Mar 4, 2009

Сонссон бус бодсоноо , хүний бус өөрийн



 

Юуны өмнө энэхүү тэмдэглэлийг бичиж байгаа миний бие өөрөө ч өөрийн бичсэн шигээ байж чаддаггүй боловч байнга тийм байхыг зорьж явдагаа хэлье.Миний бодлоор бидний ихэнх нь өөрөө ч сайн мэдэхгүй үнэн худал мэдээллийг бусдад дамжуулж байдаг цуурайнууд билээ.Магадгүй үүний ачаар бидний амьдрал илүү сонирхолтой , утга учиртай болж байдаг байж болох ч маш олон тохиолдолд энэ нь биднийг маш өрөвдөлтэй байдалд оруулчихаад байхад хүртэл түүнийгээ ойлгохгүй зовж шаналахад хүргэдэг билээ.

 

Хүн бид маш итгэмтгий гэнэн амьтад юм.Хамгийн энгийн жишээ хэлье.Миний нэрийг Суланцэрэн гэдэг л дээ.Гэхдээ үнэндээ миний нэр бол Ганжавхлан.Харин намайг нэрээ Ганжавхлан гэж засаж хэлэхээс өмнө та нар намайг Суланцэрэн гэж итгэсээр л байх болно.Би тэгнэ гэдгийг нь маш сайн мэдэж байна.Яг ийм аргаар 18-тай банди нар 21-тэй охидыг найрдаг.Луйвар булхай ч гэсэн яг ийм л энгийн аргаар хийгддэг.Ингээд бодохоор өмнө нь хэзээ ч харж байгаагүй дөнгөж танилцсан хүнийхээ хүртэл хэлсэн үгэнд итгэж байдаг хүн гэдэг яасан гэнэн амьтан юм бэ ?? Гэвч чухам л хүмүүс бие биедээ ийнхүү итгэж чаддагийн улмаас хүний нийгэм оршин тогтдог.Бид цаасыг мөнгө хэмээн итгэж,түүгээрээ хүссэн бараагаа сольж болно гэж итгэдэг.Энэ ид шидэт итгэлийн хүчээр тэр цаас үнэхээр мөнгө болж хувиран,хүссэн зүйлийг нь түүнд өгдөг.Итгэл л өнөөдрийн энэ агуу ертөнцийг бүтээсэн.Гэвч энэхүү итгэл зөвхөн сайн зүйлийг бидэнд авчирсангүй.Гитлер бол дэлхийн удирдагч , харин бид бол дэлхийн эзэд хэмээн итгэсэн асар олон сая германчуудын нүдэнд “итгэл” л гялалзаж байлаа.Итгэл л хүмүүсийг шашны мөргөлдөөнд амиа золиослоход хүргэж , итгэл л хүүгийнх гараар эцгийг нь хөнөөлгөж чадсан юм.

Итгэлийг гол хүчин зүйл нь мэдээлэл билээ.Тэгэхээр бид өөрт ирж байгаа мэдээллийг зөв ялгаж салгаж ойлгох хэрэгтэй болж таарах нь.Тэгвэл завсар зайгүй чиний тархи уруу цутгаж байдаг эдгээр мэдээллийг үнэн зөв , өөрт ашигтайгаар хэрхэн ялгаж сурах вэ ??? Ер нь тэгэх ч хэрэг байгаа юм уу ??? Тэгсэн тэгээгүй бид өнөөдрийнхөөрөө сайхан амьдраад болоод л байна.Үүнээс болоод учиргүй муудсан гэх тодорхой баримт байгаа юм уу ???

 

Хэрвээ эдгээр асуудлын хариуг , үүний хичнээн чухал болохын утга учрыг хүн бүхэн мэддэг байсан бол өнгөрсөн , одоо тэр байтугай ирээдүйг ч өөрчилж болохсон.Агуу Марксын социалист онол угаас буруу алдаатай юм гэдгийг ялгаж ойлгоод ухаарчих толгой хүн бүгдэд байсан бол тэр үед тэр их хүн үхэж үрэгдэх байсан гэж үү ??? Мэдээлэл харвасан сум шиг маш хурдан тархаж байсан , хүн бүр сонсоод л хувьсдуулсан мэт үүнд итгэцгээсэн.Үр дүн нь үүний алдааг илрүүлж , буруугын эсрэг тэмцсэн үй олон гэмгүй сэхээтнүүдийн үхэл байсан.

Мянган жилийн турш бүх европчууд тэр аяараа мал болцгоосон.Тэд бурхан зөвхөн номлогч пастеруудын хэлийг л ойлгож сонсдог гэж үнэнээсээ итгэцгээн өргөл барьц болон тэднээр дамжуулж бурхандаа залбирч байлаа.Энэ үед сүмийнхэн ид хүчээ авч оргилдоо хүрч байсан ба энэ үеийг түүхэнд “Хар хувалзны үе” гээ тэмдэглэжээ. Өнөөдөр манай улсад олон хүн хоёр сая төгрөг бэлнээр өгнө гэсэн хүний үгэнд итгэн УИХ-ийг сонгож байна.Тэд төсвийн мөнгө ард түмний халааснаас урсдаг гэдгийг зүгээр л мартсан эсвэл огт мэддэггүй.Бүх зүйл , бүх зүйл мэдээлэл дээр тогтож мэдээлэл бидэнд эрх мэдэл өгч , мэдээлэл хүнд мөнгө бэлэглэж , мэдээлэл хүнийг устгаж сөнөөж байна.Ийм үед зөв буруу мэдээллийг ялгаж салгах чадваргүй болоод мэдлэггүй хүмүүс өөрсдөө ч мэдэхгүй буруу алдаатай зүйлсийг хөхүүлэн дэмжиж,авилгачдыг сонгон шалгаруулж,тэднийг магтаж сайшааж түүнийгээ бусдад тараан үнэгүй суртачилгааг нь хийж өгцгөөнө.

 

Монголчууд бид “мэдэхгүй” гэж хэлэхээсээ их айдаг хүмүүс юм шиг.Бид заримдаа бусдаас зам асуухад зарим нэг хүмүүсийн үнэхээр мэддэг юм шиг маш итгэлтэй хэлж өгсөн хаяг шал худлаа байх тохиолдол байдаг.Тэгвэл үүнийг жаахан томруулж харья л даа.Нагац ах Төөгөө үеэл дүү Дэрмээдээ мэргэжлээ хэрхэн сонгохын талаар зөвлөгөө өгч байна гэнэ л дээ.”Ахын дүү ах нь чамаас илүү оймс элээсэн , ахын дүү ерөөсөө л хуульч бол , чухам л ахынхаа үгийг сонс , сүүлийн үед цаана чинь дэлхий дахинаа ....... чи хэрвээ хуульч болчихвол монголдоо төдийгүй ирээдүйд гадаадад гарсан ч ....” . Зурагт , радио , сонин , гадаадад ажилладаг найз ..... аль нэг дамжуулах сувгаар Төөгөө ахад уг мэдээлэл ирж л дээ.Ах энэ талаар олигтой мэдэхгүй ч аль үнэмшилтэй сонсогдсонд нь,хэн гоё ярьсанд нь очоод итгэчихэж.За энэ яахав , тэрхэн үедээ яриад л өнгөрөө биз.Тэгтэл өнөөх Төөгөө чинь чухам л ганц хүндэлж явдаг ах минь зөвлөсөн юм гээд үнэхээр хэлснээр нь гүйж очоод хуулын мэргэжил сонгочихвол яахав ??? Хэрэгцээнээ хэд дахин давсан , дээрээ татаасгүй учраас төгсөөд ажил олж чадаагүй , худалдагч хийн аяга угааж байгаа хэдэн арван мянган “хуульчдын” эгнээнд элсэх үү ??? Ямар ч үндэслэлгүй , гол нь уг хүн өөрөө огтхон ч сайн бодож үзээгүй , зүгээр л хүний сайхан ярьсныг дамжуулаад хэлчихсэн хэдхэн үг асар их “бодит” хохирлыг араасаа дагуулах аюултай.Уул нь Төөгөө ясны зураач болох авьяастай хүүхэд байсан бол яана.

 

Ингээд яриад байвал асуудал маш их байна тэгвэл одоо гарцыг хайя.Миний бодож байгаагаар гурван асуудал дээр зайлшгүй өөрчлөлт хийх хэрэгтэй.      

 

1.         Эцэг эхийн хүүхдээ хүмүүжүүлэх арга барил

Эцэг эхчүүд хүүхдийнхээ бие дааж шийдвэр гаргаж өөрөө шийдэж чадах зүйлийг хүртэл өмнөөс нь шийдэх гэдгээ болих хэрэгтэй.Энэ нь хүүхдэд алдах боломж олгохгүй байгаа муу үр дагавартай юм.Улмаар хүүхэд аливаа зүйлийг өөрөө шийдэж чадахаа больж байнга өөрөөсөө илүү гэж бодсон хүнээ түших хандлагатай болдог.

2.         Сургалтын систем

Сургууль сурагчдын бие дааж дүгнэлт хийх , өөрөө сонголт хийж сурах тал дээр түлхүү анхаарах хэрэгтэй.Шиэнэлэг онцлог санаа гаргасан сурагчдыг номон дээр бичсэнээс нь өөр зүйл бодож сэтгэсэнээс нь болоод буруутгахаа болих хэрэгтэй.Ялангуяа өөрөө номноосоо илүү зүйл мэддэггүй зарим нэг багш нар.Үг үсэггүй цээжилснээрээ биш “ойлгож , мэдсэнээрээ” өндөр үнэлгээ авдаг тогтолцоотой болох хэрэгтэй

3.         Бусдын туршлагаас суралцах

Бид өнөөдөр үнэндээ цоо шинэ замаар биш харин бусдын алхаж өнгөрсөн зам дээр л алхаж байна.Тиймээс бусад орны , биднээс түрүүлж хөгжиж амжилтанд хүрч чадсан орнуудын алдаа туршлагаас суралцах хэрэгтэй.

Жишээ нь : Япон хүмүүс бусдад аливаа мэдээллийг дамжуулахдаа анхаасаа өөрөө мэддэг юм шиг бус харин “тийм ном,тэр сэтгүүл дээр тэр тэгэж бичсэн байна лээ , тэр нь надад маш их таалагдсан эсвэл харин би бол ингэж бодож байна” гэж ярьдаг , бас мэдэхгүй зүйлээ “мэдэхгүй” гэж хэлдэг. Бид үүнийг сурах л хэрэгтэй.

Тэгтэл манайд зарим нөхдүүд баахан сонин харж байснаа “За байз Монгол банк нийт хөрөнгийн сангаасаа болоод хямарчихлаа , уул нь одоо дэлхийн банкнаас хэдийг л бол хэдийг өгье гээд байгаа , уул нь авчихвал ерөнхий нөөц валютынхаа утгаар мөнгө эргээд эхэлнэ.Тэгсэн чинь манайхан төсвийн тодотголоо хийж өгөхгүй удаад байх юм .... ” гэж ирээд л мэдэж байгаа ч юм уу үгүй юм уу ярих юм.Нөгөөтөх нь нэлээд сонсож байснаа цааш нь “Дэлхийн валютийн сангийн төсвийн тодотгол хямраад ерөнхий валютаа нөхөж чадахаа байчихлаа одоо энэ Австрали ч баларсаан баларсан ..... яагаад гэхээд нөгөө Австрали чинь дундад азийн зээлд .....” гээд л бурах юм.

 

Харин Солонгосчууд бол асар их заргач дээр нь тэмцэгч хүмүүс.Саяхан үхрийн мах АНУ импортолсон хэргээс болоод шинэ сонгогдсон ерөнхийлөгчөө бараг аваад хаячих шахсан.Намайг БНСАУ сурдаг байхад тэндхийн оюутнууд бараг өдөр болгон засгийн газраа эсэргүүцэн бослого хийдэг байсан.Тэдний хуулинд хүчний байгууллагынхан сургуулын хашаа уруу нэвтрэхийн хориглосон заалт байдаг.Хүчнийхэн бослогыг дарахаар ирэнгүүт л оюутнууд сургуулынхаа хашаа уруу орчихдог.Харин манайд бол гар буугаар буудаад азаар амьд үлдсэн хэдийг нь бариад хорьчихдог юм билээ,би энэ зун харсан.

Солонгост хэн нэг хүн бараа худалдаж аваад тэр нь ямар ямар нэг асуудалтай байвал тэрийгээ буцаагаад зогсохгүй үхтэл нь муулаад интернет дээр тавьчихдаг , ингэх эрхийг нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага гэдэг нь хамгаалж байдаг юм билээ (уул нь манайд ч гэсэн байдаг).Үүнээс болоод дампуурсан компани маш олон бий.Ингээд ирэхээрээ үйлдвэрлэгчид нь барааныхаа чанарт онцгой анхаарч эхэлдэг.

 

Бид үүнийг сурах л хэрэгтэй.Бид дэлхийн талыг эзэлж явсан агуу түүхтэй , бүх түүхээрээ хятадад өргөл барьц болж амьдарсан Солонгосыг бодвол агуу нь үнэн л дээ.Гэхдээ л айлд хэрвээ биднээс илүү сайн зүйл байвал бид сурах л хэрэгтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2 comments:

Anonymous said...

En ch vnen shv aliin bolgon aguu tvvxeere l amidrax yostoi gej..

Undaa

Bayarbaatar said...

[quote]Намайг БНСАУ сурдаг байхад тэндхийн оюутнууд бараг өдөр болгон засгийн газраа эсэргүүцэн бослого хийдэг байсан.Тэдний хуулинд хүчний байгууллагынхан сургуулын хашаа уруу нэвтрэхийн хориглосон заалт байдаг.Хүчнийхэн бослогыг дарахаар ирэнгүүт л оюутнууд сургуулынхаа хашаа уруу орчихдог.Харин манайд бол гар буугаар буудаад азаар амьд үлдсэн хэдийг нь бариад хорьчихдог юм билээ,би энэ зун харсан.[/quote]
hehehe goe hellee