуурдан авч агаар дээр орилуулах ба бусад хүмүүс тэр хоёрыг хүрээлэн хараад зогсож байлаа”, “Тэр монгол ахыг хаанаас нь ч юм цус асгарч байсан ба түүний эхнэр Жанцаан чи болиоч ээ ?? Ямар солиотой амьтад вэ ... гэж орилж уйлахаас өөр зүйл хийж чадахгүй байлаа”

Дээрх үйл явдлуудыг би өөрийн нүдээрээ харсан ба харах бүрдээ тэсвэр алдан шүдээ зууж үүнээсээ болоод өөрийгөө ч эрэмдэг болгох шахаж явлаа.Энэ бүхэн эргээд надад нэг л зүйлийг ойлгуулсан юм.Тэр бол “Хүний нутагт өөрийгөө л хичээж яв” байлаа.Гагцхүү чи өөрөө, эсвэл сайн найз гэр бүлийнхэн чинь л ийм явдалтай учраагүй бол сайн хүн болж тэнэглэх хэрэггүй.Магадгүй би “Хаа ч явсан нутаг нэгтэндээ туслаж яв, хүн юугаа ч алдаж болно хүн чанараа л гээж болохгүй” гээд л бичвэл хэн нэгэнд нь таалагдаж, сайн хүн шиг бодогдож магадгүй л дээ.Харин учир мэдэх нь намайг “залуу л байна даа”, ухаантай нэг нь бол “тэнэг л байна даа” гэх биз.Би хэн нэг нь “эх орноо хайрлах агуу сэтгэл”, “ганц юманд халсан зориг”-оосоо болоод “ДҮРҮҮЛЧИХИЙГ” хүсэхгүй байна.Манай бага ангийн маань найз гурван жилийн өмнө Бээжин хотод маш шалихгүй юмнаас болоод нэг хоолны газар араасаа 9 удаа хутгалуулж байсан.Сонин сэтгүүл дээр зөндөө гарсан болохоор бараг мэдэж байгаа биз.Хутгалсан хүн нь олдоогүй эрүүл мэндээрээ хохироод л үлдсэн.

Өөртөө хамаагүй юманд хэзээ ч битгий оролц.Хэзээ ч чамд гай болно.Зарим үед тусалсан чинь гэм болох үе ч ирнэ.Чамтай чамгүй хорвоо дэлхий эргэдгээрээ л эргэнэ, харин чамгүй бол хөгшин ээж чинь бэтгэрсээр энэ насыг барах болно.Муу бүхнийг бодоод яв гэж зөвлөхгүй ч элдэв зүйлийн муу талыг нь түрүүлээд бодчиход гэмгүй.

Халзандуу толгойтой, бүхэл бадриун биетэй бөөрөнхий царайтай хятадуудаас болгоомжилж яв.”Гурван дугуйт” бас таксиний жолооч нараас ч болгоомжилж явахад илүүдэхгүй.Ямар нэгэн хятадтай муудалцах юм бол айсан болоод аархсан байдал үзүүсний хэрэггүй.Чамаас илүү гэдгээ л мэдчих юм бол хятадууд шиг омгорхуу дээрэлхүү хүмүүс байхгүй ба чамайг илүү байсан ч зарим нь нээх айж эмээгээд байхгүй гэдгийг санаж яв.Тэдний ихэнхдээ хэрэглэдэг арга нь “Чанга орилох, юм шидлэх”.Үнэнийг хэлэхэд эхний удаад энэ нь бага зэрэг сүрдмээр.Гэхдээ ингэх тусам нь тайван байж тоогоогүй дүр гарган дууныхаа өнгийг бууруулж тогтуун ярих хэрэгтэй.Би чамд амьдрал заах гээгүй юм шүү, үнэхээр ийм зүйл байдаг болохоор нь өөрийн биеэрээ олон удаа учирсан болохоороо л сэрэмжүүлж байгаа минь энэ.

2010 оны 1 дүгээр сар 11

Дөнгөж сая гэрэл унтарлаа.Амьдралын элдэв асуудлаас болоод сэтгэл санаа нэг л тавгүй байх шиг.Та миний бичсэн эдгээр тэмдэглэлүүдийг уншчихаад ямар хар бараан өнгө аястай юм бэ гэж битгий шүүмжлээрэй.Яагаад гэвэл бараг бүгдийг нь шөнийн харанхуйд гэрэл унтарсны дараа бичсэн болохоор.Миний эрхий хурууны хумс ургачихаж.Харин би хумсны хутгаа хаашаа ч юм алга болгочихсон.За энэ ч яахав.

Хэн нэг нь олон хүмүүсийн дунд ганцаардах ямар хэцүү байдгийг мэддэг ч болоосой.

2010 оны 1 дүгээр сар 17

Дахиад л гэрэл унтарлаа.Ойрын хэдэн хоног ерөөсөө нойр хүрэхгүй юм.Тог байхгүй, гэрэлгүй энэ харанхуй өрөөнд нойр хулжина гэдэг хамгийн шаналгаатай зүйл гэж хэлж болно.Одоо бодоход олон ч хоногийг орондоо хөрвөөсөөр байгаад үүр цайлгаж дээ.Маргаашнаас эхлээд 5 хоног дараалан шалгалт аваад хичээл амарна.Нэг ёсондоо надад дахиад 5 хоног л байна гэсэн үг.Би найзындаа очиж угаалгын машинаар нь хувцсаа угаана гээд ойрд хувцсаа угаагаагүй.

2010 оны 1 дүгээр сар 28

Би яг одоо онгоцонд явж байна.Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр би ямар ч асуудалгүй сургуулиасаа, бас хятад улсаас гараад ирсэн гэсэн үг л дээ.Хятад улсаас гарснаар миний бичиг баримт, оршин суух бүртгэлийн асуудлууд бүгд шийдэгдэж байгаа бөгөөд буцаж орж ирэхдээ бүх бүртгэл шинээр хийгдэнэ гэсэн үг.

Ингээд би энэхүү тэмдэглэлээ дуусгангаа өөрийн хятад оюутны дотуур байранд өнгөрүүлсэн 130 хоногийнхоо амьдралыг дүгнэхээр шийдлээ.

Би 2009 оны 9 сарын 10-ны өдрөөс 2010 оны 1 дүгээр сар 20 өдөр хүртэл яг 130 хоногийн хугацаанд хятад оюутны дотуур байранд “нууцаар” амьдарсан юм.Хятад улсад гадаад оюутнууд нь хятад оюутнуудтай нэг байранд амьдрахыг хориглосон байдаг.Маш олон гадаад оюутнууд хятад хэлээ сайжруулах мөн хятадын соёлыг биеэрээ туулж мэдрэхийн тулд хятад оюутнуудтай нэг байранд оруулж өгөхийг сургуулиасаа хүсдэг боловч тэр болгондоо татгалзсан хариу сонсдог билээ.Би хувьдаа энэ нь социалист улсын өөрийнхөө оюутнуудыг гадаадын аливаа ардчилсан шинэ үзэл санаа болоод, шашны нөлөөнд автуулчих вий гэсэн болгооомжлол юм болов уу гэж бодсон.Би хятадад анх сурж эхэлсэн тэр цагаасаа л эхлэн эртнээс монголчууд бидний тархинд уламжлалт сэтгэхгүй болон тогтсон хятадуудыг үзэн ядах сэтгэлээсээ салан, нэгэнт л мөнгө болоод үнэт цагаа зориулан энд ирсэн болохоор харвасан сум шиг дайраад өнгөрөх энэ богинохон хугацааг үр дүнтэй ашиглан, зөвхөн мэргэжлийн хичээлээ сайн сураад зогсохгүй энэ том гүрний хэл, соёлоос нь авхуулаад бүх л зүйлийг нь үнэн өнгөөр нь харж жинхэнэ үнэрээр нь мэдрэхийг хүссэн билээ.Тиймдээ ч санаандгүй тохиосон гэнэтийн нэгэн боломжийг ашиглан хятад оюутнуудын дотуур байранд нууцаар амьдрах санаа төрсөн юм.Гэтэл ингэхийн тулд маш олон бэрхшээлийн ард гарах ёстой байсан ажээ.Хамгийн гол нь би энэ 4 сар гаруй хугацаанд хятад хүн болж жүжиглэх хэрэгтэй байсан ба ингэхгүй бол өдөр бүр үүдэн дээр хянан шалгах манаач нар, 3 дахь өдрийн өглөө бүр ариун цэвэр шалгадаг багш, цэвэрлэгч ажилчдын нарын хараанд амархан өртөж улмаар сурж буй сургуулиасаа хөөгдөх хүртэл арга хэмжээ авахуулах байлаа.Үүнээс гадна хааш хаашаа 8 метр квадрат умгар өрөөнд хятад орны өнцөг булан бүрээс ирсэн 7 хятад оюутантай эвтэй найртай, даруу чимээгүй, “мөрөөрөө” зохицож амьдрах хэрэгтэй байлаа.Энэ мэтчилэн тоо томшгүй олон бэрхшээл адал явдлын ард амжилттай гарч чадсандаа би маш их баяртай байна.

Би хэрвээ хүнд тустай юм хийе гэж бодвол хувь хүнд биш харин нийгэмд чиглэсэн зүйл хийвэл үр дүнтэй гэж боддог.Тиймдээ ч би өөрийн өнгөрүүлсэн амьдралынхаа дурсамжыг өдрийг тэмдэглэл хэлбэрээр бичиж бусдад хүргэе гэж зорьсон юм.Учир надад олдсон энэ боломж хүн болгонд олдоод байдаггүй бөгөөд, аюултай, азаа үзсэн хэрэг билээ.Тийм учраас миний энэхүү дурсамжаар дамжуулан хятад улсын талаар, тэдний жинхэнэ бодит амьдралын талаад үүнийг уншсан хүн бүр өөр өөрийн гэсэн ойлголт төсөөлөлтөй болж энэ улмаар тэднийг хятадуудтай харилцахад тус болж чадвал миний туйлын зорилго биелж тэмдэглэл маань утга учиртай болж байгаа нь тэр юм.

4 comments:

nemee said...

та үнэхээр зоригтой юмаа төсөөлж ч байгаагүй зүйлийхээ талаар уншсаар нэг мэдсэн шөнө дунд болчихсон байна шүү..

Өнөржаргал said...

Чиний бичлэгүүд их сонирхолтой юмаа. Бас их зоригтой байна шүү. Чамаас сурах зүйл их бна. Би бүх бичлэгийг чинь унших гэж бга хэхэ. Амжилт хүсье! :)

Bayarbaatar said...

bi dunguj l ehnii huudasiig unshsaar btal shunu dund bolchij hehe
~ih filisoflog yuma, udku buh mash ih sonirholtoi nudeeree harj bgam shig sanagdla, law l buh bichlegiig unshij duusgah bodoltoi bna :-)

Anonymous said...

bi bas hyatadad surah gej bgan. hyatad angli helnii medleggvi yaj surah bol doo medehgvi. chinii bichlegiig unshlaa. yag l naizaasaa sonsoj bga yum shig sanagdchihlaa. bayarllaa. daraa ni hyatad hel sursan tuhaigaa oruulbal ih bayarlah bolno.