Jun 3, 2014

Байдаг л нэг залуу



Би өөрөөсөө асуумаар санагдлаа. Чи амжилттай явна уу ? гэж … Энэ асуултанд хариулахаас өмнө “Амжилт” гэдэг зүйлийг би чухам юу гэж ойлгож яваагаа мэдэхийг хүссэн юм.

Миний хамгийн сайн мэддэг зүйл гэвэл “Би бол байдаг л нэг залуу” юм. Охидуудын хүсэж мөрөөддөг метр наяын нуруу надад алга, нөгөө гоё нүд хөмсөг нь ч алга, булчин шөрмөс нь зангирсан айхтар бие бялдар надад алга. Надад юу байна гэвэл “Байдаг л” нэг тийм гадаад төрх, хэнтэй ч давхцахгүй хувь тавилан, хэнээс ч дутахгүй хүсэл зорилго байна.

Амжилт гэдэг зүйлийг би “Өөрөөсөө” эхлэх ёстой гэж ойлгож байна. Бусдын хардаг, дүгнэдэг амжилт бол тэдний зохиосон бидний талаархи төсөөлөл төдий юм. Би нэг удаа шагнал авч байхдаа хүнд өвдсөн байсан. Тэр үед хамаг хүчээ “Инээх, баярлах”-д зарцуулан тайзнаас буусан дариудаа хурдхан эмнэлэг рүүгээ буцсан юм. Надад үнэхээр хэцүү бас муухай байсан, тэнд суусан хүн бүрт би атаархаж, өөрийнхөө байгаа байдалд гуниглаж байсан. Мэдээж намайг харж байсан хүмүүсийн нүдэнд би “Амжилттай бас одтой” харагдсан биз. Амжилт гэдэг бол хүмүүс чамайг яаж харж байгаагаар биш чи өөрөө өөртөө хэр амжилттай явна вэ гэдгээр хэмжигдэх ёстой юм. Миний номыг хүн уншсан ч уншаагүй ч би зохиосон номондоо хайртай учраас тэр тал дээр амжилттай яваа гэж боддог гэтэл олон хүний сайхан сэтгэлд хариу үзүүлж чадаагүйдээ би өөрийгөө амжилт муутай, хариуцлагагүй гэж дүгнэж байна. Найз нөхөд ойр хүрээний хүмүүс бүгдээрээ мөнгө олж үл хөдлөх хөрөнгөтэй болохоор тэмүүлэн амьдралынхаа суурийг тавьж эхлэсэн байхад би тэр тал дээр гавьтай хийсэн зүйл юу ч байхгүй ихэнхи цагаа утга учиртай гэж бодсон зүйлдээ зарцуулан амьдарч байгаа бөгөөд үүнийгээ би амжиллтай гэж харж байна. Гэтэл хэрвээ би эхнэртэй байсан бол тэр намайг “Амжилтгүй” гэж дүгнэх байсан биз.

Амжилтанд хамгийн их садаа болдог зүйл бол өөрөөсөө мундаг болж харагдахыг хичээх. Ер нь бол хүн өөрөөсөө мундаг “Байх” боломжгүй ГЭХДЭЭ ! тэгэж “Харагдах” боломжтой. Тэгэхээр яана гэсэн үг вэ ?  Жүжиг тоглоно оо гэсэн үг. Би тоглож үзсэн, үнэхээр хэцүү … бүр төөрвөл “Дүрдээ орно” гэдэг зүйл утгаараа болно. Жинхэнэ дүр төрх чинь илрээд ирэх үед өөрөөсөө ичнэ, өөрийгөө голно, хүмүүст үзэн ядагдана. За хүмүүс үзэн ядах ч яахав угаасаа л бүх хүн жүжиглэдэг юм чинь, харин өөрийгөө голж орхивол маш дахиад өгсөх итгэлгүй болж орхидог.

Би үнэхээр байдаг л нэг залуу, би тэнэглэсэн ч гунигласан ч, хайрласан ч хаягдсан ч зөвхөн өөрийнхөө “Үнэн” тусгал байхыг хүснэ. Надад хамгийн эрхэм алдрыг хайрласан ч цуйвангаа ярьж кофегоо оочин суух болно.


Ч.Ганжавхлан 

2 comments:

Anonymous said...

Би онлайнаар урт юм удаан хараад уншиж чаддаггүйн нүд эрээлжлээд байдын гэхдээ таний нийтлэлийг хичээж байгаад уншлаа. Таньд халуун дулаан гэмээр үг хэлнээ надад хэлж байсан шиг
ПААР гэхдээ (зун цагийн).

Anonymous said...

Hunii nudend amjilttai haragdah gj hicheej amidardag humuusiig haraad haaya uruvddug shdee.bi ch tsagtaa tegj l bsan.harin odoo ur huuhedtei bolood ger buliin amidral zohiogood amidarsnaas hoish uzel bodol hev mayag maani iluu uuriinhuuruu bolsoon.gol ni uurtuu utga uchirtaigaar odoo tsagt amidarch bgaa bolood ter yum boluu.