May 2, 2010

Шар хадны тэмдэглэл


Шар хадны тэмдэглэл

Хоёрхон сарын өмнө би New York хотод гудамж метрлэн хөгжим сонсоод явж байснаа санаж байна.Харин дөрвөн хоногийн өмнө Бээжин хотод нар тусдаггүй дотуур байрандаа ном уншаад хэвтэж байсан.Тэгэхэд яагаад ч юм уншсан номоо ерөөсөө ойлгохгүй дахин дахин давтаж уншсаар байж билээ.Тэгтэл өнөөдөр би Улаанбаатар хотод “Шар хад”-ны сэтгэл мэдрэлийн “Завсрын тасаг”-т хэвтэж байх.Зарим нэг нь энэ газрыг галзуугын больниц ч гэдэг.Хэвтэж байгаа “Завсрын тасаг”-ийнхаа учрыг лавлаж асуувал галзуучууд гайгүйчүүд хоёрын голын зааг нь бололтой юм.Засал авбал гайгүйчүүд уруу шилжиж харин чадахгүй бол жинхэнэ галзуугын тасагт хоригдох бололтой.

Би энэхүү тэмдэглэлдээ өөрийнхөө зовлон, сэтгэлийн шаналлыг аль болохоор тусгахгүй байхыг зорьлоо.Учир нь нэг хүн надад “Хүнд зовлонгоо ярьж муу энергээ дамжуулах нь буруу зүйл” гэж хэлж байсан юм.Надад түүний үг зөв юм шиг санагдсан.

Би уулаас галзуу солиотой юм их бичдэг болохоороо заримдаа үүнээсээ бага зэрэг санаа зовдог байлаа.Харин одоо та бидний хэлж заншсанааар нэгэнт “Цайрсан” болохоор санаа амар бичьюү гэж бодно.Ингээд та бүхнийг жинхэнэ утгаар нь “Галзуу хүний өдрийн тэмдэглэл”-дээ урьж байна

Эхний өдөр

Цаг 18:00 болж байна.Цагийн дараа манай мэдрэлийн тасгийнхан теннис тоглоно гэсэн.Харин одоо тэнд архиныхан тоглож байгаа.Энд галзуу, мэдрэлийн согогтой, мэдрэлийн ядаргаатай хүмүүсээс гадна архаг архичид, архинд донтогчид олон байдаг.Ихэнхи нь 40-өөс дээш настай хүмүүс байх бөгөөд дөнгөж 22 –той намайг олзуурхсан харцаар ажиглацгаах нь инээдтэй ч юм шиг.Нэг нь намайг бүр xи PC-гээр ирсэн үү гэж асуусан.Гэхдээ надад Монгол хүмүүстэй хамт байх сайхан байна.Илүү дутуу зусарч бялдууч зан байхгүй “За ахын дүү сайхан эдгээд гараарай” гээд унтаж байсан намайг сэрээн өөрөө өрөөгөө орхин гарах залуугын үг цаанаа л нэг сэтгэлээсээ.Тэгэхэд би том даргаар мундагдуулан өчнөөн олон өвчин зовлонтой хүмүүсийн урдуур дайран, уул нь 5 хоног нэмүүлнэ гээд хөөцөлдөж байсан саяын залуугийн орон дээр “Хөдөөнөөс ирсэн хүү хотод гэр оронгүй” гэж худлаа яриулж орж ирснээ сүүлд нь л мэдсэн юм.Шар хаданд хэвтэхэд хүртэл арын хаалга хэрэгтэй байдаг гэж үнэхээр мэдсэнгүй.

Хаашаа ч харсан битүү гэр хорооллоор хүрээлүүлсэн хотын захын нэгэн дүүрэгт эмнэлэг маань байрлах ажээ.Надад бол энэ зураг хэтэрхий танил байлаа.Учир нь миний хамгийн жаргалтай үе болох балчих бага нас минь яг ийм гэр хороолол дунд шаагилдан өнгөрсөн.Өдөр болгон худгаас ус авч, өвөөтэйгөө үхэр хонь хариулан, өглөө болгон эмээтэйгээ үхрийн хөлдүү баас ховхолдогсон.Өвөө маань хөдөлмөр сургуулын захирал, эмээ маань насаараа бага ангийн багш байсан болохоор би сургуульд ортлоо хэтэрхий хүмүүжилтэй хүү болон өссөн.Ямар сайндаа л 4-р анги төгстөлөө миний хэлдэг хамгийн муухай хараал “Муу хог минь” байх вэ дээ.Сая би тарианы сувилагчаас асуусан.Энэ хавьд нэг хашаа байшин замтайгаа ойрхон нь 15-20 сая байдаг гэнэ.Ийм үнэтэй байдаг юм гэж бодож байсангүй.Нээрээ л тэр үеийн гэр хорооллоос одоо зөвхөн төрх нь л үлдээ биз дээ.Тэр үед бид нарын тоглодог тоглоом гэвэл бөмбөг мөргөлдүүлэх, дидандах(акомнё аримнё пульмонё буста !!!), лаазан дээр сууж гулгах, элсээр ордон барих, хлорын шохой буудуулах, жараахай тамлах, царцаа зодолдуулах, шоргоолзонд амьд царцаа барьж өгөх, чавхаар харвах, урхиар болжмор тагтаа барих, тугалын сүүлнээс чирэгдэх ... нэг иймэрхүү л байлаа.Хотод өссөн хүүхдүүд заримыг нь ойлгохгүй байх.Жишээ нь царцаа зодолдуулахад л гэхэд боксын царцаа, каратагын царцаа гээд олон янз.Шороон дээгүүр тугалын сүүлнээс чирэгдэхэд гутлын ул юу болох нь тодорхой.Хамгийн ур ухаан шаардсан бас сонирхолтой нь бөмбөг өнхөрүүлэх.Улаан шороог цементтэй зуурсан бөмбөг хамгийн бөх нь.Олон сарын туршилтын үр дүнд хийсэн нээлт байгаа юм.Ийм бөмбөгийг сэрүүн газар 3-4 хоног байлгаж байж сая тэмцээнд ороход бэлэн болно.Сэтгэл догдлоод л унтаж чаддаггүйсэн.Өглөө босонгуутаа хамгийн түрүүнд гүйж очиж бөмбөгөө харна.Заза манай тасгийнхний ширээний теннисний цаг эхэлсэн гэнэ.Буцаж ирээд үргэлжлүүлье.

2 дахь өдөр

Намайг хүчтэй тариа хийгээд унтуулсан бололтой.Өдөр 12 цаг өнгөрч байхад л сая сэрлээ.Уулзсан эмч болгон л намайг хурдхан шиг нэг найз охинтой бол гэх юм.Нэгнийг нь эдгээхийн тулд нөгөөхийг золиосонд гаргана гэх уул нь эмч хүний хэлэх үг биш л санагдах юм.

Өдрийн хоолоо идчихээд дахиад л нөгөө цонхоороо харлаа.Нөгөө л байшингууд яр тэр хэвээрээ.Орон сууцанд амьдардаг хүмүүс хашаа байшинд хүмүүсийг хараад их л өрөвдөцгөөх нь ажиглагддаг.Тэгтэл хашаа байшинд амьдардаг хүмүүс өөрсдийгөө тэгэж их зовж зүдэрч байна гэж боддог болов уу ??? Үгүй байх аа.Харин орон сууцанд амьдарч үзчихээд эргээд хашаа байшиндаа амьдарвал тэгэж бодож магадгүй.Уул нь зүгээр хашаа байшиндаа амьдарч байсан бол ингэж өөрийнхөө амьдралыг голж зовж шаналах явдал гарахгүй шүү дээ.Хүн бүр аз жаргал сайн сайхныг эрж хайдаг ч хэрвээ тухайн аз жаргалаа эд зүйлс материаллаг зүйлсээс хайх юм бол энэ нь түүнд аз жаргал битгий хэл зовлонгийн үүрийг авчирдаг.Учир нь хүний шунал гэдэг услах тусам хатаж ширгэх тариан талбайнаас өөрцгүй бөгөөд тэр хэмжээ хязгааргүй шунал бодит байдалтай үргэлж зөрчилдөж байдаг.Мэдээж өөрийнхөө хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө дуртай зүйлсээ худалдан авч гоё ганган хувцас өмсөж, үнэтэй утас барин хараа дээгүүр сэтгэл бардам амьдрах сайхан л даа.Ийм тансаг амьдралаа бататгахын тулд өндөр боловсрол эзэмшин сайн ажилд орж бүх насаараа санхүүгийн эрх хүрч чадвал бүр сайн.Тэгтэл ингэснээр аз жаргалд хүрч чадна гэж үү.Мөнгөөр дутагдсандаа биш мөнгөнд хахсандаа амиа хорлогчид олон.Уул нь маш харьцангуй ойлголт юм л даа.Зарим нь тохилог орон сууцаа хувийн эдлэн газраар сольж чадахгүйдээ шаналж суухад харин зарим нь энэ хотын захад ч болтугай хашаа байшин олдсонд нь баярлаж хөл нь газар хүрэхгүй элдэв хадаас банз цуглуулан гүйх жишээтэй.Хөдөөний мал хариулдаг эгчдээ АНУ-д амьдардаг дүү нь LV-ийн цүнх бэлэглэвэл цаадах нь аягүй бол цагаан сараар тааралдсан нэгэндээ бариад өгчихнө дөө.Аз жаргал гэдэг оюун санаанаас үүдэлтэй.Сэтгэлийн хамгийн дээд таашаал сэтгэлээс л ирдэг.Үүнтэй ижил сэтгэлийн хариуд сэтгэл ирдэг.Үүний эсрэг “Ахуй анхдагч” гэдэг үг байдаг.Эхлээд идэх хоолтой болчих дараа нь гүн ухаан ярь гэсэн үг л дээ.Тодруулбал хүн юуны түрүүнд амьдралын тулгуур болох 3 төрлийн хэрэгцээг хангасан байх ёстой байдаг.Үүнд идэх хоол, өмсөх хувцас, орогнох байр орно.Үнэхээр энэ 3 хэрэгцээ хангагдаагүй тохиолдолд оюунлаг амьдрал, гүн ухаан ярих нь дэмий зүйл юм.Харамсалтай нь хүмүүс эдгээр хэрэгцээгээ хангасны дараа орон байраа яаж сайжруулах вэ, яавал илүү гоё хувцас өмсөх вэ, ямар хоол илүү гоё вэ гэдгээ түрүүлж бодохоос биш би хэн бэ, яах гэж ирсэн бэ, юуны төлөө ирсэн бэ, юу надад илүү үнэ цэнэтэй вэ, миний зорилго юу вэ, яавал бусдын гаргасан мөрөөр явах биш өөрөө амьдралынхаа эзэн нь байх вэ гэдгийг огтхон ч боддоггүй.

Надад ямар тариа тарьчихсан юм бүү мэд толгой тархи хүндрээд юм бичихэд хэцүү болж байх шиг байна.Би үнэндээ энэ олон утга учиргүй тариаг сайн ойлгодоггүй юм.Тэгтэл зарим нь бүр нэхэж ирээд л хэрүүл маргаан үүсгэн байж ганц дусал нэмүүлэхийг нь яана.Нэг ах бүүр инээдтэй “Ахын дүү чиний судсаар чинь бөөн битмээн ороод л чи тэгээд л ЦЭМБИЙГЭЭД л босоод ирнэ” гэсэн.Ямар ч утгагүй хэхэ 15:00 цаг

Сая л сэрлээ дахиад л унтуулцан бололтой юм нар жаргаж байна.Дүүргээгээ тог тасарсан гэнэ.Дахиад унтуулах бас харанхуй болохоос нь өмнө сүүлчийн гэрлээр тэмдэглэлээ бичиж байна.Хоол байтугай эм уух ус ч алга.Хүнээс ойр хавьд “Түц” хаана байдаг юм гэж асуутал “Чи чинь хэдэн оноос ирсэн хүн бэ ???” гээд учиргүй шоолов.Уул нь Багшийн дээдийн автобусны буудал дээр түц харах шиг л болсон юмсан.Би нээрээ 2 хонохдоо ганц халбага олчихож чадахгүй өгсөн хоолыг нь сорж идэх гэхээр заримдаа ёроолд нь үлдчихээд байх юм.Заримдаа бүүр аягаа тонгойлгосон ч унахгүй гээч.Манай мэдрэлийнхэн архины хэдэн эгч нарыг оруулж ирж тоглоно гэсэн.Цоглог ч гарууд юм даа.

3 дахь өдөр

Сэтгэл зүйч надад “Шийдвэр гарч байж алхам хийгддэг юм” гэж хэлсэн.Болгоомжгүй ярьж байх шиг санагдсан.Магадгүй зарим зүйд дээр бол өөр байх л даа.Жишээ нь TOEFL-ийн шалгалт өгөх гээд шийдэж ядаж байгаа хүүхдийн хувьд бол бол эхлээд шалгалтандаа бүртгүүлчихвэлд дараа нь мөнгөндөө харамсаад ч болтугай шалгалтандаа бэлдэж магадгүй юм.Тэгтэл хоорондоо олигтой таарахгүй салж нийлэхийн олсон дээр дөнгөн данган тогтож байгаа хосуудад энэ үг хэрхэн нөлөөлөх бол.Эхлээд сална гээд хэлчих тэгээд аажим аажимаар сал гэсэн үн болноо доо.Уул нь бие биенээ ойлгох гээд хичээвэл буцаж нийлээд сайхан амьдарч ч болох шүү дээ тийм биз дээ ?? Надад харин өөр нэг эмчийн хэлсэн үг таалагдсан.Сэтгэл зүйн эмч гэдэг бол зөвхөн сонсох л үүрэгтэй гэж.Эцсийн эцэст хүн зөв хариултыг өөрөө л олдог.Тэр эмч хэзээ ч миний өмнөөс хариуцлага хүлээхгүй шүү дээ.

Кашаа уугаарай, гэсэн дуугаар аягаа барьж очоод өөртөө аягалтал эмч надад “Дүүргэхгүй шүү” гэлээ.Би уул нь жижигхэн л аягатай ирсэн юмсан.Гэхдээ би Монгол эмч нарт хайртай.Үнэндээ бол аягатайгаа идчихээд дахиад нэмье гэсэн ч өгөх л байх.

Та нар намайг гайхаж байгаа байх л даа.Бичсэнийг нь харахаад гайгүй л юм шиг байх юм,”Энэ ер нь яг яачихсан нөхөр вэ ???” гэж.Маш хариуцалагатайгаар хэлэхэд бүх зүйл ямар ч маргаангүй надаас өөрөөс минь болсон юм.Хүн энэ хорвоо дээр хэлсэн үг хийсэн үйлдэл бүрийнхээ төлөө хариуцлага хүлээдэг.Би уул нь хүний эд хөрөнгийг эвдчихвэл ямар ч аргааг хамаагүй төлөөд өгчих ухамсартай хүн л дээ.Тэгтэл бусдын зүрх сэтгэлийг шархуулж гомдоосон учраас ялыг нь сэтгэлээрээ амсаж сууна.Дээрээс нь би муу муухай зүйл олныг хийсэн ч уг “хүн” нь тийм муу хүн биш учраас хийсэн зүйлдээ гэмшиж суугаа минь л энэ байх.

Тиймээс хүн та битгийн санаа зов !!! Учир нь хорвоо өөрөө хэтэрхий тэгш шудрага юм.Баян тансаг, эрх мэдэлтнүүд нь жаргаад ядуу зүдүү нь зовоод байгаа юм огтхон ч биш.Мөнгө нь ихдэж шуналандаа живэн зовж тарчлан байгаа баян авгай, мөнгөөр гачигдаж дутагдсандаа өлсөж ядарч яваа залуу бүсгүйн зовлон угтаа нэг л зүйл юм.Хамгийн жаргалтай харагдах хүн хэрэг дээрээ хамгийн зовлонтой байх нь бий.Хүний хууль үйлчлэхгүй байж болно.Харин байгалийн хууль бүхнийг маш шудрага шүүдэг.Үүнд эргэлзэх хэрэггүй.

Заза намайг дуудаж байна.Манай палатны нэг ах, “Архины 5 палат”-ны нэг ах хоёрыг үдэж өгөх “ПАРТИ” өнөөдөр зохиогдох юм гэсэн.Энд хүртэл ийм юм болдог гэж яаж мэдэхэв дээ.Гэхдээ намайг удахгүй нөгөө эмээд өгөөд унтуулчих байх л даа.

4 дахь өдөр

Ойлгомжгүй утгагүй байдлууд ар араасаа үргэлжилсээр .... Теннисний өрөөний цаад талд цаанаа л нэг ёозгүй дүнсийсэн бүргэд хаалга бий.Тэр бол архаг архичдын өрөө.Тийшээ ихэвчлэн эрэгтэй хүмүүс орохоос гадна эмэгтэйчүүд ч бас орох аж.

“Охидуудыг молиго үмхүүлж байгаад нэг сайн шаагаад л хаях хэрэгтэй” гэх мэтийн заавар өгөх 50 шахсан намбагүй өвгөн.Нэг л том том ярьсан томчуул хаа сайгүй.Би толгой дохин сонсож байгаа дүр үзүүлэн тэдэнд буян болно.Тэд солонгос явж ирснээ их л сүр болгон ярина.Гадаад явж нүд тайлаад ирсэн хүмүүстэй би одоо юу ч ярих вэ дээ.

Манай нэг хамаатан надад нийтлэлч Цэнддоогийн бичсэнийг уншсанаа ярьж байсан юм.Комплекс гэдэг зүйлийн талаар.Сонссоноо товчхон тайлбарлавал хүн өөрөө хийж чадаагүй зүйлээ үр хүүхдээрээ заавал хийлгэх гэж оролдохыг хэлдэг гэнэ.Их сургууль төгсөөгүй эцэг эхчүүд өөрсдөө бүх насаараа боловсролгүй бүдүүлгээрээ гадуурхагдаж явснаа санан санан өөрийнхөө хүүхдийг ямар ч аргаар хамаагүй заавал аль нэг их сургууль төгсгөх гэж улайрна.Хэрвээ өөрөө гадаадад сурахыг мөрөөддөг байсан бол хүүхдээ Эрээнд ч болтугай сургуульд оруулж байж санаа нь амарна.

Би мэднэ.Багадаа их ядуу өссөн хүүхдүүд “би том болоод заавал баян болно” гэж өөрөө өөртөө амладаг.Үүнтэй уялдаад нэг жишээ санаанд орж байна.

Миний сайн танидаг нэг ах хүү бий.Гуч хол гарсан, одоо хүртэл ганцаараа номын хүн.Арав шахуу жилийн өмнө түүнд ийм явдал тохиолджээ.Тэрээр аминаасаа илүү хайртай нэг найз охинтой байсан ба цаадах нь ч гэсэн өөрт нь их сайн байсан гэнээ.Тэгтэл нэг л өдөр аянга ниргэх шиг болж өнөө охин нь эцэг эхийнхээ ятгалгаар Канадад амьдардаг боломжийн амьдралтай залуутай суухаар болжээ.Хувь заяаны шоглоом !!! Хоёр салаа замын нэгнээр нь л явж болдог.Охин баян залууг сонгосон.Уул нь хайр сэтгэлээ дагасан ч хоёулаа нийлээд зүтгэвэл хэний ч доор орохгүй амьдраад байж болно.Тэгтэл яагаад хамгийн нандин зүйлээ уландаа гишгэн байж хайртай хүнээ гомдоон гомдоон алс нутгийг зорих болов ??? Асуултын тэмдгийн ард учир их бий.Энгийн бүдүүлгээр харвал “Мөнгө харсан охин тансаг амьдралд дурлажээ” л гэх биз.Тэгтэл охинд ийм сонголт хийх өөр далд шалтгаан байсан байж.Түүнийг мэдэхийн тулд охины түүхийг сөхөх хэрэгтэй.

Охин багаасаа үгээгүй хоосон айлд ядуу тарчиг өсчээ.Комьютэрээс хурдан ажиллах охины бяцхан тархи ядуу хүн яаж бусдын доор ордгийг, цаг нь тулахаар шудрага ёс гэдэг мөнгөний өмнө юу ч биш болохыг энэ насандаа хэзээ ч мартахгүйгээр нэгд нэгэнгүй бичиж авчээ.Бусад хүүхдүүдэд бүгдэд нь байгаа тоглоом яагаад зөвхөн өөрт нь байхгүй байгааг, энэ бүхний буруутан өнөөх л МӨНГӨ болохыг охин хэтэрхий эрт ухаарчээ.Нас нь ахих тусам мөнгөний үнэ цэнийг улам илүү мэдрэнэ.Хөл муутай хөгшин эцэг нь чухам юунаас болж өдөржин зах дээр бусдад аз үзэгдэн тэрэг түрдгийг охин сайн мэдэж байлаа.Одоо түүний хувьд мөнгө бол хэрэглээ биш харин амьдралынх нь зорилго бас дайсан нь болжээ.Өөрийг нь болоод гэр бүлийг нь насаар нь зовоосон мөнгө гэгчийг цүнх цүнхээр нь олж муусайн ядуусын нүүр лүү шидэх болно гэж охин өөрөө өөртөө сэмхэн андгайлна.Үүнээсээ болоод хичээлээ ч маш сайн хийж мөнгө олоход өөрөөсөө шалтгаалах бүх зүйлд улайран зүтгэнэ.Мөнгө түүнийг хурцалж байлаа.

Одоо эргээд ярианы эхэн рүү очицгооё.Асуулт.Охин хайр дурлалаа сонгох болов уу эсвэл мөнгийг сонгос болов уу ??? Хариултыг бүр дээрээс хайя.Багадаа авч чадаагүй зүйлээ том болоод ямар ч аргаар хамаагүй авах гэж улайрах нэг төрлийн КОМПЛЕКС.

Миний дүгнэлт.Ямар ч зүйлийг байгаа мөн чанараар нь л харах хэрэгтэй.Хувцасны мөн чанар уул нь хүнийг хүйтэнд хөлдөж үхэхээс хамгаалах л юм шүү дээ.Үүнээс жаахан цаашилбал нүцгэн биеийг халхлах, бүүр цааш нь моод гангараа болох жишээтэй.Мотортой, 4 дугайтай хүн тээвэрлэж болж л байвал энэ чинь уул нь машин мөн биз дээ.Яг үүнтэй ижил мөнгө гэдэг бол хүнийг сайхан амьдрахад зориулагдсан нэгэн төрлийн хэрэглээ юм.Гэтэл энэ гаргалгаа эсрэгээрээ ажиллаад байх шиг.Тэр охин л гэхэд мөнгөний төлөө хайртай залуугаа хаячихаж байгаа биз дээ.Хүн мөнгөөр гачигдаад байгаа юм биш дээ.Хүн шуналдаа идэгдчихээд байгаа юм.Хүн байгаагаа голж байхгүйдээ шаналдаг.Шаналсандаа юу ч хийдэггүй.Үүндээ гутраад ууна, уухаараа өөрийгөө өрөвдөнө.Өрөвдөх тусам улам өрөвдөлтэй болно.Тэгээд солиорно.Дараа нь бүгд энэ Шар хаданд ирж хэдэн эмч нарыг зовооно.Зовооно ч гэж дээ ажилтай болгоно.Амьдрал ч шоглоомтой доо.Хүн өвдөхгүй бол эмч нар ажилгүй, хэрэг гарахгүй бол цагдаа нар хоолгүй.Гэхдээ бүгд ард түмний төлөө нэр зүүсэн цагаан гартнууд.

Харин мөнгөний тал дээр миний дүгнэлт ийм байна.Амьдрах овоохойтой, өмсөх хувцастай, идэх хоолтой, энэ гурван хэрэгцээгээ бүрэн хангах чадвартай болчихвол тэгээд л жарга.Яаж гэж үү ??? Сонин байгаа биз ??? Хамгийн хэцүүг нь шийдчихээд амарханд нь бүдэрчихдэг ????

6 дахь өдөр

“500 төгрөг өг тэгэхгүй бол шаана шүү, надад хууль үйлчлэхгүй, хүүхдийг чинь энэ чулуугаар шаана шүү..... Гэртээ харьж нэг хоночихоод буцаад эмлэгтээ иртэл “Шар хад” намайг иймэрхүү л байдалтай угтлаа.Би эхэндээ тасгаасаа оргосон галзуу байна гэж бодоод жаахан айсан ч, ядарсан нэгнийг айлгаж мөнгө салгадаг луйварчин гэдгийг нь удалгүй мэдсэн тул түүнийг цагдаад аваачиж өглөө.Цайчихсан юм.Өрөөндөө орж иртэл бүх зүйл нэг л танил, харин хүмүүс нь солигдсон байсан.Сонин юм даа, Би “Шар хад”-нд дассан бололтой.Уул нь бичих зүйл маш их байна.Даанч сая уусан эм үйлчилж байх шиг байна нойр маш их хүрж байна тэгэхээр маргааш л үргэлжлүүлэхээс .....

7 дахь өдөр

Би ёстой аймар чанга орилсон.Бүр аймар.Хайран ч бөгс минь.Шинэ тариа нэмчихэж.Аягүй сонин тариа нь нэмэгдээд л байгаа.Хэд хоногийн өмнө бас нэг эмч намайг аймар өвтгөж тарьсан.Учиргүй л надтай Солонгосоор яриад эхэлсэн юм.Тэгэхээр нь өөдөөс нь Солонгосоор ярьсан чинь бүр хөөрчихсөн.Миний бодлоор хажууд нь өөр бас нэг эмч байсан юм тэгээд л тэрэндээ Солонгосоор ярьдаг гэдгээ гайхуулах гэж тэгсэн байх.Түүнээс хэлний хувьд үнэхээр авах юмгүй байлаа.Яагаав нөгөө “Таны нэрийг хэн гэдэг вэ ?? ” гэхээр өөдөөс “Аанхаан тийн” гээд байдаг хүмүүс байдаг ш дээ.Сүүлдээ миний бүр санаа зовж орхив.Намайг тэмээ гэхээр тэр ямаа гээд.Би ядаж байхад ямааных нь хэлийг ойлгохгүй юм.Санаа зовоод монголоор ярьж эхэлтэл “эгч” тэнд зогсохоо мэдэхгүй жийгээд байдаг.Тэгэж байгаад зүүгээ алдан судасны гадуур баахан шахаад намайг алах шахав.Сандраад үхэх гэж байж л нөгөө Солонгосоороо яриад байх юм, “Айгүү айгүү” гэнэ үү.Тэгэснээ миний муу судас уруу буруугаа чихэж үзэв.Сохор эмгэн хатгасан ч амсуулаад л авахаар гүрийсэн судастайгаа мэдэх болохоор “судас”-аа жаахан өмөөрөх гэснээ заза хөөрхий амьтан ядаж найздаа ч болтугай жаахан “додигор” харагдаг гээд больчихсон.Үнэндээ Монголд ийм хүмүүс зөндөө л байдаг.Ялангуяа Солонгос хоолны газар орохоор Монгол үйлчлэгчтэй албаар Солонгосоор ярих гэж оролддог хүмүүс их тааралддаг.”Кимчи иссо ?? Аа, иссо иссо” гэдэг ч юм уу.Тэгснээ учиргүй бүх зүйлийг муулдаг.Ямар газраас юу хийж байгаад ирснийг нь мэдэх бодохоор, жаахан онгирч сагсуурч байг дээ гэж бодогдоно. Хүн нисч явах яах вэ, тэгэж нисч яваад тэр чигээрээ хорвоог орхивол би лав азтай хүн байна л гэж бодно.Тэгтэл нисч яваагаа мэдчих вий гэхээс өмнөөс нь айдас хүрэх юм.Тэгвэл шууд унана даа, маш чангаар.Тэгэж унах их өвддөг.Дахиад хөл дээрээ босч ирээд алхаж суртал бас их л юм болдог юм.

8 дахь өдөр

Нүүрээ ч угаалгүй дөнгөж боссон арзгар үстэй чигээрээ гэр хорооллын дундуур жаахан алхлаа.Үнэндээ энд ирснээсээ хойш анх удаа ингэж нар салхи үзэж гадуур алхаж байгаа минь энэ.Хажуугаар зөрөх хүмүүсийг хартал надаасаа ялгагдах юм алга.Халтайсан арзгар үстэй.Энд тэндгүй жаахан хүүхдүүд гүйлдэнэ.Ихэнх нь урдаас орж ирсэн чанар, загвар муутай хувцас өмсөнө.Гэхдээ би нэг зүйл ажигласан.Хүүхдүүдийн нүүрэнд инээмсэглэл, баяр хөөр тодорч байсан юм.Тэгээд би ингэж бодсон.Хэтэрхий ялгаатай энэ хорвоо дээр амьдарч байгаа бүх хүмүүсийг хэмжих ганц л хэмжүүр байдаг юм байна даа гэж.Тэр бол сэтгэл ханамж юм.

Би нэг сургуулын үүдэн дээр хэсэг сууж хүүхдүүдийг ажлаа.Гэнэт тэндээс үнэн цоглог үстэй нэг бацаан гарч ирэв.Дээрээс нь эвгүй шил энгэрээсээ зүүчихсэн.Томдсон костюмний өмдөн дээр бандгар хар гутал шидцэн.Харц марц үнэн додигор, бас ихэмсэг.Бацаанаас бараг л гэрэл цацарч байлаа.Цаанаа л нэг баавартай энэ бацаан “бүтээнэ сөнөөнө” гэсэн алхаагаар над уруу чиглэсээр айсуй.Ах бараг л сүрдчихсэн сууж байтал миний хажуугаар өнгөрөөд явчихав.Эргээд харсан ард ....Ёооё зүгээр л МИСС.Хэлэх үг олдсонгүй, задгай тависан үсэндээ 2 өнгийн сор оруулжээ.Жижигхэн майжиг хөлөндөө эвгүй ягаан трико угласан охин зогсож байлаа.Зогсолт могсолт нь цаанаа л нэг донжтой, урд хөлөө хайнгадуухан урагшаа хаяж нөгөө хөл дээрээ ташаагаа зугуухан авчирсан байх.Харц нь бүх л “Шар хад”-ыг гэрэлтүүлэх мэт.Ялдамхан болоод аальгүй.Дурласан сэтгэлээ найз баидид нь мэдэглдчихгүйн тулд өөрийн мэдэлгүй ангайн гайхшрах амаа арай хийн хамхиж суулаа.Тэгтэл манай босс охины дэргэд очингуутаа гараа ташаандаа аван нэг юм хүлээх мэт зогсоно.”Сугад” гэсэн биеийн хэлийг төвөггүй ойлгосон охин аальгүйтсэн харцаар бацаан луу жоготой нь аргагүй харснаа эвлэгхэн сугадаад авлаа.За ер нь бол тэгээд л тэр алхаа малхаа...... Эвгүй дээ эвгүй.Бөөн жаргал, хайр дурлал ..... Гэхдээ өөр ер нь юу хэрэгтэй юм бэ

Орой.

Гадаа салхигүй байхаар нь гадуур гарч баахан алхлаа.Би аль дээрээс хойш одоогийн гэр хорооллын хүмүүс яаж усанд ордог юм бол гэж боддог байсан юм.Тэгтэл замын хажуу талд “Халуун ус” гэсэн хаягтай улаан байшин харагдлаа.Яваад очтол ус халаадаг өрөө бололтой 2 том зуух тавьсан нэг өрөөнөөс настайвтар өвгөн гарч ирэв.”Ах аа усанд ороход ямар үнэтэй вэ ???” гэж асуутал 1500 гэж дургүйлхсэн маягтай хариуллаа.Өвгөн намайг тасралтгүй хараад байсан тул би тэгэсхийгээд тэндээс холдов.Намайг буцаад явах замд усанд орох гэж байгаа бололтой гялгар ууттай юм барьсан залуухан хүүхэн хажуугаар зөрлөө.Нэг л мэдэхэд нар аль хэдийнээ алга болж гадаа харанхуй болсон байсан.Үс толгой нь сэгсийж, нүүр ам нь хавдсан, өмхий үнэртэй бараг л “аймшигтай” гээд хэлчихэж болохоор хүмүүс энд тэнд тааралдана.Ихэнх зам нь шороон зам тул хажуугаар машин өнгөрөх болгонд бөөн шороо хийсч ирэн хамар ам уруу цутгана.Дээрээс нь эзэнтэй үгүй нь үл мэдэгдэх баахан тэнэмэл нохойнууд.Араас ирээд зуучих гээд байгаа юм шиг маш эвгүй.Гэхдээ нохойноос зугтаж болдоггүй харин ч тоогоогүй дүр үзүүлдгийг мэдэх болохоороо би дотроо баахан айдастай бөөн нохойн дундуур чимээгүй гарч явав.Тэгтэл энд 6,7- хон настай бага ангийн хүүхдүүд аанай л өдөр гадаа тоглож байдаг шигээ энд тэндгүй гүйлдэж байлаа.Итгэмээргүй юм хөсрийн архичид, жаахан хүүхдүүд нэг дор, нэг гудамжинд, тэгээд бүр харанхуй шөнөөр шүү дээ !!! ”Кино прокат PC Game” гэсэн хаягтай жижигхэн тоосгон байшинд орлоо.”Цаг нь хэд вэ ?” гэтэл “400 төгрөг” гэлээ.Нэг цаг аваад суутал надаас бусад нь бүгд бага ангийн сурагчид байлаа.Тоглож байгаа тоглоомыг нь хартал Warcraft.Би бүр багадаа тоглодог байсан Red Alert гэдэг тоглоомоо хайтал байсангүй.Тэгэсхийгээд тэндээс гарсан.Харин тэнд шөнө болчихоод байхад гэртээ харихаа мэдэхгүй жаалууд тоглоомондоо улайран үлдсэн.Нөгөө МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ-нүүд минь шүү дээ.Кармаандаа 1700 төгрөгтэй.Дэлгүүр ортол үнэндээ авах юм байсангүй.Харин намайг гарахад нэг хүүхэд “Өчигдөр нэг 12-той бацаан гудамжинд тасарчихаад намайг элдэв янзаар нь хэлээд, гэхдээ би ч гэсэн жаахан явчихсан байсан л даа, тэгээд л танай дүүд чинь янз бүрийн юм ярчихсан юм шиг байна лээ ” гэх мэтийн том яриа дэлгүүрийн худалдагч залуутай өрнүүлээд зогсож байх нь чихэнд сонсогдсон.Би тэндээс гараад арай том дэлгүүр лүү орсон ч бас л авах юм байсангүй.Харин яг гарахын алдад “JuicyFruit гэдэг шар өнгөтөй бохь нүдэнд тусч 300 төргөгөөр нэгийг худалдаж авлаа.Би жаахан байхдаа дандаа 250-аар авч зажилдаг байсан юм.Гоё амттай ч гаа нь маш амархан гардаг.Ингэсхийгээд буцаад эмнэлэг рүүгээ явсан.Шар хадны эмнэлгийн хашаагаар ортол “Хүлээн авахын” урд байдаг 2 саравчин дээр нөгөө “бухан бяруунууд” шаваад авсан байлаа.Бараг 8,9 ангийн болов уу гэмээр бөөн “стиль” болсон дээрээс нь өөрсдийгөө мэдэрцэн бацаанууд орой болгон энд цугладаг юм.Би тэд нарт “бухан бяруу” гэж нэр өгсөн.Хаяа тэднийг ажиглах их хөгжилтэй.Учир нь нөгөө саравч нь яг манай палатны цонхны доор байдаг юм.Би эхлээд их гайхдаг байлаа, яагаад заавал энд цугладаг юм бол гэж.Тэгтэл өнөөдөр оройныхоо аяллаар би тэдний цуглаж болох хамгийн боломжийн газар нь энэ юм байна гэдгийг мэдсэн юм.Чааваас даа Монголын залуучуудын хамгийн тохилог сайхан цагаа нөхцөөх газар нь “Шар хадны” хашаан доторх 2 ширхэг ямбий саравч.Сая мэдээгээр хэлж байна лээ.Улаанбаатар хотод 180.000 өрх гэр хороолод амьдардаг гэж.Нэг айлд 3 хүүхэд байдаг гэж бодвол бараг 540.000 хүн гэр хороололд байдаг болж таарах.Дээр нь бусад аймгууд, мөн хотын захын дүүргүүдын амьдрал үүнээс нээх дээрдээд байх зүйлгүй.

Үүнийг гадаадад сурж байна гэж даналзсан, худлаа “Чингис, Хөх тэнгэр” ярьж бусдын өмнө өөрийгөө шараа болгох учраа мэдэхгүй тэнэг бацаанууд ойлгоосой.”Монголоор дүүрэн ЖИП” унасан хүмүүс, “Манайхан чинь аймар баян юм байна лээ ш дээ” .... энэ яриа чинь зөвхөн нийгмийн өчүүхэн нэг жижиг хэсгийн тухай л яриа шүү дээ.Монголд дийлэнхи нь ядуу амьдарч байгаа.Тэр амьдралыг би сая нүдээрээ үзлээ.Тэгтэл тэнэг бацаанууд өөрсдийнхөө хүрээгээр, тэднийхээ амьдралаар монголыг сэтгэцгээнэ.Тэд үнэндээ монголд ирээд бараг автобусанд ч суудаггүй.Ял гүйцэтгээд ирсэн юм шиг учиргүй гэр орноо санаснаа гайхан эцэг эхийнхээ мөнгөөр шоудаж шоудаж байгаад л буцдаг.Өгсөн мөнгийг нь ч олигтой зарцуулахаа мэдэхгүй “хэт баячууд”-ын хүүхдүүдийг дагаж сарын мөнгөө долоо хоногт дуусгачихаад дараа нь “гоймон идсэн оюутны амьдралаа” өрөвдөнө.Юу ч суралгүй “1000 орчуулагч”-ын тоог л нэгээр нэмнэ.Тэгтэл ямар том том яриатай гээч.”Улс төр”,”Төрийн бодлого”,”Хөгжлийн гарц”-гээд ярихгүй юм байхгүй.Аав ээжийнхээ босгосон бэлэн компаний менежэрүүд .... Ирээдүйн захирлууд .... Ядаж сайн тогооч болоод ирээсэй.Тэгвэл сард саяыг авна даа.

Мэдээж ядуусын өмнөөс хэн ч хариуцлага хүлээхгүй л дээ.Хичнээн сайн төр байсан ч өөрсдөө олхиогүй бол ямар ч арга байхгүй.Нийгмийн масс нь “хоосон” байхад сайн төр байна гэдэг ч боломжгүй зүйл.Гагцхүү арай гайгүй боловсролтой гэгдэх, гадаадад сурч юм үзэж нүд тайлж яваа “хагас сэхээтэн” залуус маань ч болтугай Монгол улсынхаа “Өнөөгийн бодит байдал”-ыг бодитоор нь мэдэж аваасай л гэж хүссэн юм.

9 дэхь өдөр

Гоё дуу сонссон чинь сэтгэл санаа өөдрөг байна.Түрүүн зурагтаар ямар ч гэнэ вэ нэг улсад ард иргэд нь улс төрийн бослого гаргаснаас болж энгийн иргэд цагдаа хоёрын дунд мөргөлдөөн үүсч 56 хүн үхсэн тухай гарлаа.Түүнийг сонсож байсан эмгэн надад хэлсэн нь “Уул нь энэ гадаадад чинь зөндөө олноор нь алдаг юм байна ш дээ” .... 7 сарын 1-ий талаар ярьж байгааг нь таамагласан би золтой л “Манайд тэгвэл арай багадуулчихаж дээ тээ” гээд хэлчихсэнгүй.Гэхдээ эмгэн өөрөө эхэлж шог юм ярьсан л даа хэхэ.

Би гэж нэг л их эрхэлсэн хүн.Гэхдээ бүгдээрээ л надад их сайн.

Би нээрээ санаснаас дандаа юмаа хаячихдаг нэг муу зантай.Би тэгэхдээ хэзээ ч өөрийгөө юм хаячихлаа гэж бодож үзээгүй.Бараг араас нь харамсч ч үзээгүй гэх үү дээ.Яагаад гэвэл угаасаа л би хаяагүй нь үнэн юм чинь.Би юу боллоо гэж өөрийнхөө юмыг албаар хаях вэ дээ.Тэд нар өөрсдөө л намайг хаяад явчихдаг юм.Тэгэхээр чинь одоо би яахав дээ тийм биз дээ.Надад угаасаа хэзээ ч ямар нэг эд хөрөнгө гэж юм байгаагүй.Угаасаа байх ч боломжгүй.Тэд хэзээ нэгэн цагт бүгд намайг хаяад л явна.Нэг бол би өөрөө ч юм уу.Нэг үгээр “муу найзууд” гэх үү дээ.Намайг хаяж явахгүй зүйл гэвэл би өөрөө, миний гэр бүл, хэдхэн найзууд, бас миний найз охин ингээд л болоо.Эхний хоёрын хувьд яриа байхгүй.Харин сүүлийн хоёрыг би битгий хаяж яваасай л гэж боддог юм.Гэхдээ надад бүх зүйлийг өөртэйгөө цуг байлгах гоё арга байгаа.Нүдээ аниад л болоо.Хэнийг ч дуудаж авчирч болно.Хэдэн цаг ч хамт байсан болно.Би гэхдээ цоглог л доо.Гэхдээ миний бодлоор би эд юмстай болвол байшин, машин эд нэр л аваад баймаар юм шиг байгаа юм.Ядаж л хаягдахгүй амар ш дээ тийм биз дээ.Ингээд сүүлд нь юм хумаа хаячихаад сэтгэлээр уначихсан сууж байгаа хүмүүст хандаж хэлэхэд нэгэнт өнгөрсөн юмны хойноос, бас хэзээ ч чинийх байгаагүй ирээдүйд байх ч үгүй юмны араас юугаа хийж шаналж суухав дээ л гэж хэлмээр байна.Харин өөрийгөө хаячихсан бол ч өөр шүү.Хамгийн хямдхан юмнаас аз жаргалыг олж сурах хэрэгтэй.Жишээ нь над шиг нүдээ анидаг ч юм уу ....

8 comments:

Anonymous said...

7dahi udur bolson yvdal chin unheer ineedtei alia bailaa.kkkkk

Anonymous said...

keep moving forward

Anonymous said...

olon blog unshij bgaagui ch chinii bichsen niitleluud salhiin argagui amttai blaa. Olon zuilsiig uguilj bas nadaa nuluulj bh shig bn... Iluu ihiig bicheere :)

Anonymous said...

Sain bainuu ih taalagdlaa, bi huuhed nasaa shar hadand shoroon deer togloj osson, hezee ch baigaagui az jargal erh choloo nadad baisan...mash ih setgel hodlon unshlaa.

Unknown said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

юм гэдэг их сонин юм. миний салж хагацах юм сан гэж туйлын хүсэл болон байж салсан тэр гудамж танихгүй хүний нүдээр ингэж харагддагийн байжээ. зарим хүн миний мэддэг ертөнцийг байгаагаар нь харсандаа баярлаж байхад би яг таны мэддэг ертөнцрүү очих гэж, олон оронд сурч арай өөр амьдрах гэж мөрөөдөж,хичээж сурч явна. инээдтэй юм.цаг хугацааг тооцож үзвэл аягүй бол тэр саравчинд сууж байсан нөхдүүдийн нэг нь би байсан ч байж мэдэх л юм

Anonymous said...

Шар хадны гэх энэ эмнэлгийн 3 болон 5 дугаар тасаг, бусад хурц гээд байгаа хүмүүсийн тасгийн ажил хөдөлмөрийг шалгаасай, тэдний яаж ажилладагийг хянадаг байгууллага байдаггүй юм шиг санагдсан. Тэнд ажилладаг асрагч, сувилагч нар тэнд байгаа хурц хүмүүсийн зүгээр л өөрсдийн тоглоом шоглоомоо болгож, дуртай үедээ хүлж боож байдаг, тасаг дотроо дуртай үедээ тамхи татаж, сэтгэцийн өвчтэй хүмүүсийнхээ дунд нь ширхэг тамхи шидээд л өлсгөлөн нохойд дунд нь яс шидэж байгаа мэтээр тэрийгээ харж баясаж хөөрч байдаг. Асрагч сувилагч нар бараг өөрсдөө энэ хүмүүсээсээ дутахааргүй сэтгэцийн өвчтэй болчихсон, тэднийгээ зодож, занчиж, орилуулж, тэрэндээ таашаал эдэлж суудаг гэвэл та нар итгэх үү? Энэ бол үнэн юм шүү, тэд энэ байдлаа дээш нь мэдэгдүүүлэхгүй гадагшаа мэдүүлэхгүйн тулд маш олон тагнуул дотроо тавина, эрүүл хүнийг тамласаар зовоож, зодсоор орилуулсаар, ямар ч эм өгөөд байгаа нь мэдэгдэхгүй элдэв хүнд төрлийн хүчтэй эмнүүд эмчийн бичиж өгсөн заавраас нь нэмж өгдөг гээд элдэв но-той асуудлууд, хүний эрх энд маш ноцтойгоор зөрчигддөг гэвэл хэн ч итгэхгүй, яагаад гэвэл энэ асуудлаа тэд гадагшаагаа гаргадаггүй, эмч нь хүртэл тэдэнтэйгээ эвлэрчихсэн, шөнийн ээлжиндээ архи уугаад л мансуураад явдаг эмч нар байна. Энэ тухай үнэн бодит түүх мэдмээр байвал доор утас имэйл-ээ үлдээ, энэ явдлын жинхэнэ гэрч, тамлалыг нь эдэлсэн хүн би байна. Элдэв сэтгэцийн эр эм өвчтөнгүүд нь жорлон дотроо эр эмийн элдэв явдал хийгээд байгааг мэдсээр байж зогсоодоггүй, яагаад гэвэл тэр эр юм нь тэдний гар хөл, бууны нохой. Ийм л элдэв тасгууд одоог хүртэл энэ ардчилсан Монголд байгаад л байдаг, эрүүл, өвчтэйг нь ч сайн ялгаж чадахгүй, хамт хориж, хоолноос нь бас хасна, уух усыг нь хорино (учир нь асрагч сувилагч нар дундаас нь эмийг хулгайлчихдаг, тэгээд эмнийх үйлчилгээ нь гарчихна гээд хүний өдөрт уух ёстой шингэнийг нь хүчээр хасаж, ам руу нь юу ч өгөөд байгаа нь мэдэгдэхгүй эмээр бөмбөгддөг гээд энэ эмнэлгийн яг дотоод ажил бол одоо хүртэл хуучин нийгмийн хүнийг тарчлаан, зовоож, залхаах аргаар энэ хөөрхийлөлтэй хүмүүсийн өөрийгөө авч явах чадвараа алдсаныг нь далимдуулан маш муухайгаар хүний эрхийг зөрчиж байгааг хууль хяналт, холбогдох яам газар нь мэддэг юм болов уу? Мэдрэл болон сэтгэцийн өвчтөнгүүдийг нэг дор хүчээр шоронгоос долоон дор аргаар хориж цагдан, хүнийг эрүүл болгох биш, улам тарчлаан зовоож, эрүүл байсныг нь харин улам галзуу солиотой болгож байдгийг хүмүүс ер нь мэддэг болов уу?)энэ тухай мэдмээр байвал утас, имэйл-ээ үлдээнэ үү.

Unknown said...

emeraldgalaxy.blogspot.com , emeraldwalkover96@gmail.com