Feb 23, 2014

Ялаа ердөө нэг зуны настай



Ай өдөр минь дээ, чи ингээд дууслаа гэж үү дээ … Гэтэл би чамайг яаж өнгөрөөснөө ч мэдэхгүй байна шүү дээ … 

Шөнө минь дээ, чи намайг хэрхэн угтах гэж байна даа ? Гэтэл би чамайг яаж өнгөрдөгийг ч мэддэггүй шүү дээ … 

Fun things to do … Өвчин намдаах эм … 

Би гоё хувцас өмсвөл юу болох бол ? Гоё болох болов уу ? 
Би гоё газар очиж суувал юу болох бол ? Орчиноо дагаад л баясах болов уу ? 
Би гоё машин унавал юу болох бол ? Хүмүүс тэр машиныг хараад л тэр нь надад гоё санагдах болов уу ? 
Би үсээ гоё засуулвал юу болох бол ? Маргааш өглөө нь тэр чигээрээ сэрэх болов уу ? 
Би гоё байшинд ганцаараа амьдарвал юу болох бол ? Өрөө өрөө дамжаад л гиеүрэн суух болов уу ? 

Хүмүүс намайг тэнэг гэдгийг минь батлахаар улайрах үед би өөрийгөө "Мулгуу" гэдгээ илчлэх. Тэгтэл нөгөө хүмүүс надад баярлах нь битгий хэл уурлаж ийм амархан тэнэг гэдгийг минь ойлгосондоо бухимдан учир нь олдохгүй ёмбоотой зан гаргах. 

Хамаг мөнгөө шавхаж байгаад бараг л шилдэг гэмээр компьютер авсан байтал хэдэн өдөр сараар унтраалттай наасан. Харин хуучин муу нөүтбүкээ хаа явсан газраа чирсээр … 

Зөвхөн дэлгүүрт л шунал дагуулсан шинээрээ шахам хувцаснууд ойлгомжгүй царайлан өлгүүртээ илжирсээр. Оюутан байхдаа худалдаж авсан шулуун жинсэн өмд, хөсрийн өнгөтэй саарал футболкоо өглөө өдөргүй чирсээр, өөр ямар ч хувцасгүй мэт … 

Хэд хоногийн өмнө Далай багшийн "Аз жаргалтай амьдрах урлаг" номыг уншлаа. Сэтгэлд гүн үлдсэн үг бол "Илэн далангүй байх нь өөртөө итгэлтэй байдлыг дагуулдаг" гэжээ. Надад үнэмшил төрсөн. Алдаа хийсэн ч түүнээ хүлээчихдэг, байгаа бол байгаа байхгүй бол байхгүй гээд хэлчихдэг … Эндээс л өөртөө итгэлтэй амар тайван харилцаа үүсдэг байх гэж өөрийн эрхгүй надад бодогдсон шүү. 

Лаг царайлах мангар амархан "Лаг" гэсэн бэлэн загвар байдаг болохоор түүнд хувилаад л болоо, харин тэр тусмаа л хүн бодит байдлаасаа холдож утгагүй болдог байх.

Энэ постонд илэрхийлэх гэсэн санаа байсангүй ээ, энэ постонд зорилго утга учир байсангүй ээ, гэхдээ энэ пост төөрөлдсөн бодлуудыг минь цэгцэлж намайг дэмжиж тэтгэж байдаг гэж би итгэдэг юм. 

Ч.Ганжавхлан  

No comments: