Jun 24, 2014

ТА ЖИНХЭНЭ ДУРЛАЛАА ОЛООРОЙ, ТАНЫГ ӨӨЛӨХ НҮД ҮҮРД СОХОРДОГ ЮМ ШҮҮ !



Уржигдар орой их л санаандгүй учралаар "Сайхан бие" нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж орхив оо. Анх удаа тийм олон Монгол нүцгэн эмэгтэйн зургийг хэзээ ч төсөөлж байгаагүй тайлбартайгаар нэг дор харсан минь тэр. Түүнээс хойш бүтэн хоёр өдөр "Сайхан бие" гэдэг энэ үг толгойноос минь гарсангүй. Тэгээд би өөрийгөө толинд харлаа ... 

Толийг хар даа ! Байдаг л нэг тийм залуу намайг хараад зогсож байна. Нүдээрээ инээдэг тэрийгээ дагасан үрчлээтэй, том жижиг чулуугаар байлдсан сорвитой, булчин шөрмөс гээд гайхуулаад байх зүйлгүй, дунд зэргийн нуруутай, хөгшин гэхэд хөгшин биш бацаан гэхэд бас арай биш нэг тийм л нөхөр ... Сармагчингаас арай дээр байхад болно гэдэг охидын шаардлагад бол яаж ч байсан тэнцэнэ, бариу өмд турьхан биетэй Солонгос залуусын хэмжээнд бол яаж ч гэдсээ татаад хүрэхгүй, тийм л нэг Монгол залуу.

Их л дурлаж явсан тэр үедээ би амьдралдаа анх удаа, одоохондоо ганц л удаа фитнес энэ тэрд явж булчинлаг сайхан биетэй болохыг чин сэтгэлээсээ хүссэн юм. Миний биш "Түүний" төлөө гэсэн үг. Эрэгтэй эмэгтэй хүмүүс ялгаатай байдаг байх, миний хувьд эсрэг хүйстэндээ сайхан харагдахын тулд, намайг таалсан түүний харцнаас таашаал авахын тулд л "Сайхан" байхыг хүссэн хэрэг. Харин тэр маань миний нүдэнд ямар ч шил зүүгээд харсан "Төгс төгөлдөр" байдаг байлаа. Жаахан таргалсан, бүр их махласан, эсвэл гуалиг туранхай аль ч үедээ зүгээр л гоё байдаг байсан. Би ч магадгүй тэгэж л харагддаг байсан байх. ТА ЖИНХЭНЭ ДУРЛАЛАА ОЛООРОЙ, ТАНЫГ ӨӨЛӨХ НҮД ҮҮРД СОХОРДОГ ЮМ ШҮҮ !

Царай зүс, бие махбодиороо өрсөлддөг өсвөр нас улиран одоход оюун бодол, хүсэл мөрөөдөлдөө илүү анхаарал хандуулдаг болсон. Түүгээрээ үнэлэгдэж, тэрүүгээрээ бусадтай харьцдаг болсон. Тэгэсхийгээд бие эрхтэний уралдаанаас хүслээрээ гарсан, түүнийг сонирхдог охидууд ч дагаад өөрчлөгдсөн. Их хөөрхөн, тасарцан биетэй мөртлөө яах гээд байгаа нь мэдэгдэхгүй охинтой хоолноос цааш найзлахаа больсон. Бие л нийлж байвал секс гэж эндүүрэхгүй болсон.

Дараа нь би өвдсөн. "Эрүүл л байхад" гэдэг ганцхан бодол маш хүчтэй тархинд минь суусан. Юун тэр сайхан бие манатай болсон. Тэгээд би бодсон, сайхан бие гэдэг зүйлийг эрүүл мэндээрээ сольж авахаар тэмүүлж байгаа хүмүүс ямар том золиосыг эргэж ирэх нөхцөлгүйгээр хийж байна вэ ? гэж ... Таны сэтгэлийг ойлгохгүйгээр биеийг чинь хараад голж байгаа хүмүүс ХҮН гэдэг гайхамшигт булгаас хэзээ ч өөрчлөгдөж муудахгүй цэнгэг рашааныг нь орхичихоод зөвхөн булингарт шороог нь хутган сууна шүү дээ !

Ийм сүрхий зүйл бичин суугаа би гэдэг хүн өөрөө тэгээд сайхан бие гоо үзэсгэлэнд дургүй хүн үү ?
Яалаа гэж дээ богино банзалтай охин зөрөөд өнгөрөхөд тоомсоргүй царайлан давуулж хараад утсаараа оролдон инээж суудаг ялгаагүй л би эр хүн. Гэхдээ одоо би том болсоон, том хөхтэй алиман өгзөгтэй хүүхэн ч гэсэн муу аниа байж болдгийм байна гэдгийг ухаардаг, тийм мундаг том хүү болсоон би, дурлалдаа СОХОРСОН тийм нэг охинд үнэнээсээ дурлаж өөрөө би бас СОХОР амьдрахыг хүсдэг болсон хаха ...

Ч.Ганжавхлан

6 comments:

Anonymous said...

Дахин дахин уншаал сууна. Огт уйдахгүй юм. Гэснээс энэ пооз үнэн гооё ккк өөрийн гэсэн өнгө төрхийг үнэхээр илтгэж чадах юм аа чи. Ямар ч зүйл дээр.

Anonymous said...

rimariyuuuu

Anonymous said...

Mundag zalu shu chamaig harahar ooloh ym nudend yu ch haragdahgui ym yu gsn ugu? Kk

Anonymous said...

энийг уншчаал аягүй олы гэж бодоол гараал алхжийсан чинь тэр дурлал мурлал нь ... зааз цааш нь юу болсныг дараа хэлий

Tyler said...

Энэ чинь харин уншаад баймаар аятайхан блог байна даа. Keep it up!

Unknown said...

Таалагдлаа