May 2, 2010

Жүжиг 2



Жүжиг үргэлжилсээр.Гэтэл энэ удаагийнх ямар урт жүжиг байв аа ??? Ямар сайндаа л энд ирж дуусгах вэ дээ.Маш их ядарчээ.Амьсгаа давчдин гар минь чичирч байна.Одоо надад амралт хэрэгтэй.Ядаж өнгөрсөн жүжигт юу болоод өнгөрснөө бодох цаг хугацааа хэрэгтэй.Жүжгийн төгсгөл хар дарсан зүүд мэт аймшигтай байсан.Гэхдээ бага багаар суралцсаар л байна.

Олон жил тоглосон хайрын жүжгийнхаа төгсгөлийн ангид тоглолоо.Хамгийн хайртай жүжиг минь байсан болохоор төгсгөлийн хэсэг нь хүртэл үнэхээр хүнд байх юм.Би маш том алдаа гаргасан.Би жүжгийг жинхэнэ амьдралтай холбож орхисон.Тэнэг мал.Уул нь маш энгийн төгсөх жүжиг байсан юм.Тэгтэл би сэтгэлийн хөдлөлөөсөө болоод, хараал идсэн хайр дурлалаасаа болоод төгсгөлийг нь сунгаж орхисон.Маш өрөвдөлтөй, инээдтэй, бас ойлгомжгүйгээр.

“Би чамайг дахиж хэзээ ч гомдоохгүй” ..... Найз охин нь эхэндээ итгэнэ.Бүр ингэж хэлсэнд нь баярлана.Дахиад хэлсэн ч итгэнэ.Гэхдээ энэ итгэл өмнөхөөсөө арай буурсан байна.10 хэлвэл залхана , 20 хэлвэл үзэн ядна, сүүлдээ инээд нь хүрээд шоолно.Хамгийн аймар нь шоолно.Энэ үед чи амаа хамхих хэрэгтэй.Чи өөрөө романтик жүжгийг хошин шог болгож хувиргасан шүү дээ.Бодоод үз л дээ, чи тайзан дээр хэн ч харсан уярмаар хайрын жүжиг тавьж байна, харин үзэгчид чамайг хараад элгээ хөштил инээнэ.Хорвоо өөрөө шоглоомтой л доо.Хэрвээ үзэгчдээ л сольчих юм бол чи буцаад л хайрын жүжгийн гол дүр болно.Тэд яг өмнөх үзэгчидтэй чинь л адилхан чиний хэлсэн үг бүрт чинь уяран хайлж чамайг шүтэх болно шүү дээ.Чиний алиалагч гэдгийг зөвхөн тэр танхимын үзэгчдээс өөр үнэндээ хэн ч мэдэхгүй.Хорвоогоор дүүрэн хайрын жүжиг, чи алинд нь ч тоглож болно.Гэтэл асуудал үүнд байгаа юм биш, асуудал чи өөрөө өөрийнхөө жинхэнэ нүүр царайг өмнөх үзэгчдийн харцнаас, чамайг шоолж байсан тэр хүйтэн инээднээс нь тэндээс аль хэдийн олоод харчихсандаа л гол нь байгаа юм.Чи бол алиалагч.Чи хайр гэдэг зүйлийг хэнд ч танигдахгүй болтол нь хэмлээд хаячихсан.Одоо чи хайрын жүжигт тоглоод ямар утга учир байгаа юм бэ ??? Тоглосон ч тэр үед чи гол дүр нь биш байх болно.Тэр харцнууд, тэр инээднүүд, тэр үл тоомсорлол ..... Энэ бүхэн чамайг дөнгөж тайзан дээр гарч ирэв үү үгүй юу өнгөрсөн бүх зүйлийг чинь чамд сануулж тэр дор нь тайзнаас хөөн буулгах болно.

Уул нь харамсалтай л байна.Гэвч одоо яаая гэхэв дээ.Уул нь хайрын жүжгийг хасчихвал бусад жүжигт маш амжилттай тоглох бололцоотой болдог.Нэг бол аль нэг хайрын жүжигт туслах дүр хийгээд явсан ч болох л доо.

Жаахан хүүхдэд нэг машин өгвөл тэр маш их баярлана.Өдөржин ядрахаа мэдэхгүй ганцхан машинаараа л тоглож өнжинө.Хэрвээ дахиад нэг машин өгвөл тэр бүр их баярлана.Найзыгаа дуудаж ирээд хамтдаа тоглоно.Бас гайхуулна.Харин 100 машин өгвөл тэр машинаар тоглохоо больж өөр тоглоом эрнэ.

Жүжигт хүүхдүүд маш их өртөж байна.Тэд үнэндээ эцэг эхийнхээ золиос болж байна.Хамгийн аймшигтай нь юу гээч.Тэдэнд жинхэнэ амьдрал гэж байдаг тухай хэн ч ярьж өгөхгүй байна.Тэднийг бараг ухаан ч ороогүй байхад нь нүдэн дээр нь аймшгийн жүжигт тоглож үзүүлнэ.Аав нь ээжийг нь зодно.Ээж нь өөдөөс нь аяга авч шиднэ.Аяга хананд тусан хагарч шалаар дүүрэн хагархай хөглөрнө.Харин бяцхан охин коршоокон дээрээ суун ганцаараа уйлна.Харсан бүхнээ маш сайн цээжилнэ.Тэр үнэндээ юу ч ойлгохгүй харсан бүх зүйлээ жинхнээр нь хүлээж авна.Удахгүй өөрөө ч зодуулна.Хэдийгээр байгалиас заяасан зөн совингоороо ямар нэгэн муу юм болоод байна гэдгийг гадарлах ч сүүлдээ “Угаасаа ийм л байдаг юм байна” гэж итгэнэ.Эрхэм гүн ухаантнууд, шашны номлогчид үүнийг юу гэж тайлбарлах бол ??? Хүүхэд эхийнхээ хэвлийгээс хорвоог орхин одож байгааг юу гэж тайлбарлах бол ??? Хойд насандаа жаргана гэж үү ??? Нэг бол тэндээсээ бурхны орон уруу явчихаж байгаа нь тэр үү ??? Өмнөх насанд хийсэн нүглийнх нь гор уу ??? Багадаа жаахан зовж байгаад том болохоороо жаргах гэж байгаа юм уу ??? Та нарт тийм эрх байгаа юм уу ??? Хүүхдийн бага насыг орлуулж чадах ямар нэгэн зүйл энэ хорвоо дээр бий гэж үү ??? Битгий сайн хүний дүр эсгэцгээ, зүгээр л надад хамаагүй болохоор хохь нь тэр гэж хэл л дээ.

Жүжиг уул нь зөвхөн нийгмийн харилцааг зохицуулах гэж л буй болсон юм.Аль аль нь жүжиглэж байна гэдгээ мэддэг ч заавал жүжиглэх шаардлагатай тийм харилцааг.Тэгэхгүй л бол хүнд байгалиас заяасан бардам ихэмсэг зан, эрх дураараа зангаас нь болоод юу ч бүтдэггүй тийм харилцааг л зохицуулах гэж.Өмхий албан тушаалтны өмнө толгой гудайн бөхөлзөж, түүнийг тэнгэрт гартал нь магтаж, энгийн яриандаа хүртэл ялдам инээд хавчуулж өөрийгөө худалдаж явахдаа “Хараал ид, ингэж ч новш болох гэж, гэхдээ амьдрал л юм даа” гэж өөрөө өөрийгөө тайвшруулах, тийм л харилцааг зохицуулах гэж жүжиг бий болсон юм.Тэгтэл өнөөдөр гэр бүл, найз нөхөд, хайр дурлал, бүр хөнжил дотор ч жүжиг оршсоор байна.Найз залуудаа сайхан санагдуулахын тулд “Аймар гоё тавьсан” гэж худлаа ярина.Цаадах нь харин зөвхөн найз охиноо тавьсанд л дотроо баярлан бардамнана.Хэн нь ч суугаад үнэнээ ярихгүй.Хүний хамгийн дотны харилцаа болох үүлэн борооны ажилд хүртэл жүжиг оролцоно.Багаа аваад л үнэнээ ярихад хамгийн ярвигтай маргааныг ч амархан шийдчихэж болох.Тэгтэл нэгэнт өөрийнхөө амьдралыг жүжиг гээд итгэчихсэн болохоороо, завсарлага, жинхэнэ амьдралын талаар мартчихсан болохоор багаа авахаас ч тэд айна.Хэрвээ багаа авчихтал амьдрал гэж байхгүй байвал яанаа, бусдын элэг доог болвол яанаа гэхээс үхтлээ айна.Үнэндээ энэ нь тэдний хувьд гудамжинд олны нүдэн дээр бүх хувцсаа тайлаад хаячихаж байгаагаас өөрцгүй санагдана.Өөрийгөө хуурч өөрийнхөө элэг доог болсноос бусдын элэг доог болсон ч хамаагүй өөртөө үнэнч байсан нь л дээр гэдгийг даанч ухаарахгүй.Хэрвээ чи сэтгэл зүрхээ дагаад зовлонтой амьдарч байвал тэр чинь л чиний жаргал.

Намрын үдэш жихүүн орой.Дурлалт залуу найз охиныгоо гэрт нь хүргэж өгөхөөр бүдэгхэн гэрэлтэй гудамжаар хоёулхнаа алхана.Залуу гэнэт найз охиныгоо даарч байгааг санаад гадуурх хүрмээ тайлан түүнд өмсүүллээ.”За яах гэсэн юм бэ ??? Би даараагүй байна, чи өөрөө өмс” “Зүгээр ээ, би ч гэсэн даараагүй байна”.Уул нь залуу даарч л байгаа, зүгээр л түүнийхээ төлөө даараагүй болж жүжиглэсэн юм.Тэгтэл энэ жүжиг мөн үү ??? Үгүй дээ үгүй, энэ бол амьдрал.Амьдралд хэзээ ч жүжиг гэж байдаггүй.Учир нь сэтгэл дулаан байхад бие хэзээ ч даардаггүй юм.Үзлийн царай муутай охин ч миний нүдэнд өглөөний мандах нар шиг үзэсгэлэнтэй, дулаахан харагдаж болох шүү дээ.Үүнийг жүжиг гэдэггүй юм даа.Тэгвэл жүжиг гэж яг үнэндээ юу юм бэ ???

Өөрөө өөрөөсөө урвасан бүхэн жүжиг.

“Ээж ээ хүүгийнх нь анхны цалин 100000 төгрөг, би танд бүх цалингаараа ноолууран ороолт авчихлаа”.Тэр дороо ээжийнх нь нүдийг нулимс бүрхэж “Яахнав дээ миний хүү, өөртөө юм авахгүй дээ.Яасан ч үнэтэй юм.Хөгшин надад ер нь юу ч байсан яахав дээ” гэж үгээ гүйцээж чадахгүй хоолой нь зангирна.Ээж нь уйлна.Дотроо баярлана ... Тэгтэл хүү үнэндээ 200000 төгрөгний цалин авчээ.Ээжийгээ улам илүү баярлуулахын тулд албаар худлаа ярисан юмсанж.Хүү нэг зүйл ойлгосонгүй дээ.Энэ бол нүгэл юм.Ямар ч сайхан сэтгэл, сайн үйлст өчүүхэн ямхын чинээ л худал хуурмаг зүйл ороход тэр хорон санаа болж хувирдаг.Ээж нь түүнээс 100000 төгрөгийг нь булаана гэж үү ??? Эсвэл бүх цалингаараа ороолт авч өгөөгүй гээд нь арай бага баярлана гэж үү ??? Үгүй дээ.Уул нь ямар ч үнэтэй ороолт хэрэггүй.Үнэн сэтгэлээс гарсан ганц үг байхад л хангалттай.Тэгтэл одоо ээж чинь миний хүү анхны цалингаараа ээждээ авч өгсөн юм гээд л бүх насаараа тэр ороолтыг хадгална шүү дээ.Найзууддаа ярина.Чи ер нь төсөөлж байна уу ??? Эх үрийн сэтгэлд хүртэл жүжиг шингэчихлээ гэж үү ???

Бараг галзуурах шахна.Сүүлдээ юу болоод байгаагаа ч мэдэхээ болино.Шөнөжингөө түүнийгээ зүүдэлж хоноод өглөө босохдоо ч түүнийгээ бодсоор л сэрнэ.Хамаг бие маш хүнд бүр шөнөжингөө зовж шаналсан юм шиг л бүх хөлс нь цутгасан амьтан үүрээр сэрнэ.Өөрөө ч үүндээ маш ихээр гайхна.Зүүдэлсэн зүүднээсээ ч айна.Инээж, тоглож наргиж ч чадахаа болино.Тэр л байхгүй бол юу ч хийсэн утгагүй мэт санагдана.Албаар өөрийгөө завгүй байлгах гэж оролдоно.Бүр хүмүүстэй уулзаж хөгжилтэй яриа дэлгэж ч үзнэ.Өөрийгөө хүчлэн байж чанга чанга хөхрөнө, тасралтгүй ярих боловч үнэндээ юу яриад байгаагаа ч ойлгохгүй, тэгснээ гэнэт гөлийчихнө.Яг л галзуу юм шиг.Гэнэт маш огцом бөгөөд сонин сэрэл бүх биеийг нь эзэмдэн авч бүх зүйл цаанаа л нэг сайхан санагдаад эхэлнэ.Бүр ингэнэ яг л хүйтэн усанд орж байгаа юм шиг гэнэт бүх зүйл сэргээд ирнэ.Ингээд л зүгээр болчихлоо ш дээ гэж бүр үнэн сэтгэлээсээ баярлана.Хүүхэд шиг дэвхцэж цовчимоор, орилмоор санагдана.Харин бүгд гэр гэртээ харьж ганцаархнаа үлдсэний дараа өдөржингээ хүчээр барьж байсан тэвчээр аажмаар алдагдан өөрийн мэдэлгүй хүйтэн газар суугаад бүр чангаас чанга уйлмаар санагдана.Уйлж ч чадахгүй дотор бачуурна.Угаасаа хуурамч гэдгийг нь мэдэж байсан ч тэр их баяр баясгалан хормын төдийд л аймшигт харанхуйгаар солигдож орхисонд, зүгээр л алга болж орхисонд нь хэнд ч хамаагүй үхтлээ гомдмоор санагдана.Хаашаа ч юм ганцаараа маш удаан алхана, сүүлдээ өөрийгөө хаана байгаагаа ч мэдэхээ болино.Яагаад ч юм орны дэргэд харагдах шүүгээг харах болгондоо айдас төрнө.Учир нь тэр дотор түүний зураг байгаа.Сүүлдээ яасан ч үүнээс илүү тэвчиж чадахгүйгээ мэдрэнэ.Юу ч бодолгүй шууд л утсаа аваад түүн уруу залгана.Жүжиг эхэллээ.Соёлтой боловсон, энгийн ярьж эхэлнэ.Өрөвдөлтэй арчаагүй, үхтлээ дурласан сэтгэлээ нуух гэж байдгаараа оролдоно.Бүр орилж хашхирмаар, цурхиртал уйлмаар санагдаж байсан ч зүгээр л айж орхино.Хүн хараалгуулж зүхүүлэхээс хэзээ ч айдаггүй.Тэр зөвхөн өөрийнх нь хэнд ч хэлдэггүй ариун нандин, өөрөөсөө хүртэл нуудаг, заримдаа бүр үхтлээ ичдэг тэр л сэтгэлийг нь хэн нэгэн дооглож тохуурхах вий гэхээс чухам тэгэх вий л гэхээс үхтлээ айж, тэгэх л юм бол хэнийг өршөөмөөргүй санагддаг.Зүрх сэтгэлд нь орших үнэн сэтгэлийн үгнүүд түүний чихэнд “инээдтэй” сонсогдох вий гэхээс тэгснээс бараг ганцаараа шаналаад сууж байсан дээр санагдах үе ч байх.Сэтгэлдээ байгаа бодол бүрийнхээ эсрэг зүйлийг ярина.Сүүлдээ бүх зүйл нэгэнт хожимдсоныг гэнэт санана.Бүх зүйлд үнэ цэнэ гэж байдгийг ухаарах шиг шиг болно.Хайр сэтгэлийн үг ч мөн адил.Өмнө нь чиний сэтгэлийн хөөрөлдөө автаж хэлсэн тэр олон “хуурамч сайхан” үгнүүдийн цуурианд өнөөдөр чиний хэлэх гэж байгаа “жинхэнэ сэтгэлийн үг” чинь дарагдаж орхино.Хэн ч сонсохгүй.Зүгээр л шоолж орхино.1000 хар сарнайн дундаас сондгойрон харагдах ганц цагаан сарнайг хэн ч анзаарч харахгүй.Дүр солигддогийг чи мартсан бололтой.Таван жилийн өмнө түүнийг хүн ч гэж үл тоон бүр үнэн сэтгэлээсээ хэлсэн үгийг нь хүртэл тоглоом болгон сонсож байсан чиний дүр өнөөдөр түүний дүрээр солигдсон байхыг чи харах болно.Яг л толинд харж байгаа юм шиг. Өөрийнхөө бүх алдааг түүгээр дамжуулж чи өөр дээрээ мэдрэх болно.Энэ хорвоо дээр хэн ч бусдын сэтгэлээр тоглож болдоггүй юм.ХҮН чи үүнийг хатуу санаж ав.Чи үнэ цэнэ гэдэг зүйлийг ухаарсангүй дээ.Бас л амьдралын шоглоом !!! Хүн бүх гэм нүглээ ухаарсны дараа боломж түүнийг аль хэдийн орхин одсон байдаг.Учир нь аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж бий.Бүхнийг ухаарсны дараа түүнд биш чи өөрөө өөртөө инээдтэй санагдах болно.Жинхэнэ аймшиг үүнд бий.Гэхдээ ингэж болохгүй дээ.Хүн ядаж өөрөө өөртөө үнэнч байх хэрэгтэй.Тэр чиний сэтгэлийг “хуурамч” гэж нэрлэсэн байлаа ч чи өөрөө биш гэдгийг нь мэдэж байвал амьдралд нэг л тохиох тэр мэдрэмжээ үүрд сэтгэлдээ хадгалан амьдрах хэрэгтэй.Чамайг найз нөхөд чинь аргадан гуйж, эцэг эх чинь аргаа барж чи өөрөө бүр хэзээ ч босож чадахгүй мэт аймшгийн солиоролд уналаа ч хайр сэтгэлээ хэзээ ч орхиж болохгүй.Учир нь тийм хайр хүн болгонд ирдэггүй юм.Чи зүгээр л өөрийнхөө орон зайд зөвхөн түүндээ зориулж дулаанаас дулаан орж засаж өгөх хэрэгтэй.Тэгээд түүнийгээ насан туршдаа нандигнаж яв.Чиний энэ хайр дурлалыг хэн ч бүр тэр өөрөө ч чамаас булааж авч чадахгүй.Цуг л байвал хайрлаж болдог гэсэн хараал идсэн үзлээс одоо салж үз.”Амьдралгүй” гэж тэд чам уруу асвал асацгаана л биз.Тэгвэл амьдрал гэж юу юм гэж өөрсдөөс нь асуу ??? Амьдрал гэдгийг хүн бүр мэддэг билүү ??? Нэр төр, хараал идсэн бардамналаасаа болоод ядахнаа уйлчихаж ч чаддаггүй тэр хүмүүс, хайр дурлалын хамгийн энгийн сэрэлд хүртэл өөрийн хувийн эрх ашгаа шургуулж байдаг тийм хүмүүст чамайг шүүх эрх байхгүй.Бардам байхтун.Яадаг юм алд.Тэгээд зов шанал.Бүр арчаагүйгээр ганцаараа уйл.Ядаж ингэж зовж шаналах зүрх чамд байгаад нь өөрийгөө бусдаас дээгүүр тавь.

Хайр сэтгэлд хүртэл жүжиг оршино.Бодоод үз л дээ.Баян айлын боловсролтой охин бүх насаараа ариун хайр дурлалыг хайсан.Тэгтэл тэр хайр дурлалаа хөдөө тосгоны шавар тагзнаас олбол яах вэ ??? Эсвэл аргал түлдэг монгол гэрээс олбол яах вэ ??? Өөрийгөө чүүтэй айтай болгох чадалтай, тахир дутуу ээжийгээ асардаг, сэтгэл сайтай, чамд үнэхээр хайртай, биенээс нь гэр хорооллын хурц эхүүн үнэр хир буртаг холилдож үнэртсэн тийм залууд дурлачихвал чи суух уу ??? Чи хайрт сэтгэлээ сонгож чадна гэж үү ??? Хүн өрөөсөн дугуйгаа л олдог, тэд хэзээ ч тааралдах боломжгүй гэж үү ??? Тэгвэл хайр сэтгэлийг хүртэл мөнгө шийддэг байх нь ээ ??? Амьдралд зөвхөн 2 салаа зам л байдаг.Тийм үгүй гэсэн 2 л сонголт байдаг.Хайр сэтгэлд жүжиг шингэжээ.

Хүн чи хэзээ ч өөрөө өөрийгөө битгий хуур.Учир нь хүн өөрөө өөрийгөө танихаа больтол өөрчлөгдөх шиг аймшигтай юм гэж байдаггүй юм.Хамаагүй, бүх зүйл нэгэнт өнгөрснийг мэдэж байсан ч, зөвхөн элэг доог л болохоо мэдэж байсан ч түүн дээр очоод өвдөг сөгдөн уучлалт гуй.Дахиад ганцхан боломж өгөөч гэж гуй л даа.Тэгээд арчаагүй муухайгаар хаягд.Ингэж хаягдаж байгаадаа чи баясах хэрэгтэй.Чи ядаж өөрөө өөртөө үнэнч байлаа шүү дээ.Өөрийгөө хууран гаднаа инээж дотроо уйлж явахаас л хол илүү шүү дээ.Найзын минь надад ярьсан зүйл сэтгэлд маш тод үлджээ.Тэр надад ингэж ярьсан

Орой бүрий болсон цагаар харанхуй гудамжны мухарт 3 биерхүү залуу нэг бүсгүйг зодож байхыг Сугар санаандгүй олж харжээ.Нэг нь хүүхнийг үсдэж чирэн, харин нөгөө хоёр нь банзлыг нь тайлахыг оролдоно.Хөөрхий бүсгүй өөрийгөө өмөөрөх тусам улам харгисаар зодуулна.Үүнийг харсан Сугар хэдийгээр хэтэрхий доожоогүй сульдаа биетэйгээ мэдэж байсан ч ядаж ганц ч хором “яах уу ???” гэж эргэлзэлгүйгээр шууд гүйж очин хамгийн бадриун биетэй залуугынх нь толгой уруу буулгаад авчээ.Маргааш нь тэр эмнэлгийн орон дээр үхлүүт сэрсэн юм.Гэтэл түүний царай огтхон ч бэртсэн хүний шинжгүй байсан бөгөөд харин ч бардам ихэмсэг харагдаж байлаа.”Та бие муутайгаа мэдэж байж яах гэж тийшээ очсон юм бэ ??? Та үнэхээр тэр 3 залууг дийлнэ гэж бодсон хэрэг үү гэсэн” сэтгүүлчийн асуултанд тэр “Би маргааш өглөө нь сэрэхдээ Сугар аа чи хүний адаг юм даа гэж өөрөө өөрийгөө зүхэхгүйн тулд л тийшээ очсон юм” гэж хариулжээ.Өнөөдөр манай Монголд бөх, цагдаа гэж цээжээ балбасан, булчин шөрмөс нь зангирч харцаараа бусдыг айлгах бүдүүн бүдүүн “хоосон хийтэн”-гүүдэд ийм сэтгэл зориг байгаа болов уу ??? Сүүлд нь хэрэгт орчих вий гэсэндээ “Бусдын хэрэгт битгий оролцож бай” гэсэн үгээр өөрийгөө зөвтгөн нүдээ анин чихээ бөглөөд өнгөрдөг биз дээ ??? Албан тушаалтны өмнө том булиа биендээ зохихгүй сандчиж, үнэнийг өмгөөлөөд ганц үг хэлчихэж чадахгүй түгдчиж, мөнгөтэй айлын “хоосон” бацаануудын бие хамгаалагч хийж гэмгүй хүнийг зодож, өөрөөсөө доожоогүй дээрэлхэж, дээр нь нэгний “бөгсийг долоож” явдаг нь үнэн биз дээ ??? Хаа сайгүй “МОНГОЛ” гэж бөөлжис цутгаж дотор муухайртал орилох Хөх толботнууд маань бусдын бөгсийг долоож баасыг идэх болохоороо Хятад,Орос,Америкаа ялгахгүй л нялцгаадаг юм байна лээ шдээ.Хэнийх нь бөгсөн дээр илүү баас наалдсан байна түүнийг л ар араасаа уралдан очиж долооцгооно.Тэгээд дараа нь маш чангаар “Баас бол үмхий” гэж орилцгоодог.Учир нь энэ бол тэдний баас олж идэх ганц арга зам нь.Тэгтэл тэдэнд ингэж жүжиглэхээс өөр арга байхгүй шүү дээ.Хэрвээ тэд “Би баасанд дуртай” гээд хэлчих юм бол ард түмэн түүнийг арчаад л хаячихна.Заавал ч үгүй баасанд дургүй гэж орилж байж баас идэх боломж олдоно.Тэгэхээр эх орноо гэсэн үзэлд .. үгүй ээ “баасанд” хүртэл жүжиг шингэжээ.

Монголд гадаа салхи шуурч байна.Харин наана чинь бороо орж байна уу ??? Харин энд өчигдөр цас орсон.Энд хүмүүс баячуудын хорооллын хогон дундаас дутуу идсэн цуйвангийн үлдэгдэл олоод баярлаж байна, харин Солонгост хүмүүс нь ямар байх юм дээ ???? Энд үхсэн малынхаа сэгээр малчид хооллож байна, харин Японд цагаан будаа нь амттай гэсэн үнэн үү ??? Энд нийгмийн хамгийн дээд зиндааныхан гэрээс гарж хоёр алхаад л нийгмийн хамгийн доод зиндааныхантай нэг хүрээнд орж байна, харин Сингапурт ядуу хүн байдаггүй гэсэн үнэн үү ??? “Цайлган сэтгэлтэй Монголчууд” гэдэг үг сонсохоор хөх инээд цаанаасаа хүрээд байдаг болж, Лондонд тэгээд үнэхээр англичууд нь хотоосоо гадна амьдардаг хэрэг үү ??? Монгол залуучуудын ашиглаад хаясан хүүхнүүдийн үлдэгдэл дээр өвөрмонголчууд ажиллацгаана, Бээжинд гадаад монгол өвөр монголоо ялгадаггүй хэвээрээ юу ??? Монголд бараг бүх залуучууд гадаад уруу тэмүүлцгээх юм, шалыг нь угаагаад ч болтугай Америк явах юмсан гэцгээх юм, наад Америкаас чинь ядаж энд ирээд англи хэлний цагийн багш хийчэх хүн олдохгүй биз ??? Америкт ер нь бороо орж байх юм уу ??? Наана чинь ер нь цаг агаар амьдрал хэр байна даа ????

Би бараг савж унах нь.Энэ үед миний ширээн дээрээ тавьсан цай асгарна.

4 comments:

Bilegee said...

Таалагдлаа. Гоё бичсэн байна. Үргэлжлэл байгаа гэж найдаж байна.

GroupMail said...
This comment has been removed by the author.
Unknown said...

ugaasa buh yum chinii heldger jujig. bi ch uuruu ter utgagui t1n medser bj jujigt ni toglodog... gehde yag odo yag cham shig tur zur amarch bgaa. uurihu umnuh jujigt yu bolsniig... terige yaj urgeljluleh ve gej bodohin tuld....

Anonymous said...

I like how you think. Adding your blog to my google reader. Keep writing!